Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна.
Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр 3,4 дүгээр хорооллын эцсийн Дүүхээ төвийн урд талбайд адууны мах, төрөл бүрийн жимс, гэр ахуйн бараа зэргийг гар дээрээс худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Баянгол дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн баасан гарагт тус байршилд худалдаа хийж буй иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн боловч худалдаа эрхлэгчид зөвшөөрөлгүй худалдаа хийсээр өнөөдрийг хүрсэн байна.
Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид,мэргэжлийн хяналтын байцаагч нар, дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний мэргэжилтнүүд ийнхүү газар дээр нь очиж шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дээрх арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч нөгөө талаар иргэдийн гомдлын дагуу ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах болон махан бүтээгдэхүүн, жимс зэрэгт иргэдээс хамгийн их гомдол ирдэг байна.
Худалдаа эрхлэгчид ажлын байр байхгүй, ажил олдохгүй амьдрахын тулд ийнхүү зогсч байна гэсэн тайлбарыг хэлдэг. Тэдэнд хорооллын Корал төв, Ачлал, Апекс төвүүд, Барс-2 захад хямд үнээр түрээслэх боломжтой лангуу байгаа ч худалдаа эрхлэгчид түрээс өндөр гэсэн шалтгаанаар тус газруудад худалдаа хийхээс татгалздаг гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.