Саяхан Монголын радиологийн нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран Дүрс оношлогооны эмч, техникчдийн үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Энэхүү чуулганаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар Монголын радиологийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Интервенционал радиологийн эмч, доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Дүрс оношлогооны эмч, техникчдийн үндэсний чуулганаар ямар асуудлууд хэлэлцэв?
-Монголын радиологийн нийгэмлэг 22 дахь чуулганаа хийлээ. Радиологи гэдэг нь дүрс оношлогоо, компьютер томографи, эхо рентген зэрэг аппаратын оношилгоог нийтэд нь хэлж байгаа юм л даа. Ямартай ч энэхүү чуулганд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн эмнэлгийн эмч нар, рентген техникч, гадны зочид төлөөлөгчид оролцож мэдлэгээсээ хуваалцсан. Энэ удаагийн чуулганаар хүүхдийн оношлогооны асуудлыг хөндөж ярьсан байгаа. Дүүргийн болон хувийн эмнэлгүүд бага насны хүүхдүүдийг рентгенд их харж байна. Энэ асуудал их хурцаар яригдлаа. Мөн улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа аппарат, техникийн шинэчлэлтийн асуудлыг хөндсөн. Түүнчлэн чуулганаар цөмийн онош зүйн талаар хурал болсон. Энэ мэт асуудлыг чуулганаар ярилцсан.
-Хүүхдүүдийг рентгенд их харж байна гэлээ. Хүйтэн, сэрүүний улиралд хүүхдүүд ханиад хүрч, хатгаа тусах нь элбэгшдэг. Энэ үед эмнэлгийн байгууллагууд рентгенд харуулах шаардлагатай гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах шаардлагатай бол?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын цөмийн энергийн агентлагаас рентген аппаратын зураг авах, рентген харалт, компьютерт томографийн шинжилгээнд 0-5 насны хүүхдийг оруулахгүй байхаар зөвлөмж гаргасан байдаг. Учир нь рентген туяаны ачаалал нь бага насны хүүхдэд маш хортой. Дархлалын тогтолцоог маш их дарангуйлдаг. Мөн булчирхайлаг эрхтнүүд рентгенд маш мэдрэг байдаг. Рентгенээр харна гэдэг нь цацраг туяагаар шарж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр багаасаа л дархлалын тоглолцоо суларна. Булчирхайны үйл ажиллагаа алдагддаг. Гэтэл манайд өвлийн улиралд амьсгалын замын өвчин ихэсдэгтэй холбоотойгоор цээж рентгенд харуулах тохиолдол улам ихэсдэг. Эмнэлэгт хэвтэхэд нь, хэвтэж байх үед нь, гарахад нь рентгенээр хараад байдаг. Үндсэндээ хэдхэн хоногийн дотор л гурав, дөрвөн удаа рентгенд харуулдаг. Энэ нь ДЭМБ-аас гарсан дээрх зөвлөмжтэй зөрчилдөөд байгаа юм.
Иймээс эцэг, эхчүүд маань бага насны хүүхдээ олон удаа дээрх шинжилгээнд оруулахгүй байх, баталгаажсан стандарт, тун хэмжээ нь хэвийн үйлчилгээтэй эмнэлэгт хамруулах, эмнэлгээс эмнэлэг рүү шилжихэд рентген бүхий шинжилгээнд давтан оруулахгүй байх зэрэг нь хамгийн чухал. Түүнчлэн хүүхдийн эмч нарын мэдлэгийн түвшинг сайжруулах хэрэгтэй. Өмнө нь эмч нар маань заавал рентгенд харалгүйгээр чагнуураар л оношлочихдог байсан. Энэ аргаар оношлоод, эмчлээд болоод л байсан. Тэгэхээр эмнэлзүйн бодит үзлэгийг сайжруулснаар энэ асуудал шийдэгдэх боломжтой. Хэтэрхий их техникт хамааралтай, техникт найддаг болчихсон байна л даа. Зарим төрлийн техник, технологи, эм, тан бол хор болдог аюултай шүү дээ. Тиймээс бид үүнээс татгалзах хэрэгтэй юм.
-Насанд хүрсэн хүмүүст ч рентген туяа хор нөлөөтэй юу?
-Тэгэлгүй яахав. Рентген үүсвэртэй шинжилгээнд ороход тодорхой хэмжээгээр дархлааг нь сулруулж байдаг. Ядарсан байхад нь дархлааг нь сулруулаад байвал өвчин нь улам л гаарна гэсэн үг. Тэгэхээр манайд нэг асуудал байна л даа. Улсын эмнэлэгт үзүүлж байгаа хүн маш олон шинжилгээ өгдөг. Харин улсын эмнэлэг ачаалал ихтэй учир зарим тохиолдолд өвчтөнүүд хувийн эмнэлэг рүү шилждэг. Гэтэл хувийн эмнэлгийн зүгээс “Бид улсын эмнэлгийн шинжилгээг авахгүй. Бид өөрсдийнхөө хийсэн шинжилгээн дээр үндэслэнэ” гэдэг. Дахиад л рентген, компьютер томографи, цусны шинжилгээг өгдөг. Энэ бүхэнд л эрсдэл үүсч байдаг. Тэгэхээр хийсэн шинжилгээг хаана ч очсон хүчинтэй байх тал дээр анхаарах ёстой. Энэ хурлыг бид саяын чуулганаараа онцлон хэлэлцсэн.
Гэхдээ нэг зүйлийг онцлох нь зүйтэй байх. Бүх зүйлийг эмч, эмнэлгийн ажилтанд тохож болохгүй. Үүнд хувь хүний эрүүл мэнддээ тавих анхаарал халамж чухал. Өөртөө болон хүүхдэдээ ч гэсэн. Ханиад томуу, хатгаа, хоол боловсруулах эрхтний өвчлөл зэргээс хэрхэн сэргийлж болох талаар маш их зөвлөгөө заавар бий шүү дээ. Мөн 40-өөс дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх хэрэгтэй.
-Эхо үзлэг ч гэсэн хор нөлөөтэй юу?
-Рентген аппарат, хөхний томографи, харалтын аппарат, компьютер томографи зэрэг нь рентген туяагаар оношлогоо хийдэг. Харин эхо маань хэт авиа. Хор нөлөө нь харьцангуй бага. Хүний чихэнд сонсогдохгүй хэт авиан тусламжтайгаар биеийг нэвтэлдэг. Мөн MRI буюу соронзон резонанст томографи нь мөн адил хүний биед хор нөлөө багатай дүрсийн оношлогоонд тооцогддог.
-Чуулганы үеэр дүрс оношлогооны техникийн талаар хөндөж ярьсан гэсэн. Энэ тухайд?
-Би Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн даргын албыг хашдаг юм. Тиймээс Монгол Улсад байх радиологийн багаж, төхөөрөмжийн тухай багагүй мэдээлэл бий. Ерөнхийдөө хувийн эмнэлгүүдэд шаардлага хангасан радиологийн тоног төхөөрөмж байдаг. Харин улсын эмнэлгүүдэд харилцан адилгүй. Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт компьютер томографи байдаггүй. Тийм учраас өвчтөнүүд заавал хувийн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэх шаардлага гардаг. Харин нийт 15 аймагт компьютер томографи байдаг. Гэтэл эдгээр аймгууд энэхүү техник хэрэгслээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа. Үүнд боловсон хүчний чадамж, зургийг нь уншдаг эмчийн нөөц бололцоо бага байдаг. Томографийн шинжилгээ хийлгээд ирдэг л дээ. Гэхдээ тэр нь шаардлага хангаагүй байх нь олонтаа. Тийм тохиолдолд дахиад л шинжилгээнд орох шаардлага гарна. Дахиад л хордоно. Тэгэхээр оношлогооны чадамжаа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй. Ер нь орон нутагт өдөрт гурваас дөрвөн хүн л компьютер томографийн шинжилгээ хийлгэдэг. Харин компьютер томографи байхгүй улсын эмнэлэгт өдөрт 80-100 хүн ирж байгаа. Үүнээс үүдэн маш их зардал, чирэгдэл үүсч байна шүү дээ. Ийм асуудлыг дотооддоо шийдэх бүрэн боломжтой. Түүнээс гадна улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа зарим аппарат, техникийн шинэчлэлтийн асуудлыг чуулганы үеэр ярилцсан. Тэдгээр аппаратуудын рентген цацрагийн тун хэмжээ өндөр байгаа. Үүнээс үүдэн эмчлүүлэгчид цацрагийн туяанд хордож байна. Мөн шаардлага хангахгүй аппаратаар үзлэг хийхэд оношийн алдаа их гардаг. Энэ бүгдэд зохион байгуулалтын асуудал хэрэгтэйгээс гадна төр зөв менежмент хийж өгөх нь чухал юм.
-Цөмийн онош зүйн тухай яриач?
-Цөмийн онош зүйн тасаг Улсын нэгдүгээр эмнэлэгт байдаг. Хавдар судлалын үндэсний төв дээр цөмийн туяа эмчилгээний тасаг байдаг юм. Нэг нь оношилж, нөгөө нь эмчилнэ. Цөмийн цацраг идэвх бүхий аппаратыг ашигладаг л даа.
Цөмийн онош зүй нь сүүлийн үед их хөгжиж байгаа салбар. Хавдар нь бусад эрхтэнд үсэрхийлж байгаа эсэхийг үзэж оношлох боломжтой. Мөн мэс заслаар эмчлэгдэхгүй өвчтнүүдэд туяаг ашиглан шарх эмчилгээнүүдийг хийдэг. Мэдээж мэс заслын эмчилгээ хийх боломжгүй гэхээр гурав, дөрөвдүгээр үе шатандаа орсон гэсэн үг. Тархи, уушиг, хөх, эмэгтэйчүүд, ясны хавдар зэрэгт шарлага эмчилгээг хийж байгаа. Мэс ажилбар шиг төгс эмчилгээ болж чадахгүй. Гэхдээ туяа эмчилгээ хийснээр амьдралын чанарыг уртасгах боломжтой.