Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн осол, хэргийн мэдээллийн нэгдсэн сантай болно

Монгол Улсын санхүүгийн гол түнш байгууллагуудын нэг болох Азийн хөгжлийн банк манай улсын зам, тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байгаа билээ.

Азийн хөгжлийн банкнаас “Тээврийн ухаалаг систем” төсөл болон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын талаар өнөөдөр танилцуулга хийж, ажлын үр дүн, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагналаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төслүүд нь зам, тээврийн салбарын хөгжилд томоохон дэвшил авчрах ач холбогдолтой талаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд онцлон хэллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэхдээ осол, хэргийн мэдээллийн сангийн менежментийн системийг боловсруулан, осол зөрчлийн талаархи тоон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах үүднээс замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлийн талаар судалгаа хийжээ. Ингэхдээ Монгол Улсын автозам, тээврийн хэрэгслийн тоо болон төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоо зэргийг нарийвчлан судалсан байна. Мөн хот төлөвлөлтийг замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээвэр төлөвлөлттэй уялдуулж, хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох замаар хөдөлгөөний түгжрэл саатал, осол гэмтлийг бууруулахаар ажиллаж байгаа юм.

Зам тээврийн осол, зөрчлийн мэдээг үнэн зөв нэгтгэх, мэдээллийг зүй зохистой ашиглахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд замын хөдөлгөөнд оролцогч, зам, тээврийн хэрэгсэл, орчны багц судалгаа хийж байгаа талаараа Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч багаас танилцууллаа.

Тэрээр төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахын тулд цахим сүлжээ бий болгох, ажиглах нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцогч, жолоочийн зөрчилд оноо тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байгаа талаараа тайлагналаа. Мөн эрхзүйн акт, стандарт, бодлого, баримт бичиг зэрэгтэй уялдуулан сургалт, дадлага зохион байгуулснаас гадна зам, тээврийн осол, хэргийн мэдээллийн сан бүхий программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

Түүнчлэн тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах зорилгоор албан хаагчдийг чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулсан байна. Мөн Мэдээлэл, технологи, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын төв, АТҮТ, ЗЦА, Нийслэлийн тээврийн газруудаар дамжуулан 500 орчим хэрэглэгчээс судалгаа авч, энэ хүрээнд тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *