Categories
мэдээ нийгэм

Монгол цайны утга учир, ёс заншил

Холбоотой Зураг1. Цай чанах ёсон

Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ. Эртний монгол ахуйд гал түлж хоол цай хийх болон гэр дулаацуулахад тулгын гурван чулуунаас эхлээд дөрвөн хөлтэй төмөр тулга хэрэглэж байсан бол 20-р зууны эхнээс төмөр зуух, ган болон ширмэн пийшин, тоосгон ба шавардсан пийшин, цахилгаан ба хийн зуух гэх мэт олон төрлийн халаах хэрэгслийг хэрэглэж иржээ. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ.

Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг нь урд зүгийг муу зүг гэж үздэг монгол бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй. Тогоог хойд зүг рүү үл ялих хэлтгий тавина. Ямар цай чанахаас шалтгаалан дараалал нь харилцан адилгүй байх агаад хэрэв элдэв орц, хольцгүй ердийн сүүтэй цай чанах бол эхлээд усаа хийж буцалгана. Буцалж байгаа усандаа цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны ургамлыг шууд хийх, нөгөөх нь самбай даавуугаар хийсан жижиг уутанд цайны ургамлаа хийж амыг нь уяж бэлдээд буцалж байгаа усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж хөгшид ярьдаг билээ. Цайгаа амталж үзэх бол шанагаар утгаж аваад хагасыг нь тогоондоо буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёстой нь дээжийг нь аваагүй гэсэн санаа юм. Цайгаа чанаж гүйцмэгц данханд уудлана, хэрэв сул задгай цайны ургамлаар чанасан бол нарийн шүүр тавьж уудлах бөгөөд данхнаас шууд аягалж болно, эсвэл халуун савандаа хийсний дараа аягалж эхэлнэ.

2. Цай аягалах ёсон

Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Ийнхүү дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэх ёс нь мөн монголын эртний бөөгийн уламжлалаас улбаатай ажээ. Ер нь эрт цагаас монголчууд толгой нүцгэн гадуур явахыг цээрлэдэг, хүний амин цэг зулайд байдаг бөгөөд зулайгаар дамжин гадны муу сүнс орж ирнэ гэж үздэг байсан, толгой нүцгэн гадуур явдаггүй энэ уламжлал бусад олон орны ёс заншилтай дүйж байдаг.

Цайны дээж өргөхдөө тэнгэр бурхан, хангай дэлхий, уул усандаа хандан өргөлөө барьж байгаагаа хэлж, амар амгалан тэгш сайхан байлгаж, харж хамгаалж хайрла хэмээн гуйдаг. Эхэлж дээд тэнгэртээ хандан баруун хойд зүгт өргөөд, дараа нь нутгийн уул хангайдаа өргөхдөө тэр зүгт нь өргөдөг. Цай болон сүү өргөх цацлын халбага хэмээх бариулд нь хадаг уясан модон халбага хэрэглэж иржээ.

Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочиддоо насны эрэмбээр аягалж барина. Үүний дараа гэрийн бусад гишүүдэд цайг аягална.

3. Цайгаар дайлах ёсон

Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ.

Орчин цагийн олон хэлтэн бөөгнөсөн улс орныг бодвол цай уудаггүй монгол хүн гэж огт байхгүй тул та цай уух уу, өөр юм уух уу гэж асуух шалтгаан үгүй ажээ. Мөн цайгүй суугаа болон цайгаар дайлаагүй айлыг үл таашаан “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьцгаадаг билээ. Барууны орнуудад бол уригдаж болон гэнэтийн тохиолдлоор орж ирсэн хүнээс ямар нэг юм уух уу гэж асуудаг нь тухайн хүний хүсэлд нийцүүлэхийг зорьж буй боловсон ёс гэх хэдий ч зочломтгой, нээлттэй зан заншлаас холдож хөндийрсөн нь мэдрэгдэнэ. Кофе болон жимсний шүүс мэт нь баруун чигийн улс орнуудын ундаа бөгөөд монгол ёс заншилд огт хамаарахгүйн дээр хэсэг зуур сонирхох төдий уудаг цөөнхийн ундаа болно. 70, 80-аад онд оросууд Монголд ихээр суурьшиж байх үед тэдний заншлыг дууриан самоварт ус буцалгаад дүрдэг байхуу хийж уудаг “мода” нэг хэсэгхэн сэхээтнүүдийн дунд гарч ирээд төд удалгүй оросуудтай хамт “гарч явсны” адил монгол цайнаас бусад ундаа монгол хүний нийтлэг унд болж үлдэхгүй бизээ.

Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Энэ нь эмнэлэг цайгаар хангадаггүй юм уу, өвчтөн цангаж байдгийн учир бус сайхан сэтгэл өвөрлөж очиж байгаагаа цайгаараа илэрхийлж буй сэтгэл зүйн болон ёс заншлын бэлэгдэл болж байдаг.

Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ. Энэ зан уламжлал хот суурингийн суурьшмал амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж буй хөршийндөө цай идээ барьж орж сайхан сэтгэлээр угтан авах үзэгдэл цөөн ч атугай байсаар байгааг талархан дэмжиж хадгалан үлдээмээр.

4. Цайг хүндэтгэх ёсон

Цайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ.

Цайгаар болон сүүгээр алсад мордож буй хүний алсын замыг мялаан араас нь өргөдөг ёстой. Цагаан цайлган, сайн үйлийн бэлэгдэл болдог сүү болон сүүтэй цайг ихэд хүндлэн дээдэлж уул хангайн эзэд, тэнгэр бурхнаа тахих, цайлах, өргөл өргөх, мөргөж залбирах ёслолуудад байнга хэрэглэдэг уламжлалтай.

Монгол ардын давтагдашгүй нэгэн өвөрмөц ёс заншил нь сүүг идээний дээж хэмээн эрхэмлэн дээдэлдэг ёс билээ. Цагаан сүү сайн сайхан бүхний бэлэгдэл болж байдгийн учир газар асгахгүй, алдаж эндээд асгавал гэмшиж ядам хуруугаараа асгасан сүүндээ хүрээд духандаа хүргэж наманчилдаг. Сүү болон сүүтэй цайг хаяж асгахыг цээрлэдэг. Сүү гашилж муудвал буцалгаж ариутгаад ээдмийг нь шүүж авч хэрэглэдэг. Монгол зан үйлийн бичигдээгүй хуулийн нэгээхэн нь сүүн дээр ус хийдэггүй ёсон билээ. Цагаан сүүн дээр хар ус хийхийг ихэд цээрлэдэг нь монгол бөөгийн цагаан үйлийг сүүгээр, хар үйлийг усаар гаргадаг ёсноос үүджээ. Тиймийн тулд хэрэв сүүг шингэлэх хэрэгтэй болоход усан дээрээ сүүгээ хийж шингэлэх нь ёсонд нийцнэ гэсэн үг ээ.

5. Цайны Ёслол

Монгол зан заншлын нэгэн онцлог нь Цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:

– Цайны дээж өргөх ёслол

– Бэр буулгах ёслол

– Хүүхдийн угаалга

– Бөө мөргөл дэхь цайны ёслол

6. Монгол цайны хэрэглээний онцлог

Монголчуудын цайлах ёс нь ази, европын бусад улсаас ялгаатай нь цайг халуун усанд хандалж уух бус цайны ургамлаа буцалж байгаа усандаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг ёс журмын дагуу нэмж чанадаг. Бусад орны хүмүүс зөвхөн цай уух үедээ хандалж уухаар бага хэмжээгээр бэлддэг бол монголчууд 2 литр болон түүнээс илүүтэй бэлдэж халуунаар нь хадгалах уламжлалтай нь тэд цайг ойр ойрхон, олон удаа уудагтай нь холбоотой юм.

Эрт дээр үед модон домбонд хийж хучих буюу зэс домботой цайг бол халуун нурманд булж хадгалдаг байсан байна. Харин 1950-иад оноос эхлэн ваакумжуулсан шилэн доторлогоотой халуунаа барьдаг саванд хийж цайгаа хөргөлгүй хадгалах болсон байна. Монгол айл бүрт 2-3 литрийн “халуун сав”-тай цай байхыг төвөггүй олж харж болно.

Монгол хүүхдүүд бор хоолонд орохоосоо ч өмнө цай ууж өсдөг. Хүүхдэд голдуу хярам хийж өгдөг нь цайны ургамлын найрлага дахь зарим бодис нялх хүүхдэд таарамжгүй гэж үздэгтэй холбоотой. Хярам нь усан дээр сүү нэмж буцалгасан ундаа бөгөөд зуны халуун улиралд бол хүйтэн хярам болон шингэн хар цайг хөргөн том данханд хийж бэлдэж тавих бөгөөд хөгшид хүүхэдгүй ууж амны цангаагаа тайлдаг.

7. Монгол цайны төрөл

Монголчууд муухан хоолыг орлох шимтэй, шингэцтэй олон төрлийн цайг бэлдэж хийдэг болсон нь нүүдэлчин аж ахуйн онцлогтой холбоотой юм. Өглөөнөөс орой хүртэл малаа бэлчээрлүүлэн тууж, харж манаж явдаг нүүдэлч малчдын хувьд өглөөний цай нь хоол болохуйц өег тэжээлтэй байх нь чухал байсан байна.

Ялангуяа өвлийн хүйтэн улиралд тамир тэнхээ оруулахуйц калори ихтэй цай, хоол нь даарах, өлдөхөөс сэргийлж энерги эрч хүч өгдөг гол хүчин зүйл ажээ.

Монголын олон ястан угсаатны ёс заншилд олон төрлийн цай хийх арга байдаг. Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдахын дээр орц найрлага ба хийх аргаар нь хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно.

Үүнд:

1. Ердийн цай

2. Тостой цай

3. Хийцтэй цай

4. Махны орцтой цай

5. Эмийн өвс, ургамлын цай

6. Эмчилгээний цай

7. Тусгай аргаар чанах цай

Цайны жорууд:

1. Бор цай – Буцалж буй усанд цайны ургамал хийж чанасан цай, давстай болон давсгүй байж болно. Зарим хүмүүс хар цай гэж нэрлэдэг ч бэлэгдлийн үүднээс хар гэдэг үгийг цээрлэн бор гэж нэрлэх нь монгол бөөгийн зан үйлтэй холбоотой ажээ. Мөн бүгээн цай гэж нэрлэх сүү багатай цай байдаг.

2. Сүүтэй цай – усаа буцалгаад цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ хийж таглан буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг.

3. Шар тостой цай – Шар тосоо тогоондоо хийж хайлуулаад дээр нь цайны идээгээ хийж хуурна. Дээр нь усаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.

4. Хийцтэй цай – Эхлээд бор цайгаа хийж бэлдэж тавина. Шар тосоо тогоондоо хайлуулаад дээр нь гурил цацаж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.

5. Шар будаатай цай – Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж шар будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.

6. Цагаан будаатай цай – Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж цагаан будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.

7. Дээрх 2 төрлийн будаатай цайг өтгөрүүлье гэвэл хийцтэй цайны адил гурил эхэлж хуурч болно. Тэгвэл будаагаа хууралгүй цайндаа чанаж болгоно.

8. Банштай цай – Эхлээд баншаа чимхэж бэлдэнэ. Бор цайгаа чанаж тавина. Дараа нь тогоонд шар тосоо халааж бага зэрэг гурил үрж хуурна. Дээр нь бор цайгаа хийж таглаад буцалгана. Давс үрж амтлаад сүүгээ хийж буцалгаж самарсны дараа баншаа нэмж чанана. Ядарч тамирдсан үед эм болдог цай юм. Ингэж хөөрөгдсөн цайг уухын өмнө аяганыхаа ууранд битүү утвал илүү ядаргаа тайлах үр дүнтэй гэж үздэг.

9. Сүүлтэй цай – Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд хүний тоогоор бэлдэж нимгэн хэрчсэн хонины уураг сүүл хийж хуурна. Сүүлний тос нь ялгарч борлоод ирэх үед гурил үрж хуураад цайгаа дээр нь хийж таглаж буцалгана. Давс нэмж амтлаад сүүгээ хийж буцалгаад самарч аагшуулна.

10. Борцтой шар будаатай цай – Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд цөцгийн тос хийж халаагаад гурил үрж хуурна. Хатаасан монгол борц нүдэж нунтаглаад 2 халбага хэртэйг хийж хуураад дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаж буцалгана. Үүн дээр шар, цагаан будааны аль нэгийг хийж чанаж болно. Будаа болмогц сүүгээ нэмж буцалгаад самарч бэлэн болгоно.

11. Борцтой цагаан будаатай цай– дээрхийн адил

12. Долоон банштай цай – Энэ нь дээрх банштай цайны адил бөгөөд ардын эмчилгээний чанартай, багаахан цайнд долоон банш хийж чанаад ууранд нь утаж ууж хөлсөө гаргаж ядаргаагаа тайлдаг цай гэдэг.

13. Цайтай сүү – Энэ нь мөн эмчилгээний чанартай бөгөөд тогоонд сүү хийж буцалгаад дээр нь ногоон цайны хуурай ургамлаа хийж чанана. Цайтай сүүгээ халуунаар нь утаж уух нь ядаргаа тайлж илааршуулдаг гэсэн ээжийн маань жор билээ. Халуун ууранд нь утахын тулд толгой дээгүүрээ том алчуур нөмрөөд цайгаа уух арга юм.

14. Хужиртай цай – Хужир нь байгалийн гаралтай эрдэс, кали болон натрийн давс учраас хааяа цайнд хийж уухад сайн гэдэг.

15. Чөмөгний ястай цай – Хонины чөмөгний ясыг цайнд чанаж уухыг мөн эмчилгээний чанартай гэж үздэг. Аль ч төрлийн цайнд ташиж хагалсан чөмөгний ясыг хийж чанаж болно. Эмээгийн маань данханд заавал нэг яс байгаа харагддагсан.

16. Тойгны ястай цай – Цайгаа чанахдаа тойгны яс хийж чанах энэ цай нь ядаргаа тайлах цай гэж үздэг.

17. Цагаан тос самарсан цай – Сүүтэй цайгаа чанаад хуршиж амт ороогүй, шинэ цагаан тос хийж сайтар самран аагшуулна.

18. Хөөрцөглөсөн цай – Энэ нь халуун тосонд хуурсан гурил дээр шингэн цай хийхэд их уур гарч хөөрөх бөгөөд түүнийг гадагш алдалгүй таглаж буцалгахыг хөөрцөглөх гэж нэрийддэг.

19. Харин үүнээс арай өөрөөр тайлбарласан нь Ц.Энхбаярын “Ээжийн чанасан цай” нийтлэлд “Монголчууд хөөрцөгөнд хийж бүлсэн цайг хөөрцөглөсөн цай гэж нэрлэдэг байна. Хийцтэй цайгаа чанаад хөөрцөгөнд хийж сайтар бүлдгээрээ онцлогтой.” гэсэн байна.

20. Хээрийн цай – Хээрийн цай амттай гэж монголчууд хэлдэг. Хээр гурван чулуу тулаад ил гал дээр ямарч цай чанахад галын үнэр, хээрийн агаар нэвчээд аагтай амттай болдог.

21. Хорхоглож чанасан цай – Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас чанана.

22. Халгайтай цай – Цайнд нялх халгай, гоньд, цагаан гаа болон бусад төрлийн эмийн ургамлыг хийж чанаж эмчилгээнд хэрэглэдэг. Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч, сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.[2]

23. Цагаан тостой бор цай – Бор цай чанаж аягандаа цагаан тос хийж хийж уудаг заншил.

24. Арвайн гурилтай цай – Арвайн гурилыг цөцгийн тосонд хуураад дээрээс нь бор цайгаа хийж буцалгаад, давс нэмж, сүлээд сайн самарч буцалгана.

25. Цулхиртай цай – Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн болгоод хутгаж аягална. / өтгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ.

26. Битүү цай 1 – Таглаа сайтай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.[3]

27. Загасгалтай цай – Говийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана.Цай буцлаад шар ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Гурван литр цайнд 60гр загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.[4]

28. Говь гурван сайхан цай – Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.[5]

29. Хонины годонтой цай – Хийцтэй цайнд хонины сүүлний годон хүний тоогоор хийж чанана.

30. Mөөгтэй цай – Мөөгийг эмчилгээний зориулалтаар цайнд хийж чанадаг.

31. Битүү цай 2 – Том тогоонд усаа буцалгасны дараа тусд нь вааран саванд ус, цай, сүү, давс, шар тос хийж элдсэн гурилаар бүтээгээд тогоондоо хийж таглан битүү жигнэж болгоно.

32. Цагаан гаатай цай – Цагаан гааг нунтаглан цайгаа бэлэн болохын өмнөхөн тал цайны халбага хэртэй хийж амтална. Энэ нь мөн тамир тэнхээ оруулахад тустай гэж үздэг.

33. Гоньдтой цай – Хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай.

34. Өөөлд цай – эхэлж бор цайгаа бэлдэж тавиад тогоондоо сүүгээ хийж дээр нь хуурай цайгаа нэмж хийж буцалгаад давсаар амталсны дараа бор цайгаа хольж самардаг байна.

35. Цоргисон цай – Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.[6]

36. Таван тансагтай цай – Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү. шар тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай ижил чанана. Харин хужирыг 5л цайнд нэг хоолны халбагаар тооцож хийнэ.[7]

37. Толгойн ястай цай– Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.

39. Хөхүүрийн тостой цай – Цайндаа хөхүүрийн амсар дахь тосноос хийж самрана.

40. Хярам – цайны ургамал хийхгүйгээр усаа буцалгаад дээрээс нь сүү хийж чанах

Давстай, давсгүй цай – Ердийн цайг давстай болон давсгүй чанах нь Монгол нутгийн баруун, зүүн болон урд аймгуудын уламжилж тогтсон ёс бөгөөд энэ нь тухайн орон нутгийн байгаль экологийн онцлогтой уялдсан байдаг. Жишээ нь говь болон говь цөлөрхөг, тал нутгийн ард түмэн цайг давсгүй уудаг заншилтай байхад баруун ба баруун хойд зүгийн уулархаг мужуудад давстай цай ууж хэвшсэн байдаг. Харин бүх төрлийн хийцтэй цайнуудыг давсаар амталдаг нь аль зүгийн аймаг сумаас хамаарахгүй нийтлэг байна.

Монголчууд цайн дээрээ шинэ өрөм, зөөхий, бяслаг, ээзгий, ааруул, цагаан тос болон аяганы хийц гэж нэрлэдэг монгол боорцог, гамбир, чангаанз хэмээх хуурсан шар будаа зэргийг хийж уудаг. Исгэлэн амттай цагаан тос, ааруул бол сүүтэй цайг ээдүүлдэг тул бор цайнд хийж уух нь илүү зохимжтой. Энэ бүхнээс гадна монголын бусад үндэстэн ястанд өөр олон янзын цайны нэр төрөл байдаг.

Монголчууд цайны ургамлыг өргөн хэрэглэдэг. Үүнд:

1. Сөдөн цай. Сөд өвс нь уулын хажуу, модтой чийглэг газар, хээр талд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Махлаг үндэснээс жилд ээлжлэн ургадаг. Навч нь уртавтар дугариг, мухар үзүүртэй, хөрөөний шүдэн хөвөөтэй. Боровтор улаан бөөрөнхий түрүү хэлбэртэй, хэлтэсгүй баг цэцэгтэй. Бөөрөнхий хэлбэрийн нарийн үслэг жимс боловсорно. Намар жимс нь боловсроод иш нь улайх үед ишийг нь түүж аваар ямх урт хэрчиж боогоод сүүдэр газар хатаана. Нэг данх цайнд цэн орчим боож чанавал хүрэн улаан өнгөтэй цай болно. Хэвийн цайтай хольж чанаад сүлбэл хүрэн шар өнгөтэй анхилам үнэртэй цай болно.[9]

2. Цайрын цай. Цайр буюу цагаан цайр нь гуу хянгын голын дагуу хад чулууны завсар буталж ургадаг ховор чухал модлог ургамал юм. Шаравтар саарал холтостой мод нь чийрэг бахим хугардаггүй тул уургын залгаас хийдэг. Шүхэр хэлбэрийн цагаан цэцэг дэлгэрнэ. Билгийн улирлын долоон сарын хорьдоор цайрын навч улбар шар болоход навч жимсийг нь түүж аваад цэвэр усанд зайлж угаагаад үдийн наранд эгшээн шөнө дарж халаагаад жимсний хамт сагсанд хийж 2-3 өдөр даршлаад алагласан навч нь бүрэн улайх үед таван жингийн дотор нэг жингийн харьцаагаар хөх цай хольж уурштал жигнэж сүүдэрт даршлан хатаагаад сүүтэй цай болгон чанаж ууна.

3. Улааганын цай. Уулын хажуу хээр талд бөөнөөр бутлан ургадаг таван дэлбээ бүхий цагаан буюу ягаан цэцэг дэлгэрдэг модлог ургамал юм. Цагаан шүүдэр унахын өмнө хойно арван өдөрт навчийг нь шувтарч аваад сиймхий адар дээр дэлгэн наранд ээж халаагаад усанд зайлж шүүж гаргаад жигнэсний дараа хатааж чанаж ууна.

4. Өрөлийн цай. Өрөл бол гүн уулын гуу, жалга, булаг горхины хөвөөгөөр ургадаг, модлог ургамал юм. Шүхэр хэлбэрийн, таван дэлбээтэй, цагаан цэцэг дэлгэрнэ. Улаан буюу шаргал улаан жижиг жимсийг нь түүж иднэ. Өрөлийн навч жимс модыг цөмийг нь цай болгон чанаж ууна. Намрын эхэн сарын эцэст уулын хярын мод навчаа хаян улайх үед өрөлийн навч жимсийг нь түүж жавар нэвтрэх саванд дарж байгаад навчны өнгө нь улбар өнгө татах үед гаргаж тогоонд халаах буюу жигнэх аргаар боловсруулан сэрүүн газар тавьж хатаагаад бөс даавуун уутанд хийж чанаж ууна. Дөрөвний гурвын харьцаагаар хөх цайтай хольж жигнэх буюу чанавал сайхан үнэртэй цай болно.

5. Туулайн бөөрийн цай. Туулайн бөөр буюу сэндэн бол элсэрхэг бөөр болон шар шороот хөрсөнд ганц ганцаар ургадаг хонхорцог жимст модлог ургамал юм. Боровтор саарал холтостой иш нь хүрэн улаан голтой ажээ. Таван дэлбээ бүхий цагаан ягаавтар цэцэг дэлгэрнэ. Намар навчинд нь улаавтар туяа татах үед навчийг нь түүж аваад цэвэр усанд зайлж аваад жавар нэвтрэх саванд хийж хэдэн өдөр дарж байгаад үл мэдэгдэм исгэлэн үнэр гарахаар тогоон дотор халтал нь хуурч хатаагаад чанаж ууна. Монгол эмнэлэгт цэцэг, жимс, модыг нь эмийн найрлагад хэрэглэдэг бөгөөд өчүүхэн бага гашуун амтлаг болоод хуурай, эелдэг, сэрүүн чанартай, шар усыг хатааж, хавдар хариулан, бам өвчин болон үе мөчний өвчнийг эмнэнэ гэжээ.

6. Царсны цай. Царс мод бол уул хажуу ээвэр газрын зөөлөн хөрсөнд бөөн бөөнөөр, ганц нэгээр ургадаг модлог ургамал юм. Усны долгион шиг хөвөөтэй, өндөг хэлбэрийн навстай байна. Боргоцойндоо баглагдсан зууван хэлбэрийн жимстэй. Намрын эхэн сард царсны улбар татсан навчийг нь түүж аваад угаан цэвэрлэж, дарж байгаад эсгэх буюу тогоонд жигнэн боловсруулж хатаагаад тээрэмдэж жижиглэсний дараа даавуун уутанд хийж чанаж ууна.

7. Алимны цай. Зэрлэг алим нь уулын гуу жалганд ганц ганцаар ургадаг хүрэн хар хальстай, тураг модлог ургамал юм. Таван дэлбээ бүхий шүхэр хэлбэрийн цагаан цэцэгтэй. Өндгөн хэлбэрийн шаравтар цагаан жимс нь боловсрохоороо хүрэн өнгөтэй болно. Навч ба жимсийг нь цай болгон ууна. Намар навч нь хагас шарлах үед түүж аваад цэвэр усаар угааж сагсанд сайтар дарж хийгээд 2-3 өдөрт нэг удаа эргүүлэн бүх навч шар буюу улаан бор болсны дараа дэлгэж, сэрүүн газар тавьж хатаагаад тээрэмдэж авна. Навчийг нь дарахад жимсний хамт хийж исгэвэл цайны өнгө амт нь нэн сайхан болно. Алимны цайнд жимсийг нь хийвэл шар халууныг дарж, ханиалгыг намдаах зэрэг эмчилгээний чанартай байна.

8. Цагаан яргуйн цай. Цагаан яргуйг бас Еэмэнгарва буюу чөдөр өвсны цагаан цэцэг гэдэг. Энэ нь чийглэг хөрс, уулын бэл, тал зоогоор ургадаг тохой өндөр бутлаг ургамал юм. Хар ногоон өргөн навчтай, Нимгэн бөгөөд хумгар амсартай хонх мэт цагаан цэцэг дэлгэрнэ. Ихэвчлэн бусад модтой орооцолдон ургана. Мод өвс боловсрох намрын цагт түүний иш навчийг нь түүж аваад боож хатаан, халааж, чанаж уухад үнэр амтаар сайхан цай болдог байна.

9. Нохойн хошуун цай. Нохойн хошуу бол уулын хажуу, чийг сөөгтэй газарт ихээр ургадаг бутлаг ургамал юм. Хондон улаан цэцэг дэлгэрч чавга мэт өндгөн хэлбэрийн гялгар улаан жимс дэлгэрэх бөгөөд тутрага шиг жижиг үртэй байдаг. Намар өвс мод боловсорсны дараа навч жимсийг нь түүж аваад сайтар хатаасны дараа ширмэн тогоонд халааж бүрж уувал үнэр амт нэн таатай байдаг.

10. Бударганын цай. Бударгана бол элс манх, дагжуур зоо газар бутлан ургадаг олон наст модлог ургамал юм. Нэг метр шахам өндөр ургана. Хавар зундаа навчлан намар болоход иш нь борлож бүдүүрэхэд олонхи нь нар буруу мушгиран эргэдэг бөгөөд навч нь зулгаран унана. Түүний мушгимал үндэс нь гарын бугуйн чинээ бүдүүн, сэндэн модны гол шиг хүрэн улаан өнгөтэй болно. Бударганын цайг жилийн дөрвөн улиралд чанаж ууна. Зуны улиралд ургаж байгаа ногоон навч ишийг нь боож байгаад чанавал ногоовтор өнгөтэй идээшиж, нялуун амттай болдог. Бусад улиралд үндэс хэрэглэдэг байжээ.

11. Боролзгонын цай. Боролзгоно уулын хормой, элсэрхэг хормой бэл, тал газруудад 2-5 тохой өндөр ургах бутлаг ургамал юм. Улбар хүрэн шулуун иш нь олон саглагар салаатай байна. Ягаан буюу бор өнгөтэй шор хэлбэрийн баг цэцэг дэлгэрнэ. Намрын эхэн сард боролзгоноос сэнгэнэм сайхан үнэр үнэртэх бөгөөд оройнх нь жижиг навч, нийлмэл жимсийг нь ноолуур үстэй нь түүж эрт, оройн наранд ээж хатаагаад цэвэр усанд угааж шүүж аваад жигнэж хатаасны дараа цай болгон ууна. Боролзгоны иш, хальс, жимс нь цөм эмэнд орох бөгөөд ханиалгыг дарах, цэр ховхлох, хямарсан халууныг арилгах, уушигны тамирыг сайжруулан, амьсгал давхцахыг засна гэж монгол эмнэлгийн номонд тэмдэглэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *