Монголын сонгодог урлагийн их өргөө УДБЭТ-ын хамт олон 55 дахь удаагийн нээлтээ 140 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Аида” дууриар энэ сарын 07, 08-нд нээнэ.
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн дуурийг тайзнаа тавьсан театр ховор билээ. Учир нь том хэмжээний бүрэлдэхүүнтэй нүсэр баг бүрддэг учраас зүрхшээдэг аж. Энэхүү хүчирхэг дуурь нь уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй болон тайзны өвөрмөц шийдэл, өндөр зохион байгуулалт шаарддагаараа бусад дууриас онцлогтой.
Өнгөрсөн жил тус театрын уран бүтээлчид нэг долоо хоногт буюу бямба, ням гарагт дуурь, балетыг ээлжлэн тоглож байсан юм. Тэгвэл энэ жил долоо хоногийн амралтын өдрүүдэд зөвхөн нэг л тоглолтыг давтан тавих болжээ. Хэдийгээр нэг дуурь, балетыг хоёр өдөр дараалан тавих ч түүнд тоглох гоцлол дуучин, бүжигчид өөр өөр байх тул үзэгчдийг уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид хэлж байна.