Баянгол дүүргийн 20-р хороо, 1-р хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уулзлаа. Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчидтэй Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн хугацаан дөрвөн удаа уулзсан бөгөөд энэ нь тав дахь удаагийн уулзалт байлаа. Өлсгөлөн зарлаж буй иргэдийн төлөөлөлд дүүргийн засаг дарга өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, нийслэлийн журмыг дахин тодорхой танилцуулж өөрийн зүгээс хууль зөрчиж ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Нэг цаг гаруй ярилцсаны эцэст худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоох шийдэлд хүрсэн юм.Тэдний өлсгөлөн зарласан гол шалтгаан нь 32-ын автобусны буудлын урдах газрыг хэн нэг иргэн болон аж ахуй нэгж, албан байгууллагад өгөх гэж байна гэсэн хардалт байсан аж. Тиймээс тус газрыг дүүргийн эзэмшилд байлгаж хувь хүн болон албан байгууллага, аж ахуй нэгжид олгохгүй гэдгийг дүүргийн Засаг дарга албан ёсоор хэллээ. Түүнчлэн нийслэлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг худалдаа эрхлэгчид өөрсдийн биеэр хөөцөлдөж шийдвэрлэхээр тогтлоо. Юутай ч өөрсдийн эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж сайн дураараа өлсгөлөнгөө зогсоох болсон худалдаа эрхлэгчиддээ баярлалаа.
Энэхүү уулзалтад Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Оюунболор, Нийслэлийн хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар, хуулийн хэлтсийн дарга Т.Батбаяр нар оролцлоо.