Categories
гадаад мэдээ

Булчин задрах тахлын тархалтыг 2030 он гэхэд дарах зорилт дэвшүүлжээ

Зураг2030 он гэхэд холер буюу булчин задрах тахлаар нас барагсдын тоог одоогийнхоос 90 хувиар бууруулах зорилтыг Францад өчигдөр болсон уулзалтын үеэр дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд дэвшүүллээ гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Бохир усаар дамждаг энэ өвчин нь жил бүр 100 мянга орчим хүний аминд хүрдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнууд, тусламжийн байгууллагууд болон донорууд булчин задрах тахлын тархалтыг бууруулах зорилт анх удаагаа дэвшүүлсэн нь энэ юм.

Дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад булчин задрах тахлын тархалт дэлхийн өөр ямар ч улсад байгаагүйгээр газар авч, олон хүн амиа алдаад байгаа энэ үед дээрх зорилтыг дэвшүүллээ. Эрүүл ахуй ба ариун цэврийн нөхцөл байдал муудаж, усны хангамж тасалдсантай холбоотойгоор Йеменд энэ тахал дэгдсэн юм. Тус улсад он гарснаас хойш 770 мянга гаруй хүн булчин задрах тахлын халдвар авсны 2000 нь нас баржээ. Тэдний олонх нь хүүхэд багачууд аж.

Ядуусын өвчин

Булчин задрах тахал нь “Вибрио” хэмээх нянгаар бохирдсон хоол хүнс болон усаар дамждаг гэдэсний цочмог халдварт өвчин гэнэ. Энэ өвчин нь бохир заваан орчинд хурдацтай тархдаг байна. Халдвар авсан тохиолдолд давстай, цэвэр ус уух, эрүүл ахуй ба ариун цэврийг сайтар хангах зэрэг “хямд бөгөөд хялбар” аргаар эмчлэх боломжтой юм.

Гэсэн ч ДЭМБ-ын мэдэгдсэнээр, өнөөдөр дэлхийн хэмжээнд 2 тэрбум орчим хүн ундандаа цэвэр ус хэрэглэж чадахгүй байгаа нь булчин задрах тахлын халдвар тархахад хүргэж буй гол хүчин зүйл болж байна.

Эрүүл ахуй ба ариун цэврийг сайтар хангахаас гадна булчин задрах тахлын вакцин хийх нь энэ өвчний тархалттай тэмцэх гол аргуудын нэг гэнэ. Булчин задрах тахал тархах магадлал өндөртэй газруудын оршин суугчдад вакцин хийснээр олон мянган хүний амийг аврах боломжтой. Булчин задрах тахлын вакциныг хоёр жил тутамд хийдэг аж.

Бирм буюу Мьянмараас Бангладешт дүрвэж очсон үндэстний цөөнх рохинжачууд руу ДЭМБ болон бусад байгууллага 900 мянган тун вакцин илгээжээ.

Хойд Европ болон АНУ нь 150 жилийн өмнө булчин задрах тахлын тархалтыг дарж чаджээ.

Мягмар гарагт ДЭМБ тэргүүтэй байгууллагууд болон засгийн газрын албаны хүмүүийн дэвшүүлсэн зорилт нь дэлхийн хамгийн ядуу буурай орнуудад булчин задрах тахлын тархалтыг дарах зорилготой аж.

Энэ он гарснаас хойших булчин задрах тахлын тархалт

· Энэтхэг: 675 188 хүн халдвар авсны 20266 нь нас баржээ

· Этиоп: 275221 хүн халдвар авсны 10 458 нь нас баржээ

· Нигери: 220 397 хүн халдвар авсны 8 375 нь нас баржээ

· Гаити : 210 589 хүн халдвар авсны 210 589 нь нас баржээ /Эх сурвалж: ДЭМБ/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *