Categories
гадаад мэдээ

Саудын Аравийн эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй боллоо

ЗурагСаудын Аравийн эмэгтэйчүүд ирэх зунаас автомашин жолоодох боломжтой болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Саудын Аравийн хаан Салман эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөх тухай зарлигийг мягмар гарагт гаргасан байна.

Тус улс нь эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй дэлхийн цорын ганц улс байсан юм.

Лалын шашинт бусад улс оронд эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөг бөгөөд Саудын Аравийн хоригийг “хүйсээр ялгаварлан гадуурхсан” хэрэг гэж дотоод, гадаадынхан ихээхэн шүүмжилдэг байсан билээ.

Исламын хууль болон Саудын Аравийн замын хөдөлгөөний тухай хуульд эмэгтэйчүүд жолоо барихыг хориглосон заалт байхгүй хэдий ч тус улс эмэгтэйчүүдэд жолоочийн үнэмлэх өгдөггүй байв.

Тус улсад эмэгтэйчүүд жолоо барьсныхаа төлөө шийтгүүлж байсан тохиолдол цөөнгүй бий.

Тухайлбал, 1990 онд жолоо барьсан гэж 50 эмэгтэйг баривчилж, паспортыг нь хурааж, ажлаас нь халж байжээ. Мөн 2014 оны сүүлчээр хоёр эмэгтэй жолоо барьсныхаа төлөө хоёр сар саатуулагдаж байжээ.

Саудын Аравиас АНУ-д суугаа Элчин сайд бөгөөд хунтайж Халед Бин Салман өчигдөр мэдэгдэл хийхдээ “Эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрсөн нь манай улсын хувьд “түүхэн” үйл явдал юм. Энэ бол цагаа олсон зөв шийдвэр” гэжээ

Эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрсөн Саудын Аравийг дэлхий нийт, тухайлбал АНУ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш магтан сайшааж, уг шийдвэрийг “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам” гэж үзэж байна.

Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө кампанит ажил өрнүүлснийхээ төлөө 2017 онд 73 хоног саатуулагдсан Саудын Аравийн хүний эрхийн төлөө тэмцэгч Лужайн аль-Хафлул мөн “Твиттер” хуудсандаа “Бурхандаа баярлалаа. Хаан ийм зарлиг гаргасныг сонсоод маш их баярласан” гэж бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *