Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Багш нарын цалинг сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бий

СБД-ийн VIII хорооны иргэн Т.Доржпалам

Үнэхээр ийм боломж манай улсад бий. Багш нарын цалин сүүлийн 10 гаруй жил дорвитойхон нэмэгдээгүй. Жил бүр л Монголын үйлдвэрчний эвлэл, багш, ажилчид цалингаа нэмүүлэхийг төр засгаасаа шаарддаг. Энэхүү шаардлагын хариуд багш, ажилчдын цалинг 10, 20 хувиар нэмсэн болоод өнгөрдөг. Багш ажилчид ч гэлтгүй Монгол Улсын нийт төрийн албан хаагчийн болоод ажилчдын цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өсчихсөн. Нийгмийн шаардлага, хүний хэрэгцээ хэд дахин нэмэгдсэн. Ийм үед бид 10-аад жилийн өмнөх цалингаараа амьдраад байж болохгүй юм. Багш нар сард дунджаар 500 мянган төгрөг бэлэн гар дээрээ авч буй. Үүнээс өрхийнхөө сарын хүнсний хэрэглээг болгоно, үр хүүхдүүддээ автобус, хоолны мөнгө өгнө, зээлээ төлнө, мөн бусад зардал гээд бодохоор таван зуун мянга тал тал тийшээ ууршаад алга болчихож байгаа юм.

Энэ бол монголчуудын эгэл жирийн амьдралын бодит жишээ. Үүнээс хэцүү амьдралтай багш нар их ээ. Ийм байтал яаж монголын ядуурлын тоо буурах вэ. Хэсэг гэр бүл л нийт монголчуудын өмнөөс гэдсээ хагартал идэж, баяжиж байна. Олон жил багш нарын цалинг нэмэгдүүлээгүй болохоор л багш нар шаардаж байгаа хэрэг. Улстөрчид ч тэр, багш нар ч ялгаагүй бүгд л төрийн албан хаагчид. Төрийн албан хаагчид ард түмний татварын мөнгөөр л цалинждаг. Гэтэл тэр татварын мөнгө зарим эрх мэдэлтэй төрийн албан хаагчдын халаасанд “бонустай” ороод байх шиг. Эцэст нь хэлэхэд манай улс багш нарынхаа цалинг нэмэх боломж бүрэн бий. Эдийн засгаа өргөөд, хөгжлийн төлөө, хийж бүтээхийн төлөө зүтгэх боломж бүрэн бий. Хамгийн гол нь үүнийг удирдаад, чиглүүлээд, улс, эх орныхоо төлөө томоохон бодлого боловсруулж, шийдвэр гаргадаг хүн хэрэгтэй. Хэн нэгнийгээ түлхэх бус дэмжиж, тусалж, алдаа оноог нь хэлж, эвийн цавуу мэт зүтгэх шинэ удирдлагууд хэрэгтэй байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *