Categories
мэдээ улс-төр

Японы Элчин сайд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав

jpӨнгөрсөн мягмар гаригт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Дархан хотод айлчилсан байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус аймгийн Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Улмаар Дархан-Уул аймгийн Нутгийн Удирдлагын ордонд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэхүү гэрээнд зааснаар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 185 сая төгрөгийн өртөгтэйгээр МСҮТ-ийн сантехникийн засварыг иж бүрэн шинэчлэн, сарын хугацаан хүлээлгэж өгөх ажээ. Төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Дархан Хясаат” ХХК ажиллахаар болсон байна.

Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хэлэхдээ “МСҮТ-өөс ирээдүйд Дархан болон Монгол Улсаа хөгжүүлэх боловсон хүчин ихээр төрөн гарна гэдэг итгэлтэй байна. Дархан-Уул аймгийг Монголын Эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг Аж үйлдвэрийн хот гэж бодож байна. Тиймээс цаашид хамтийн ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллана” гэжээ.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт өнгөрсөн хугацаанд 20 гаруй төслийг хэрэгжүүлснээс ихэнх нь боловсролын салбарт хэрэгжжээ. Тухайлбал, Дархан сумын 5 дугаар цэцэрлэг, Жигүүр цогцолбор сургуулийн их засвар болон Шарын гол сумын 2 дугаар сургууль, 14 дүгээр цэцэрлэгт өргөтгөл, засвар, энэ онд хийгдсэн Хонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны их засварын ажил зэргийг нэрлэж болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *