Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар 10 дугаар сарын эхний долоо хоногт үхэр, хонины мах, төмс, хүнсний ногооны үнэ буурсан үзүүлэлттэй байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.8 хувиар буюу 235 төгрөг, хонины цул махны үнэ 2.2 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын хувьд, 10 дугаар сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад, монгол төмс 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр, лууван 20.9 хувиар буюу 435 төгрөгөөр, байцаа 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр буурчээ.