Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонготой ярилцлаа.
-“Гурван охин” хамтлаг шинэ уран бүтээл арвинтай байгаа. Саяхан тоглолтоо ч хийгээд амжсан байх аа.
-Манай хамтлагаар болон надаар ч сонин ихтэй байгаа шүү. Учир нь “Гурван охин” хамтлагийн хувьд энэ жил зүгээр суусангүй. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог чамгүй ихтэй байлаа. Бид “Хэмнэл зүрх” нэртэй шинэ цомгоо гаргасан. Цомгийнхоо баяр болгож мөн “Хэмнэл зүрх” нэртэй шоу тоглолт хийсэн байгаа. Тоглолт маань үнэхээр гайхалтай, халуун дулаан уур амьсгалтай болсон. Үзэгчид маань биднийг маш их санасан нь мэдрэгдэж байлаа. Бүх дуунуудыг маань дагаж дуулж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Тэр бүү хэл шинэ дуунуудыг маань хүртэл даган дуулж байлаа. Бидний хувьд саяхан цомогтоо багтсан “Хайр хэвээр” хэмээх дууныхаа клипийг хийлээ. Мөн цомогтоо багтсан хоёр ч дуунд клип хийхээр зэхэж байгаа. “Гурван охин” хамтлагийн хувьд энэ мэт шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байна даа.
-Харин таны хувьд?
-Миний хувьд сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарч байгаа. Энэ жил ганцаарчилсан цомгууд дээрээ түлхүү ажиллаж байна. Цомгуудаа гэдэг нь би хоёр ч цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Эхний цомгийн маань ажил ерөнхийдөө дууссан. Энэ намартаа багтаад хоёр цомгийнхоо нээлтийг хийж үзэгчидтэйгээ уулзана.
-Ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу орж байгаа юм байна. Бие даасан тоглолт хийх бодол байгаа юу?
-Ганцаарчилсан тоглолт гэхээсээ илүү хоёр ч цомог зэрэг гаргаж байгаа учраас мялаагаад цомгийн баяр хийх нь зүйтэй байх. Гэхдээ мэдээж хэтэрхий том газар хийхгүй нь ойлгомжтой. Ямартай ч тухайн үедээ хаана хийхээ шийднэ дээ.
-“Гурван охин” хамтлагийнхан байгуулагдаад хичнээн жил болж байна вэ?
-Бид гурав хамтдаа 13 настайгаасаа дуулж эхэлсэн юм. Харин 1998 оны арванхоёрдугаар сард “Ирээдүйн одод” хэмээх тэмцээнд оролцож Гран при шагнал хүртэж байлаа. Түүнээс хойш үргэлж л хамтдаа дуулцгаах болсон доо. Улмаар 2004 оноос эхлэн өөрсдийн гэсэн уран бүтээлээ гаргасан юм. Анхны цомгоо яг л ийм намрын шаргал өдөр өлгийдөн авч байсан юм байна. Дуучин болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж байсан тэр үе саяхан л юм шиг санагдаж байна шүү.
-“Гурван охин” хэмээх нэрийг хэн өгч байв?
-Бид “Ирээдүйн одод” тэмцээнд оролцохдоо “Moon” гэсэн нэртэйгээр оролцож байсан. Харин дараа жил нь буюу 1999 оны Мартын 8-аар нэгэн клубт дуулахаар очсон юм. Биднийг тайзнаа гарах үед хөтлөгч нь “Ямар хамтлаг гэж зарлах вэ” гэхэд шууд л “Гурван охин” гээд хэлчихсэн юм. Ингээд түүнээс хойш л энэ нэрээрээ үзэгч, сонсогчдодоо танигдсаар иржээ.
-Нэг хэсэг хамтлагийнхаа нэрийг солих гэж байна гэсэн мэдээлэл багагүй цацагдаж байсан. Ер нь цаашдаа хамтлагийнхаа нэрийг солих бодол бий юү?
-Тиймэрхүү ташаа мэдээлэл багагүй цацагдсан байна лээ. Бид хамтлагийнхаа нэрийг солихгүй. Цаашид ч энэ хэвээр байна.
-Хамтлагийн тань үзэгч, сонсогчдын хүртээл болсон олон сайхан уран бүтээл байдаг. Харин тэр бүтээлүүдээс санаанд оромгүй их амжилт дагуулж байсан дуу бий юү?
-“Надтай хамт өглөөг угтаач” хэмээх дуу маань зургаан сарын турш шилдэг дууны хит парадыг тэргүүлж байлаа. Энэ бол бидний төсөөлж байгаагүй их амжилт байсан л даа. Мэдээж гаргаж байгаа уран бүтээл бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж хийдэг учраас хайртай. Гэлээ ч “Надтай хамт өглөөг угтаач” дуундаа бүр илүү хайртай байдаг юм.
-“Гурван охин” хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “Хайр хэвээр” дууны клип шинэлэг өнгө төрхтэй болсон байсан. Ер нь ямархуу өнгө аясыг илэрхийлэхийг зорьсон бэ. Мөн энэхүү клипийг бүтээхэд хичнээн цаг хугацаа шаардсан бол?
-Хамгийн сүүлд гаргасан “Хайр хэвээр” клипийг маань “Bronzehero`s Entertain¬ment” студэд хийсэн. Тус студийн Хүрэлээ маань маш мэдрэмжтэйгээр хийсэн болов уу гэж бодож байгаа. Бид гуравт клип маань маш их таалагдсан шүү. Үзэгч, сонсогчдод ч үнэхээрр сайн хүрч байна. Гол нь дууны маань стиль имиж урьд урьдынхаас илүү өвөрмөц болж чадсан. Мөн бид гурвыг өөр талаас нь харуулсан байх. Бидний хувьд чанартай сайн уран бүтээл гаргахын тулд сар гаруй хугацааг зарцууллаа.
-Хамтлагийн уран бүтээлчдийн хувьд цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Ямартай ч бид чанартай сайн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьж байхын тулд хөдөлмөрлөх болно. Олон сайхан уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж, цаг бүр л хамт байхыг зорьж байна даа.
-Саяхан Хөгжим бүжгийн Консерваторийн 80 жилийн ой болсон. Энэхүү ойд зориулж тус сургуулиас төрөн гарсан рок попын алдартай хамтлаг дуучид ая дуугаа өргөлөө. “Гурван охин” хамтлагийн хувьд ч төрөлх сургуулийнхаа ойд зориулж уран бүтээлийнхээ дээжээс хүргэсэн.
-Тэгэлгүй яахав. Би энэ сургуулиас урган гарсан үндэс мөчрийн нэг яах аргагүй мөн. Сургуулийнхаа ойд зориулсан тоглолтдоо рок попын шилдэг хамтлаг дуучдынхаа хамтаар ая дуугаа өргөсөн. Манай хамтлагийн гишүүд Хөгжим бүжгийн коллежийн 1993 оны элсэгчид л дээ. Г.Анхмаа бид хоёр төгөлдөр хуурын ангийг төгссөн. Харин Х.Ану маань хийл хөгжмийн ангийг дүүргэсэн юм. Бид “Хэмнэл зүрх” тоглолт дээрээ төгөлдөр хуур болон хийл хөгжмөө тоглосон байгаа. Энэ нь бидний үзэгч сонсогчдод маань гэнэтийн бэлэг болж чадсан болов уу гэж найдаж байна.
-Хөгжмөөсөө хэр холдсон юм шиг санагдаж байв?
-Ер нь бол улам л ойртсон юм шиг санагдсан. Анх сурч байх үедээ багшийнхаа зааснаар л хөгжмөө мэдэрч, сурдаг байлаа. Харин одоо бол дуунд их ойрхон байдгийн зэрэгцээ хайр дурлалтайгаа ч учирсан учраас хөгжимдөө илүү дурлаж, ойлгож сонсдог болсон байна лээ.
-Хайр дурлалтайгаа учирсан гэлээ. Найз залуугаа танилцуулж болох уу?
-Одоохондоо хувийн амьдралынхаа талаар нууцалсан нь дээр байх.