Замын цагдаагийн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрөгч мягмар Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Тэрбээр дээрх хэрэгт холбогдохоосоо өмнө Эрүүгийн хуулийн 214 зүйл анги буюу “Хууль бусаар ашигт малтмал олборлох” хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байжээ. Ц.Баярцогт нарт холбогдох тус хэргийн шүүх хурал өчигдөр/10.04/ Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхэд болж, хэргийн шүүгдэгч С-ийн “өмгөөлөгчөө солих тухай ” хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулсан байна.
Шүүх бүрэлдэхүүн улсын яллагч У.Дэндэвдоржийн тавьсан саналын дагуу “Ц.Баярцогт урьд нь авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээний явцад Зөрчлийн хэрэг үйлдсэн байх тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлтэй” гэж дүгнэн дараагийн шүүх хуралдаан хүртэл Ц.Баярцогтыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Дээрх эрүүгийн хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын Байгал орчны гэмт хэргийн эсрэг хэргийг мөрдөх хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан байна.