Categories
мэдээ нийгэм

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Удахгүй болох “Монголын Ахмадын өдөр”-ийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр (2017.09.29) хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан 80 гаруй ахмадтай юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Олон Улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдрийг угтан УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс Та бүхэнд баярын мэнд хүргэе. УИХ-ын дэргэдэх ахмадын хороо онцлогтой байгууллага, 80 гаруй хүний бүртгэлтэй. Эдгээрийн 60 гаруй нь УИХ-ын гишүүн байсан бөгөөд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож, орчин цагийн Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгоход гар бие оролцон, оюун ухаанаа зориулсан нийгмийн нэрт зүтгэлтнүүд байдаг юм.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Их Хурал жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Гурав хоногийн дараа намрын ээлжит чуулган эхлэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахмад настны нийгмийн халамжийг сайжруулах чиглэлд Улсын Их Хурлаас тодорхой арга хэмжээ авч ажилласан. Өнгөрсөн хугацаанд ахмадууддаа зориулж “Насны хишиг” хүртээж эхэлсэн.

Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэрийг гаргасан. Зорилтот бүлгийн 100 гаруй мянган ахмадуудад чиглэсэн арга хэмжээний хүрээнд хүү, шимтгэлтгүйгээр гурван сар хүртлэх хугацааны тэтгэврийг олгож байх эрх зүйн орчныг бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас анхаарал тавьж, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байгаа. Цаашдаа энэ хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, ахмуудын хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэхэд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр ажиллана. Өнөөдөр Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг надад өргөн барих гэж байна. Энэ төсвийн төсөлд ахмуудын тэтгэврийг нэмэхээр 162.5 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байгааг хэлье. Бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг ахиу нэмье. Өндөр тэтгэвэр авч байгаад нь бага нэмье гэсэн бодлогыг Засгийн газар барьж 2018 оны төсвийн төслөө өргөн барих юм ” хэмээн онцоллоо.

Дараа нь ахмадуудаа төлөөлөн Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ардын Их Хурлын депутат асан Ж.Гомбожав үг хэлж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг нэн даруй шийдэх, удахгүй томилогдох Ерөнхий сайд түүний кабинет мэргэжлийн түвшинд ажиллаж, ард иргэдийн хүсэн хүлээж буй бодлого, шийдвэрийг гарган ажиллахад анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүссэн юм.

Хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *