Хотын төвд түмэн олны нүдэн дээр төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргаж буй нэгэн этгээдийн бичлэг сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй энэ этгээд хэн гээч эрхэм болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.
Бичиг баримтаа шалгуулахыг шаардсан цагдаад “Чи надаас уучлалт гуйнаа. Чи хэн юм. Чи яадаг юм” хэмээн үргэлжлүүлэн харааж, доромжилж буй уг үйлдлийг ЗЦГ-ын албан хаагч бичлэг хийж баримтжуулж авчээ. Түүнчлэн уг бичлэг дээр олон нийтийн газар төрийн цагдааг доромжилж, тамхи татаж хэд хэдэн зөрчил гаргаж байгааг харж болохоор байна.
УИХ-н гишүүн Л.Мөнхбаатарын дүү, УИХ-н гишүүн Элдэв-Очирын хүргэн, Автотээврийн үндэсний газрын тамгын газрын дарга Баяртогтох гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байна.
1793 УБҮ улсын дугаартай уг автомашин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд хөх өнгийн дуут дохио ашиглах эрхтэй ч улаан хөх өнгийн хосолсон дохиог ашиглаж байжээ. Тусгай дуут дохио буруу ашигласан учраас замын цагдаагийн ажилтан ийн шалгах гээд хэл амаар доромжлуулсан байна.
Банк санхүүгийн байгууллага дуут дохио ашиглах зөвшөөрөл авах эрхгүй бөгөөд яагаад төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд ашигладаг хөх өнгийн эрхийг авсан эсэхийг шалгаж байна.
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын дагуу хөх, хөх-улаан, улаан, ногоон, шар өнгийн дуут дохиог ашигладаг. Журмын 2.1.1.төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх өнгийн дуут дохиог ашиглана гэж заажээ.