“Жорлонгийн нүхэн дотор хайрга дэвсэж өгснөөр бохир өтгөн хайрган дээр тунаж үлдэх бөгөөд түүнийг 3- 4 жилд нэг удаа цооногоор соруулж цэвэрлэх зориулалттайгаар ариун цэврийн байгууламжаа барьсан хэмээн Сайнцагаан сумын 5- р багийн иргэн Б. Дагвадорж ярилаа. Тэднийх шиг ариун цэврийн байгууламжаа бусдад үлгэр болохуйцаар сайжруулсан айл өрхүүдийг урамшуулав. Ийм болзолт аяныг “Дэлхийн Зөн- Дундговь” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сайнцагаан сумын ЗДТГ- тай хамтран зарлаад байсан юм.
Засгийн газрын тогтоолоор баталсан агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хот суурин газрын хүн амыг 2019 он гэхэд 60, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт бий. Үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар гол анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй. Гэвч Дундговь аймгийн хувьд одоогоор ариун цэврийн байгууламжийг сайжруулах тал дээр өрнөсөн дорвитой ажил хараахан байхгүй байгаа юм. Харин дээрх аян гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө аж төрж буй орчноо сайжруулж, ариун цэврийн байгууламжаа тохижуулахад иргэдийг идэвхижүүлэх зорилготой бөгөөд аян хоёр дахь жилдээ ийнхүү өрнөсөн юм.
Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох гурван сарын аянд идэвхитэй оролцсон Сайнцагаан сумын 20 гаруй айл өрхөөс 9 өрхийг шалгаруулсан байна. Ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу сайжруулсан Сайнцагаан сумын 6- р багийн иргэн Д. Эрдэнэхуяг, Ш. Эрдэнэбат, 5- р багийн иргэн Б. Дагвадорж, 9-р багийн иргэн А. Ганбат нарыг угаалгын машин, 9-р багийн иргэн А. Алтанхүү, 8- р багийн иргэн н.Лувсанбат, 6- р багийн иргэн н. Пүрэвсүрэн нарыг тоос сорогч, 9- р багийн иргэн С. Цэцэгмаа, 5-р багийн иргэн Б. Гийраа нарыг будаа агшаагчаар тус тус урамшуулж, эрүүл ахуйн орчноо бүрдүүлэхэд идэвхи гаргасанд нь аяныг зохион байгуулагчид талархал илэрхийлэв.
Иргэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа нүхэн жорлон, угаадасны нүхний эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу ариун цэврийн байгууламжийг хашаандаа барьж байгуулахад анхаарсан бөгөөд ариун цэврийн байгууламж нь агааржуулагчтай, доторлогоо, гэрэлтүүлэгтэй байх, бохир усны цооног тусдаа, ариутгал хийсэн байх ёстой гэх зэргээр наад захын шаардлагыг бүрэн хангасан байна.