“Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо-2017” анхдугаар бизнес чуулга уулзалтаар Монголын төлөөлөгчид Европын холбоо руу бараа бүтээгдэхүүн гаргахад тарифын бус хязгаарлалтуудыг хөнгөвчлөх шаардлагатайг онцлов.
Бизнес чуулга уулзалтаар “Монгол Улс – Евроазийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ: Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр салбар хуралдаанууд боллоо. Түүнчлэн чуулга уулзалтаар зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэв.
Чуулганаар бизнес эрхлэгчдийн зүгээс татвараас илүүтэй худалдаанд саад тотгор үзүүлж буй тарифын бус хязгаарлалтыг чөлөөлөх хэрэгтэйг онцолсон юм. Тодруулбал гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гаалийн үзлэгийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь худалдаанд саад тотгор үзүүлж буйг бизнесийнхэн тодотгож, Монголд хийсэн гаалийн үзлэгт ОХУ давтан үзлэг хийхгүй байх зэрэг асуудлыг талууд нааштай шийдэх шаардлагатай гэдэгт төвлөрөв.
Улмаар Европын холбоо Евроазийн эдийн засгийн холбооны зүгээс худалдааны түншүүд бусад орнуудын гаалийн үзлэгийг хүлээн зөвшөөрснөөр бараа бүтээгдэхүүний экспортод саад тотгор үүсэхгүй гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн юм. Манай улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн дээрх таван орон руу дунджаар 15-25 хувийн гаалийн татвар, 12-20 хувийн нэмүү өртгийн татвар төлдөг байна. Дээрх татварыг бууруулах, Евроазийн эдийн засгийн холбоотой эдийн засгийн худалдааны чөлөөт хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцох үүднээс дээрх чуулганыг зохион байгуулж буйг албаныхан хэллээ. Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз, Армен зэрэг таван орон гишүүнээр элсээд байгаа юм. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах нь хэр ашигтай вэ гэдэгт судалгаа хийж эхэлснийг чуулганы үеэр танилцуулсан юм. Евразийн эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулснаар тус холбооны гишүүн улс хоорондын худалдаан дахь тариф болон тарифын бус хориг саадыг арилгах, монголын уламжлалт экспортын бараа, бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, худалдаа, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой аж. Манай улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын харилцаа 2015 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулснаар эхэлж байжээ.
Дашрамд дурдахад ОХУ манай улсын гадаад худалдааны гол түнш төдийгүй 1980-аад онд гадаад худалдааны 80 хувийг эзэлж байсан аж.