Электрон микроскопыг боловсронгуй болгосон АНУ, Их Британи болон Швейцарийн гурван эрдэмтэн Нобелийн химийн шагналын эзэд боллоо.
Нобелийн шагналын есөн сая крон буюу 1.1 сая ам.доллар Швейцарийн Лозаннийн их сургуулийн эрдэмтэн Жак Дюбоше, АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэн Иоахим Франк болон Их Британийн Кэмбрижийн их сургуулийн молекул, биологийн лабораторийн судлаач Ричард Хендерсон нарт очиж байна. Шведийн хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академи лхагва гаригт Нобелийн химийн шагналын эздийг зарлан мэдэгдэл хийхдээ “Эдгээр эрдэмтдийн бүтээсэн крайо-электрон микроскоп нь био молекулуудыг хөлдөөх замаар хөдөлгөөн, бүтцийг нь судлах урьд хожид байгаагүй боломжийг судлаачдад гаргаж өгсөн. Энэ бол амьдралыг ойлгох үндсэн ойлголт болон эм зүйн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн байна.
Өнгөрсөн жил ”молекул машинууд” буюу молекулын хөдөлгөөнийг идэвхжүүлэн, гэмтсэн ДНК-г засах эсүүдийг олж тогтоох замаар хавдрыг эмчлэх аргыг бодож, боловсруулсан эрдэмтэд Нобелийн химийн шагналыг хүртсэн.
Физиологи болон анагаах ухааны салбарт 2017 оны Нобелийн шагналыг хүний хоногийн ритмийг судалсан АНУ-ын гурван эрдэмтэн Жеффри С.Холл, Майкл Росбаш болон Майкл В.Янг нар хүртсэн байна. Физикийн нобелийн шагналыг татах хүчний долгион байдгийг баталсан Райнер Уэйсс, Бэрри Бэриш болон Кип Торн нар хүртсэн. Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн өнөөдөр тодрох бол Баасан гаригт Нобелийн энх тайвын шагналтан тодрох ажээ