Categories
мэдээ нийгэм

​ Ахмадын баярын өдөр “Гурван охин” хамтлагийнхны зураг моодонд оров

“Би ахмадын баярыг тэмдэглэх гэж байдаг. Харин “Гурван охин” хамтлагийн гишүүд “охин” хэвээрээ байгаад гайхаж байна мэдээлэл ахмадын баярын өдрийн бас нэгэн содон мэдээлэл байлаа. Уг мэдээлэл гарсан даруйд “Гурван охин” хамтлагийнхны содон гоё зургууд моодонд орж, цахим ертөнцөд олон хүн өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлж байв. Энэ хамтлагийнхан нэрээ сольсон нь дээрээ. “Гурван бүсгүй гээд нэрлэчихэд хүмүүс гайхахгүй” гэх нэгэн байсан бол зарим нь “Охин шиг гоё сайхнаараа байж чадаж байхад яахым та нар. Харин үеийнх нь эрчүүд өвөө харагдаад байгаа нь хачин” гэх сэтгэгдлүүд хөвөрч байна.

Ингээд 2013 он буюу дөрвөн жилийн өмнө тус хамтлагийн ахлагч Соло-той “Өдрийн сонин”-ын сэтгүүлч С.Алтанцэцэг ярилцсаныг хүргэе.


Соло: “Гурван охин” нэрээ солихгүйгээр шийдсэн

“Гурван охин” хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонготой ярилцлаа.

-Танай хамтлагаар сонин сайхан юутай байна вэ. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхэлье.

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай хамтлагийн хувьд өнгөрсөн жил амласан ёсоор “Жинхэнэ хайр” тоглолтын DVD, “Хот диско” цомгоо Солонгост хэвлүүлээд ирлээ. Өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлээ гардаж авч байгаадаа баяртай байгаа. Мөн хамтлагийнхаа дөрөв дэх бие даасан цомгийн ажилд орчихсон явж байна. Ерөнхийдөө бүх дуунуудын маань хөгжим бэлэн болчихсон. Хоолойныхоо бичлэгийн ажилд орчихсон явна.

-Шинэ цомог хэзээнээс эхлэн худалдаанд гарах вэ?

-Тун удахгүй. Хэдхэн хоногийн дараа гэж төлөвлөсөн байгаа. Мэдээж хэрэг албан ёсны хэвлэлийн бага хурал хийж цомгийнхоо нээлтийг хийх болно. Мөн iPhone гар утсанд манай хамтлагийн шинэ апликэйшн нээгдсэн. Үүнийхээ нээлтийг хамтад нь хийх юм.

-Танайх ардын дууны цомог гаргах гэж байгаа гэсэн байх аа?

-Одоо худалдаанд гарах цомог маань яг орчин үеийн дуунуудтай. Сүүлийн үед залуус ямар урсгалын дуу сонсож байна, тийм цомог гаргаж байгаа. Продюсерээр төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна.

Д.Болд ах маань ч гэсэн бидэнд хэлж байгаа. “Та нар одоо өмнөх шигээ анхны хайр, чи минь, ханхүү минь гэж дуулахгүй. Шал өөр түвшинд дуулж, байр сууриа илэрхийлэх ёстой” гэж зөвлөсөн. Ер нь 80 гаруй хувь нь Д.Болдын уран бүтээл. Харин ардын дууны цомгийн тухайд ажилдаа орчихсон явж байгаа. Одоогоор бичлэгийн ажлаа хойшлуулчихсан байна. Ямар ч байсан дан ардын дуунаас бүрдсэн цомгоо удахгүй өргөн барих болно.

-Цомог гарчихлаа. Дараа нь тоглолтоо хийх үү?

-Тоглолт хийх хугацаа болчихсон. Тоглох өдрөө товлож байгаа. Ямар ч байсан ойрын хугацаанд тоглоно. Хаана, хэзээ тоглох вэ гэдгээ тогтсон шийд гарсны дараа хэлье.

-Хамтлагаараа үе, үе гадагшааяваад байгаа сурагтай байсан?

-Хоолойн бичлэгийнхээ хажуугаар гадаад руу хэд хэдэн удаа яваад ирсэн. Хамгийн сүүлд Улаан-Үд рүү явлаа. Тэнд олон улсын мисс шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болон зохиогддог юм байна. Уг тэмцээнд Монголынхоо загвар өмсөгчдийн хамт яваад ирлээ. Манай загварынхан тун амжилттай оролцсон.

-Сүүлийн нэг жил ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаараад байгаа юм шиг ээ?

-Хамтлаг гэдэг хамтаараа уран бүтээл хийхийн нэр. Гэхдээ ганцаарчилсан уран бүтээл хийж болохгүй гэх зүйлгүй. Би дуучин Д.Болдтой хамтраад “Хагацаж чадах уу” дууг дуулсан. Тухайн үед Д.Болд ах надад “Энэ дуун дээр яг л чиний хоолой тохирно. Хамтарч дуулъя” гэсэн. Ингээд дуугаа дуулсан. Ану маань “Гэр” олон ангит киноны дууг дуулсан. Харин одоогоор тус тусдаа дуулах төлөвлөгөө байхгүй байна. Цаашдаа хөгжмийн зохиолчид, дуучид тиймэрхүү санал тавибал болохгүй гэх юмгүй.

-Хамтлагаараа кинонд тоглох гэж байгаа гэсэн. Ямар кино юм бэ?

-Нэлээн дээр ингэж ярьж байсан юм байна. Нэг хэсэг хамтлагаараа манай кинонд тоглооч гэсэн санал маш их ирж байсан. Тэр үедээ кино зохиол нь таалагдахгүй ч юмуу, бидэнд тохирохгүй санагдаад татгалзаж байлаа. Анхмаа маань харин хэд хэдэн кинонд тоглочихлоо. Түүнээс биш хамтлагаараа кинонд тоглоод, зураг авалтад гараагүй байгаа.

-Хамтлагууд ойн тоглолт хийдэг болчихсон. Танайхан юу болж байна вэ?

-Олны жишгийг харж байхад 10,15, 20 жилийн ой гэж хийж байна шүү дээ. Хийсэн бүтээсэн юмтай ах эгч нар шигээ тоглолт хийнэ гэж боддог. Яг одоогоор цаг хугацаа нь болоогүй байгаа.

-Анх байгуулагдаж байсан үеэ ярихгүй юу. Хэдэн он билээ?

-Дуулж эхэлснээсээ хойш ярих юм бол арван хэдхэн настай байхаасаа л эхэлсэн. Тэр үед “Ирээдүйн одод” тэмцээн болдог байлаа. Бидний өмнөх жил Эмоушн хамтлаг гран при авч байсан юм. Дараа жил нь манай ангийн таван охин “Мүүн” гэдэг нэртэй хамтлаг байгуулаад оролцож байлаа. Уралдаанд түрүүлснийхээ дараа хоёр гишүүн хамтлагаасаа гарч гурвуулаа үлдсэн. Харин удалгүй нэг гишүүн гарч, оронд нь Анхмаа орж ирсэн юм. Яг “Гурван охин” хамтлаг албан ёсоор байгуулагдсан нь 2006 он.

-Тухайн үед хамтдаа амьдарч байв уу?

-Тэгсэн. Сургуульд байхаасаа л бид дуулахгүй бол амьдарч чадахгүй нь, болохоо байлаа гэсэн юм ярьдаг байлаа. Бүр уйлна гээч. Тэгээд эхний гурван жил хамт амьдарсан. Хамтлаг болоход яадаг билээ гээд судлаад үзтэл “Камертон”, “Номин Талст”-ынхан хамт амьдарч байлаа. Тэгээд хамт амьдарч эхэлсэн.

-Байр хөлсөлдөг байв уу?

-Тэгэлгүй яахав. Нэг өрөө байр хөлслөөд амьдардаг байлаа. Тэр хавийн айлуудаас гомдол зөндөө ирнэ. Шуугиад байна, чимээ ихтэй байна гэсэн гомдол тасардаггүй байж. “Бид нар ямар шөнө шуугиад байгаа юмуу, өдрийн цагаар бэлтгэлээ хийж байхад” гэхээр нялх хүүхэдтэй гэнэ. Сүүлдээ тэр хавийнхаа айлуудтай танил болоод сайхан болсон доо.

-Анхны уран бүтээл ямар дуу байсан бэ?

-Чам руу тэмүүлнэ гэж дуу байлаа. Дууныхаа үгийг өөрсдөө зохиосон. Сууж байгаад өөрсдийнхөө дуулах бадгийг зохиогоод л. Аяыг нь “Сүнс”-ийн Лхагвасүрэн хийж байсан. Энэ дуугаа “Жинхэнэ хайр” тоглолтынхоо үеэр дуулсан байгаа. Харин анхны клип гэвэл “Цаснаас түрүүлж үнсээч” дууных.

-Өнгөрсөн жил Анхмаа гэр бүлийн амьдралаа зохиож хүүхэдтэй болсон. Түүнтэй холбогдуулаад уран бүтээлд ямар нэгэн асуудал гарав уу?

-Харин ёстой тийм юм байгаагүй. Бид хоёр маш баяртайгаар хүлээж авсан. Бараг шахуу нэг гэр бүл болчихсон уран бүтээлчид болохоор өөрсдөө ээж болсон юм шиг л баяртай байгаа.

-Ану, та хоёр хэзээ гэр бүл зохиох гэж байна вэ?

-Одоогоор ямар ч байсан төлөвлөсөн зүйл алга. Болох ёстой цагтаа л болох байх.

-Анхмааг төрсний дараа “Гурван охин” нэрээ солих байх гэж яригдаж байсан. Нэрээ солих уу?

-Одоо ч гэсэн яригдаад байгаа юм биш үү. Нэр солих асуудлаар ярилцсан л даа. “Гурван охин” нэрээ солихгүй байхаар шийдсэн. “Spice girls”, “Backstreet boys” гэхчлэн хамтлагууд нэрээ солихгүй байгаад л байгаа шүү дээ.

-Өнгөрсөн өвөл таныг Солонгост очиж гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж байсан. Яг ямар өөрчлөлт хийлгээд ирсэн юм бэ?

-Би урлагийн хүн. Дээрээс нь хориннэгдүгээр зуунд амьдарч байгаа хүн. Тэр утгаараа эмэгтэй хүн бүр гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрөөд хийлгэж байгаа. Байх ёстой зүйл гэдгийг мэддэг болсон. Харин нүүрэндээ алтан утас суулгасан гэдэг худлаа. Одоохондоо би залуу байна. Арьс минь залуугаараа байгаа. Гоо сайхны мэс заслын хувьд дөрөв, таван жилийн өмнө тодорхой хэмжээний өөрчлөлт хийлгэсэн. Түүнээс хойш биедээ ямар нэгэн мэс хүргээгүй.

-“Universe best songs” наадамд ажиглагчаар ажиллаж байгаа тухайгаа ярихгүй юу?

-Урьд нь зүгээр л зурагтаар үзээд өнгөрдөг байсан бол одоо өөрөө шүүгч, ажиглагчаар ажиллаж байна. Оролцож байгаа хүүхдүүд ямар авьяастай юм бэ гэдгийг харж байгаа. Жил бүр 800 гаруй оролцогч хүч чадлаа сорьж байна. Нэг юм ойлгосон нь бид сайн, чанартай уран бүтээл хийхгүй бол болохгүй нь. Тэр хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлэх, жишээ авдаг түлхүүр нь байх ёстой юм байна гэж бодож байгаа. Өнөө жил түрүүлсэн охиныг анхнаас нь дэмжиж байлаа.

-Бусад уран бүтээлчидтэй харьцуулахад танайхан нэлээн хөдөлмөрч харагддаг?

-Бидний зорилго байна л даа. Сайн, чанартай уран бүтээл гаргая гэж. Энэ занг багаасаа өвлөж авсан, Бүгдээрээ Хөгжим, бүжгийн дунд сургууль төгссөн болохоор залхуурахгүй, хөдөлмөрлөж сурсан. Мөн түүнчлэн 2008 оноос хойш дуучин Д.Болдтой хамтарч ажиллэж байгаа. Тэр хүний хөдөлмөрч зангаас суралцаж, ажиллаж байгаа арга барилаас нь жишээ авч явна. Үнэхээр Төрийн соёрхолт гэж дуудагдах хэмжээний авьяастай, хөдөлмөрч хүн.

-Урлагийн хүмүүсийг, тэр дундаа эмэгтэйчүүдийг ямар нэгэн золиос гаргадаг гэдэг. Таны хувьд?

-Мэдээж тийм зүйл байна. Гэр бүлийн асуудал дээр ч гэсэн. Хувийн амьдралын тал дээр урлагаас болоод гэр бүл зохиохгүй байгаа юм байхгүй. Цаг нь болохоор гэр бүлтэй болох болно. Байх ёстой жамаараа л болох болов уу.

-Хамтлагтай болсноос хойш хэзээ хамгийн их баярлаж байсан бэ?

-“Жинхэнэ хайр” тоглолтынхоо үеэр бараг шоконд орсон шүү. Фэнүүд маань биднийг төсөөлж байснаас хэд дахин илүү хүлээж авсан. Тэгэхэд үнэхээр их баярлаж байлаа. Удаан оршин тогтнож байгаа хамтлагуудтай харьцуулаад ярихад тийм олон жил болоогүй байгаа ч гэлээ гурван биедээ маш их дасаж, нэг хүн шиг болчихдог юм билээ.

-Зун болчихлоо. Хаана, яаж амрахаар төлөвлөсөн бэ?

-Бид гурвын хувьд энэ зун тун завгүй өнгөрнө. Тэгэхээр бараг л амарч чадахгүй болов уу. Цомгийн ажлаа дуусгана. Тоглолтын бэлтгэл ажил байна. Энд тэндхийн тоглолтын захиалга их ирж байгаа. Хийж байгаа ажлынхаа явцыг харж байгаад чөлөө гарвал тоглолтод орох л байх. Гэхдээ мэдээж хэрэг ажиллаж байгаа учраас өөрсдөдөө тодорхой хэмжээний амралт өгдөг. Өнгөрсөн жил хотын ойрхон гурав хоног салхинд гарч амарсан. Энэ зун харин заваа харж байгаад Хөвсгөл далайд очиж амраад ирэх бодол байна. Олон хоног чадахгүй ч гурав, дөрөв хоноод ирэх юмсан гэж бодож байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *