Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” арга хэмжээний хүрээнд “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийж байна. “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 2-5-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд үргэлжлэх ба энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын төв хэсгийн мужууд, Сибирийн болон өвөр байгалийн хязгаар орчмын 20 гаруй хотын
-Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машин механизм
-Барилга, барилгын материал үйлдвэрлэл худалдаа
-Орчин үеийн шинэлэг технологи, дэвшилтэт санаа
-Хүнсний бүтээгдэхүүн
-Боловсрол, шинжлэх ухаан
-Аялал жуулчлал зэрэг салбарын төлөөлөгчид оролцож буйгаас гадна Монгол улсад ОХУ-аас бараа бүтээгдэхүүн импортлогч албан ёсны дистрибьютер , дилер 20 гаруй нийт хоёр орны 60 гаруй байгууллагууд оролцож байна.
Тус үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан сурталчилгааны өдөрлөг, бараа бүтээгдэхүүн худалдах сурталчилгааны өдөрлөг тус тус болох юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоодын компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгч байгаагаараа онцлог ажээ.
Энэ үзэсгэлэн хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг үр ашигтай хөгжүүлэх чухал хүчин зүйл гэж Монголын төрийн дээд түвшний байгууллагууд үзэж, ихээхэн ач холбогдол өгч байна.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.sibramsforum.ru цахим хуудаснаас авч болох төдийгүй оролцох байгууллагууд хаягаар бүртгүүлэх боломжтой юм.
ОХУ-ын “Романа ХХК”-ны Монгол дахь Чин Тамир ХХК-ны ерөнхий менежер П.Мөнх-эрдэнэ
-Танай байгууллага энэ үзэсгэлэнд ямар бараа бүтээгдэхүүн санал болгож байна вэ?
–Манай үйлдвэр нь 14 жилийн турш хүүхдийн тоглоом ба спортын хэрэгслийг зохион бүтээж, үйлдвэрлэж байна. Сургууль цэцэрлэгийн гадна болон нийтийн эзэмшлийн ба орон сууцны гадна талбайг найдвартай, аюулгүй тохижуулана. Хүүхдүүд чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх хамгийн тохиромжтой газар нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Энэ талбайг бүх насны хүүхдүүд тоглож болохуйцаар тохижуулах хэрэгтэй. Хүүхдийн тоглоомын талбай аюулгүй, найдвартай, эдэлгээ даахуйц орчин үеийн төхөөрөмж хэрэгслүүдээр тоноглогдсон байх шаардлагатай. Дизайны шийдлээрээ хүүхдүүдэд болон тэдний эцэг эхчүүдэд таалагдах нь чухал юм.
–Хүүхдийн тоглоомын талбай ямар аюулгүй байдлыг хангасан байх ёстой вэ?
-Хүүхдийн тоглоомын талбай нь уян хатан, аюулгүй хучилттай, гулгахгүй, цэвэр, хуурай үзэмжтэй, залгаагүй байвал хүүхэд бэртэж гэмтэхгүй.
–Хүүхдийн тоглох орчин ямагт аюулгүй байх ёстой. Олон улсын аюулгүй байдлын шаардлагыг хангасан стандарт бий, танай бүтээгдэхүүнүүд сертификат байгаа юу?
–Бүх бүтээгдэхүүнүүдийг ОХУ болон Олон улсын аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, загвар, бүтцэд нийцүүлэн өндөр чадвартай, арвин их туршлагатай мэргэжилтнүүд зохион бүтээсэн. Тоглоомын цогцолбор, төхөөрөмж хэрэгсэл тус тус өөрийн паспорт, патент тохирлын гэрчилгээтэй.
Б.ҮРЖИГ