Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ӨДРИЙН СОНИН”-Ы ШАРЛАСАН ХУУДАСНАА: Хоёр намын төлөө биш хоёр сая гаруй монголчуудынхаа төлөө зүтгэх хүнийг хайцгаая

“Өдрийн сонин”-ы 2009.01.05
ДАВАА
№001 (3078)

Related imageХуучин шинэ оныг холбосон дуулиан бол яах аргагүй Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх өөрөө огцрох өргөдлөө өгсөн явдал байлаа. А.Батсүхийг Монголын эдийн засгийг хөмөрч, мөнгөний бодлогоор нь наадчихаад ажлаа өгч байна гэх нь байхад “Хөөрхийг шахаанд мөлх үүлнэ гэхээр айгаад өргөдлөө өгч байгаа юм” гэлцэх хүмүүс ч бас байна. Аль аль нь л үнэний ортой мэт санагдана. Зүв зүгээр ажиллаж байсан банкны системийг хямралд оруулж нэг банкаар нь тоглочихоод байгаа түүний бодлогыг сайн гэх хүн олдохгүй л байх. Ам.долларын ханшийг өөрсдөө эхэлж хөөргөдчихөөд унагаах гэж сандраад л, инфляцийг чинээнд нь тултал өсгөчихөөд арга барахдаа “Бид инфляцийг ониллоо” хэмээн мөрийн хөтөлбөр шиг юм амлаж, арилжааны банкуудаар зугаагаа гаргаж байгаа Монголбанкны ерөнхийлөгч бараг огцорсон нь дээр. А.Батсүхийг өмөөрч болохгүй олон шалтгаан байгаагаас хамгийн сүүлчийнх нь Анод банк юм. Тус банкинд “яс баригчаа” томилчихоод дараа нь хадгаламж эзэмшигчдийг нь хурдан ирж мөнгөө аваарай хэмээн уриалан дуудаж, нийт төчнөөн хадгаламж эзэмшигчид амжилттайгаар мөнгөө татлаа хэмээн онгирдог ямар банкир байх билээ дээ. Огцорч болох энэ бүх шалтгаан дээр нь түүнийг улс төрийн сэдлээр зайлуулахыг хүсэгчид бас дуу хоолойгоо нэмэрлэсэн нь ч үнэн байх. Их л дээрээс, Ерөнхий сайдын хавиас түүнийг өөрөө огцрохыг шахсан гэж арай худал хэлэхээргүй албаны эх сурвалж мэдэгдсэн. Уг нь Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгосноор УИХ-аас томилдог. Гэхдээ А.Батсүхийг огцрох өргөдлөө өгөх хүртэл Засгийн газраас шахсан л гэдэг. За аль нь ч байлаа өнгөрсөн хэрэг. Харин эрх баригчид зул сарын оргилуун дарстай хундага харшуулж байхдаа дараагийн Батсүхийг хайж эхэлжээ. Дарга нарт тоогдож шалгуур үзүүлэлтийг нь хангах хүн бол МАХН болон Ардчилсан намын аль алиных нь үгэнд ордог хоёр үзүүртэй зүү шиг нөхөр байх ёстой аж. Аль алинд нь долигонож, бөмбөг шиг бөөрөнхий байх УИХ-д сонгогдсон эрхмүүдээс хор гүйлгэж хов хутгагсад даанч олон. Тэдэнд хүрэхгүй газар, мэдэхгүй томилгоо гэж үгүй. УИХ-ын гишүүдийг хөдөлж ядаж байхад л хамгийг нь мэдээд шийдчихдэг хачин жигтэй хүмүүсийн үйл хөдл өл, үг хэл гүйцэгдэхээ байсан гэж зарим түшээ шагширч байна.

Дэлхийн санхүүгийн хямралын сүүдэрт дайрагдан элэгнээсээ жиндэж яваа монголчуудын хувь заяаг аврах, мөнгөний зөв бодлого баримтлах, арван хэдхэн арилжааны банкаа дампууруулчихгүй шиг толгой мэнд аваад явчих хүнийг намууд мэдэж томилно гэдэг даанч хэцүү. Ард түмний амьдралыг нам гэдэг вакуумжуулсан варьены шил шиг юманд даатгана гэж бодохоос өр нухам үйл болжээ. Бодоод үз л дээ. Нам гэдэг чинь ингэхэд юусан билээ. МАХН болон Ардчилсан намын толгойд Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл гэсэн арваадхан хүн бий. Тэднийг үнэд оруулж даган баясаж, мөнгө төгрөгөөр бордож түүнийхээ хариуд ард түмний хөрөнгөөс гэдсээ мэдэхгүй идэж байдаг хоёр зуугаад хүн бас буй. Тэднийг л нам гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо томилох Монголбанкны ерөнхийлөгчийг хоёр зуун хүний төлөө зүтгэж хоёр намд таалагдах долдой юу, хоёр сая таван зуугаад мянган монголчуудын төлөө зүтгэх мэргэжлийн хүн байх уу гэдгийг сонгох болох нь. Энэ сонголтыг УИХ-ын гишүүд хийх болно. УИХ-ын гишүүд хэдийгээр нам намаас сонгогддог ч гэлээ варьены шилэнд ороод бусдаас тасарсан хэдэн дарга нараа сөрж дуугардаг, үнэний талд зогсож чаддаг хүмүүс бас бий. Тэд нэг удаа нийлж байгаад Монголбанкны ерөнхийлөгчөөр хоёр намын төлөө биш хоёр сая гаруй монголчуудын төлөө зүтгэх Батсүхийг олоод тавьчихвал зүгээр юмсан.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *