Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд Энэтхэгийн соёл, зан заншилтай танилцав

Монгол дахь Англи сургуулийн гуравдугаар ангийн 54 сурагч өнөөдөр Энэтхэгийн ЭСЯ-нд зочлов.

Тус сургуулийн зүгээс нэг улирал Энэтхэг орны зан заншил, соёлын сэдэвтэй хичээлийг сурагчдад заасан бөгөөд тэднийг илүү мэдээлэлтэй болгохын тулд Энэтхэгийн ЭСЯ-нд хандан танилцах аялал хийхийг хүссэн нь ийнхүү биелээ олжээ. Хүүхдүүд Энэтхэгийн уламжлалыг харуулсан богино хэмжээний анимэйшн киног англи хэлээр, “Энэтхэгт нэг өдөр” киног монгол хэлээр үзэж сонирхов.

Энэтхэгийн ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел хэлэхдээ, “Монгол, Энэтхэг орон буддын шашинд үндэслэсэн олон жилийн түүхэн харилцаатай. Монголчууд Энэтхэг орныг сайн мэддэг. Гэхдээ хүүхэд залуус илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа нь талархууштай. Энэтхэгийн соёлын фестивалийг 2015 онд Монголд зохион байгуулсан. Үүнээс гадна монголын 800 орчим лам Энэтхэгт сурч байгаа. Мөн Энэтхэгийн Засгийн газраас монгол оюутнуудад жил бүр нэлээд тооны тэтгэлэг олгодог. Тухайлбал, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах 40-50, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд зориулсан богино хэмжээний сургалтын 200 гаруй оюутан тэтгэлэгт сурч байна. Ингэснээр монголчууд Энэтхэгт зорчин, түүхийн дурсгалт газрууд, соёл, зан заншилтай танилцах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна Энэтхэг киног монголын үзэгчдэд үзүүлэх талаар ярилцаж байгаа. Энэ ажил тодорхой болсны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэх болно” гэв. Тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч М.Цэлмүүн, “Энэтхэг орны тухай, эртний тосгоны тухай хичээл үзсэн. Тэр тосгонд хүмүүс нь хөл нүцгэн явдаг, сандалгүй учраас газарт сууж, шалан дээр зураг зурж, бичдэг нь их сонирхолтой санагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ үеэр мөн хүүхдүүдэд Монгол, Энэтхэгийн удирдагчдын уулзалтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *