Categories
мэдээ нийгэм

ГИХГ-т хэвлэлийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлнэ

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-т хэвлэлийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх болж, төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэв.

Уг арга хэмжээнд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар оролцов.

Энэхүү төсөл нь ГИХГ-аас эрхлэн гаргадаг хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах тараах материал, мэдээлэл, гарын авлага хэвлэх ажилд томоохон дэмжлэг болж байгааг тус газрын дарга Д. Мөрөн онцлов. Тэрбээр, “Манай байгууллага цахим хэлбэрээр виз олгох үйлчилгээ нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангаж байгаа. БНТУ энэхүү үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн улсын нэг. Тиймээс энэ орноос туршлага судлах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн үеэр БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён Ахмет Язал, “Харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой. Мөн ГИХГ-аас “Turkish airlines” авиа компани нислэгээр зорчиж буй гадаадын иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан танилцуулга, гарын авлага тараах боломж бий” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *