Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ. Дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэх тус тасгийн нээлтийн арга хэмжээнд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нийт 25 ортой тус тасгийг нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу улс, нийслэлийн төсвөөр орчин үеийн стандартад нийцсэн, 628 сая төгрөгийн өртөг бүхий 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн энэ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаар болжээ. Дүүргийн хэмжээнд 240 мянган хүн амд үйлчлэх тус эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэнээр жилд дунджаар 1500 орчим хагалгаа хийх боломжтой болсон ажээ.
Цаашид улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвүүд болон өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлгийн мэргэжилтний багтай хамтран ажиллахаар төлөвлөсөн аж. Тухайлбал дүүргийн түвшинд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс засал, мэс ажилбар, дурангийн хагалгаа зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхээр зорьж буй юм байна.
Энэ талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг өмнө нь зөвхөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг лавлагаа шатлалын эмнэлэгт хийж, тэр хэрээр ачаалал нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэсэн иргэдийн дунд хүлээгдэл үүсч байсан. Харин одоо ерөнхий болон гэмтлийн мэс заслын тусламж, үйлчилгээг дүүргийн эмнэлэгт хийж эхэлснээр иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ойртуулж, чанар хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн сацуу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгаж байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.