Төрийн хошой шагналт зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургууль дахин байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн энэхүү хэвлэлийн бага хуралд ардын уран зохиолч Бөхийн Бааст, яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаа, Төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээ агсны хүү С.Эрдэмбилэг болоод Хушаат сумын нутгийн зөвлөлийнхөн оролцлоо. Хурлын эхэнд Д.Сэнгээ агсны намтар, уран бүтээллээс нь танилцуулсан билээ.
Д.Сэнгээ агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хушаат суманд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох аж. Энэ үеэр нэрт зохиолчид зориулсан хөшөөний нээлт болоод урлаг соёлын арга хэмжээнүүд зохиогдох гэнэ. Мөн Хушаат сумын нутгийн зөвлөлийнхөн Д.Сэнгээ гуайн ойд зориулж, гурван ном хэвлүүлснээ танилцуулсан юм.
Хэвлэлийн хурлын үеэр нэрт зохиолч Д.Сэнгээ агсны хүү С.Эрдэмбилэг “Миний аав намайг сургуульд ороогүй байхад таалал төгссөн. Аав хэр хэмжээний далайцтай хүн байсан, түүнийг хичнээн олон хүн мэддэг, хүндэлдгийг нь бага багаар л ухаарсан юм даг. Аавыг их шударга, шулуун, алдсан бол алдсанаа, буруутсан бол буруутсанаа хүлээж чаддаг чанартай хүн гэж хүмүүс хэлэхийг хөвгүүн наснаасаа олонтоо сонссон. Миний аав юутай ч хийсэн бүтээсэн юмтай, амьдралынхаа эцсийн мөч хүртэл бусдыг бодож, бусдын төлөө явж, баярлаж, тэмцэж байсан хүн. Өнөө жил аавын маань 100 жилийн ой, төрөлх нутгийнхан сургуулийн 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Хушаат сумын сургуулийг миний аавын нэрэмжит болгосонд нутгийн ард түмэндээ баярлаж байна. Мөн ойн хүрээнд олон сайхан арга хэмжээ зохион байгуулах гэж байгаад талархаж байна” хэмээв.
Эрхэм уншигч та бүхэнд Төрийн шагналт зохиолч Д. Сэнгээ агсны намтраас товчхон хүргэе.
Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Д.Сэнгээ 1996 оны тавдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд мэндэлжээ. Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч тэрбээр 1936 онд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх сургууль, 1951 онд Москва хотноо А.М Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1943-1946 онуудад Монголын зохиолчдын эвлэлийн түр хорооны нарын бичгийн дарга, 1954-1959 онд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. Д.Сэнгээ БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож МАНХ-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Төв хорооны гишүүнээр сонгогдож байв. 1932 оноос эхлэн уран зохиолч бичих болжээ.
Түүний туурвисан бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний болон эх орны уянгын шүлэг түлхүү байрыг эзэлдэг. Олон сайхан уянгын дууг нь эдүгээ ч ард түмэн дуулсаар буй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзан дээр “Үнэн” дуурь нь олон жил тоглогдсоор байгаа билээ. Д.Сэнгээ Монголын залуу зохиолчдод ихээхэн анхаарал халамж тавьж байсан юм. Л.Түдэв, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Дашдооров, Д.Гомбожав, Д.Маам, Д.Пүрэвдорж нар түүний гарын шавь юм. Зохиол бүтээлүүд нь Орос, Хятад болон бусад олон хэлээр орчуулагдан хэвлэгджээ. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд “Тагтаа”, “Өвгөн партизаны яриа” шүлгээрээ төрийн шагнал буюу Чойбалсангийн шагнал хоёронтоо хүртэж байжээ.
Ингээд төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээгийн “Тагтаа” хэмээх шүлгийг хүргэж байна.
Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй
Тагтаанд шонхорын зориг байгаагүй
Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй
Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй
Гэвч улай үзэхийг хүсдэггүй дээ
Гэмгүй даруу зантай даа
Гэр хүн хоёрт ойр байдагтай нь
Гэрэлт цагаан тагтаа түүнд дуртай
Тагтаа хөөрхөн
Тагтаа номхон
Дандаа олуулаа
Дандаа тайван
Тагтаа энх тайваны бэлэг тэмдэг
Тагтаа эрх чөлөөний бэлэг тэмдэг
Тагтаа дурлал жаргалын бэлэг тэмдэг
Тагтаа сайн сайхны бэлэг тэмдэг
Хөх цэнхэр огторгуйн гүнд
Хөвөн хөөрөн нисэж явахдаа
Хүний гарт огт баригдсангүй
Хүсэл сэтгэл нь оршиж байлаа
Тагтаа хөөрхөн
Тагтаа номхон
Дандаа мөрөөднө
Дандаа эрмэлзэнэ
Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй
Тагтаанд шонхорын зориг байгаагүй
Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй
Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй
Хан бүргэдийн далавчаар жигүүр хийж
Харцага шонхорын зоригоор зүрх хийж
Алтан гуралдайн дуугаар хоолой хийж
Амьдрал үнэн хоёроор хүчийг нь сэлбэлээ
Тагтаа хөөрхөн
Тагтаа номхон
Дандаа мөрөөднө
Дандаа эрмэлзэнэ
Э.МӨНХ