Улаанбаатар хотын ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглох А/363 дугаар захирамжыг наймдугаар сарын 28-нд гаргасан билээ. Энэ дагуу холобогдох байгууллагуудаас III IV хороолол болон Багшийн дээд, 1 дүгээр хороолол 32-ын автобусны буудлын орчмын худалдаа эрхлэгчдийг албадан буулгаад эхэлсэн. Гэтэл худалдаа эрхлэгчид “Хэнээс ч гуйхгүй амьдралаа залгуулдаг биднийг төр дарамталж байна. Бид яаж хэрхэн амьдрах вэ. Энэ хүнд цаг үед бидэнд ажлын байр гаргаад өгчихвөл хөөж болно. Энэ олон гэр бүлийн амьдралыг үгүй хийж байгаагаа ойлгохгүй дарга нар олон байна. Өлсөхөөс өөр арга бидэнд алга” хэмээн өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ.
Уржигдар өлсгөлөн зарлаж буй 12 иргэнээс эмч нар шинжилгээ авч, биеийн байдлыг нь үзэхэд даралт ихэссэн, хавантай, ханиадтай нийт иргэн тав байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байжээ. Хөхүүл эхчүүдийг өлсгөлөн зарлахаа зогсоохыг шаардаж байгаа. Мөн Баянгол дүүргийн зүгээс тэднийг өлсгөлөнгөө зогсоохыг шаардаж дарамтлахаас өөр зүйл хийхгүй байгаа. Тэгвэл одоогийн байдлаар өлсгөлөн зарласан иргэдээс 25 настай эмэгтэйн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнээс гадна хоёр эмэгтэй саяхан мөн л эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл ирлээ. Тэд өнгөрсөн өдрүүдэд нойтон өлсгөлөн зарлаж байсан бол ирэх даваа гаригаас ус ч уулгүйгээр хуурай өлсгөлөн зарлана гэж байна. Хүний амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Баянгол дүүргийн удирдлагууд иргэдээ тоохгүй байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Уг нь энэ дүүрэг саяхан “Одон” авсан. Одонгоо хийсэн ажлаараа угаана гэж байсан юм. Ингэж иргэдээ өлсгөж, ядууруулж одонгоо угааж байгаа хэрэг юм болов уу. Тус дүүргийн ил задгай худалдаа эрхлэгчид ярихдаа “Биднийг хөөж энэ талбайд баян компанийн амралтын талбай барих гэж байгаа. Том компанийн ашгийн төлөө удирдлагууд үйлчилж байна. Засаг дарга болохоор нэр дэвшиж байхдаа биднийг дэмжинэ, та нартаа хайртай гэж байсан С.Одонтуяа дарга одоо биднийг танихгүй болсонд гомдож байна” гэж байлаа. Одонтой дүүргийн иргэд өлсөж, цангаж бие нь доройтсоор байхад С.Одонтуяа дарга яагаад тоохгүй байна вэ. Түүнд огтхон ч хамаагүй асуудал уу.
Н.ГАНАА