“ЭХЛЭЭД ХҮН БОЛ. ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧ БОЛ” Д.ЦЭМБЭЛ
Багш нарын баярыг аравдугаар сарын эхээр тэмдэглэх болоод хэдэн жил болж байна. Гэхдээ энэ жил багш нарын баяраар хэн нэгэнд мэнд дэвшүүлэхээс илүүтэй сэтгэл эзгүйрүүлсэн гунигт мэдээг л хоорондоо дамжуулсан даа, манай хүмүүнлэгийнхэн. Ялангуяа энэ сургуульд сурч, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, хүн байхын ухааныг олсон залуус гашуудаж сууна. Мөр мөрөө хөөгөөд мөн ч завгүй яваа хэрнээ багшийнхаа тухай дуулаад бүгд л ам уралдан дурсаж, сэтгэл зориулан ажил явдалд нь нэгдсэн. Их, багадаа биш сэтгэлдээ үнэ цэнэ нь оршдог юм болохоор буяны ажил дандаа л сайхан болоод өнгөрдөг.
Гашуудлын өнгө аястай, гунигтай дурсамж бичиж, зул барихыг энэ удаа шавь нь хүссэнгүй ээ. Өөртөө дотно байдаг сайхан дурсамжаараа багшийнхаа холын замын гэрэлтүүлье үү л гэсэн юм.
10 жилийн өмнө Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүйн 1-20 ангид элсэн ороод, их сургуулийн мундаг профессороор хичээл заалгасан нь Д.Цэмбэл багш минь байлаа. Хэн болохыг нь хараахан танихгүй ч урт гонжоомтой, улаан туяа туссан хамартай, том дөрвөлжин нүдний шилтэй, биерхүү тэр багш сүрдмээр харагдсаныг яана. Баруун аймгийн аялгаар “Сэтгүүлч болохын тулд эхлээд күн байх хэрэгтэй” гэж эхэлсэн түүний ярианы зарим хэсгийг гүйцэд ойлгоогүй ч тэр л нэг өгүүлбэр амьдралын эш болж яваа. Олон олон сэтгүүлчдийн ёс зүйтэй, мэргэжилдээ хайртай байх тэр ухааныг багш маань түгээсэн байх юм. Би ч жирийн л нэг оюутан, жирийн л нэг сэтгүүлч. Багшдаа бол жил бүр төгсөөд явдаг олон төгсөгчдийнх нь нэг. Бараг л миний нэрийг санахгүй байх. Харин “Өнөөдөр” сонинд хэдэн төгсөгчөө ажилладгийг бол мэдэж л байгаа. Угаасаа өдөр тутмын сонины сэтгүүлчдийг үнэлдэг, басхүү шавь нараа тийш зүглүүлэх, зүтгүүлэх дуртай байсан сан.
Өнгөрсөн зун хөдөө амарч байхдаа “Гурван хөх чулуу” романыг уншаад ямар их догдолсон гээч. Багшийнхаа 30 жилийн тэртээ бичиж, алдаршсан романыг санамсаргүй олж уншаад, ахиад оюутны ширээндээ сууж хичээл заалгасан мэт болсон учраас тэгж их баярласан хэрэг. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хүн гээч амьтан завгүй гэдэг үгээр халхавчлан үр хүүхдээ бэлэнчлүүлж, өөрөө түүнийхээ зан аашийг эвдэлсээр эцэст нь буруу замруу хөтөлж байгааг харуулсан энэ романы Иргэл өвгөн нь багш өөрөө юм шиг санагдсан. Бусдын нүдээр ажилсаг, яхирдуу өвгөн ч өөрийнхөө үнэ цэнэ, ёс журмаас гажаагүй түүний чин шударга амьдрал…
Хүн хорвоог туулахдаа ямар нэгэн даалгавар өвөрлөн яваа байж магадгүй. Тэр нь ямар ч саад бэрхшээл, зовлон, зүдгүүр, баяр жаргал, бахархал, аархалыг нэгэн өнгөтэй давж, эргээд харахад би хүнээрээ л байсан юм байна, мөн чанараа гээгээгүй юм байна гэсэн итгэл үлдсэн бол гүйцээ. Лавтай тийм хүмүүсийн нэг нь Д.Цэмбэл багш маань байлаа. Хэн нэгнийг гомдоож дургүйг нь хүргэсэн байлаа ч энэ хүний бүтээсэн нь олон хүнд нөлөөлж, хэлсэн үг нь олон залуусыг сэхээрүүлсэн шүү дээ.
Баруун монголоос гаралтай алдарт зохиолч, сэтгүүлч, багш, доктор, профессор Д.Цэмбэл гэдэг энэ хүний нэрийн өмнө дагалдах олон олон тодорхойлолтоос онцгой нэг нь БАГШ хэмээх алдар. Бие хэмээх дээлээ тайлчихаад дараагийн төрөлдөө ёс зүйн манаач хийхээр багш маань явчихлаа. Энэ хорвоод биднийг үлдээгээд, бас сэтгэлээс нь тодрох ёстой өчүүхэн гэрлийг бадамлуулчихаад явчихсан болохоор санаа зовох зүйл юу ч үгүй мэт.
ХИС-ийн 2007 оны төгсөгч, сэтгүүлч Ж.СОЛОНГО