Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаа бууруулах халаалтын төхөөрөмжүүдийн үзэсгэлэн болж байна

Өнөөдөр төв талбайд “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд гэр орон, байшин барилгын дулаалгын материалууд болон цахилгаанаар халаах төхөөрөмж зэрэг гэр хорооллын нүүрсний утааг багасгах зорилготой бүтээгдэхүүнүүд голдуу байв. Тухайлбал, хонины ноосоор хийсэн дулаалгын хөөс байна. Хортон шавьжнаас хамгаалагдсан, химийн найрлага ороогүй, галд тэсвэртэй, норсон ч түргэн хатдаг, дуу чимээ тусгаарладаг гэнэ. Энэхүү дулаалгын ноосон хөөсийг байшингийн таазан дээр, давхар хоорондын шал, хананд, дээврийн доор, шалны доор гэх зэргээр хүссэн хэсэгт дулаалга байдлаар ашиглаж болох ажээ.

Мөн цэвэр, бохирыг ч шийдэх боломтой усан хангамжтай халаалтын системийг “Атмор” компани танилцуулж байв. Тухайн байшингийн бохирыг гадагшлуулахдаа цэвэршүүлээд, цэвэр хэсгийг нь газарт шингээдэг технологийг мөн шийдсэн юм байна. Хүссэн газраа байшингаа бариад ийм системээр цэвэр бохир, халаалт зэргийг бүгдийг шийдэх боломжтой ажээ.

Үүнээс гадна монгол гэрт зориулагдсан “Эко тулгат” төхөөрөмж байна. Энэ нь хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй бөгөөд дулаанаа 8-9 цаг хуримтлуулж, гэрийн зуух шиг тал бүрт дулаанаа тараадаг, 30-35 жил ашиглах баталгаат хугацаатай. Дээр нь хоол цайгаа хийчих боломжтой хоёр ширэмтэй. Евро стандартын төхөөрөмж ажээ.

Мөн гаазаар халдаг төхөөрөмж, шалны халаалт нэлээд байв. Эрчим хүчний цахилгаан халаалтын “Эрчим” зуух байна. Үүнийг цахилгаан бага зарцуулдаг, экологид сөрөг нөлөөгүй. Агаар шатааж, хуурайшилт үүсгэхгүй зэрэг давуу талтай гэж байлаа.

Энэ мэт халаалтын төхөөрөмжүүд уг үзэсгэлэнд олон байсан ч энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Мөнх ярихдаа “Аль нь ч байсан цахилгааны зардал их гарахаар байна. Цахилгааны үнэ өртөг өндөр шүү дээ. Ингээд тооцохоор нүүрсээ түлсэн нь дээр байдаг юм. Эсвэл цахилгааныг нэлээд хямдруулах шаардлагатай байна. Шөнийн цахилгааны үнийг бууруулаад нэмэр болдоггүй юм. Өдөр л цахилгаан хэрэглэж, хоол цайгаа хийдэг, дулаацдаг биздээ” гэж байлаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд бидэнд хамгийн хүнд тусдаг өвлийн улирал эхлэх гэж байна. Энэ үед иргэд гэр орноо дулаалах, утаа бага зарцуулах зуухыг хайж байна. Тиймээс ийм үзэсгэлэнг ойр, ойрхон зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Бид агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан. Мөн арилжааны банкууд дулааны төхөөрөмжийн зээлийг маш бага хүүтэйгээр олгох хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа. Ашиг орлого хөөцөлдөж хүүг нэмж болохгүй гэдэг шаардлагыг арилжааны банкуудад өгч байна” гэв

Н.ГАНЧИМЭГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *