Categories
мэдээ нийгэм

Малчин монголчууд малын хараал хүрсэн мэт тамын амьдралаар амьдардаг

Монголчууд гэхээр дэлхий нийт биднийг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг жинхэнэ мэргэжилтнүүд гэж боддог. Монгол дээл өмсч, морин дэл дээр давхихаа их, багагүй имижээ болгож, гадаадад гайхуулах ганц гангараагаа гэж хардаг болохоор арга ч үгүй биз. Хамгийн сүүлд гэхэд дэлхийн миссийн тэмцээнд орсон турьхан бүсгүй хүртэл эр хүн шиг морь унаж эрвэлзсэн. Найман настай балчраас наян настай буурал хүртлээ мал малладаг гэдгээрээ бахархдаг. Энэ мэт сурталчилгаа монголчуудыг малын мастер юм байна гэдэг ойлголтыг төрүүлдэг нь лавтай. Бид мал малладаг нь маргаангүй, малч ард түмэн. Гэвч малтай харьцах арга ухаан нь чухам хэр хэмжээнд байна вэ.

Бодоод үзье. Бид малтай яаж харьцдаг билээ. Мал харахаараа мах үзсэн аятай гуугалж, хүүг хаая гээд захирч зандраад эхэлдэг хачин зуршилтай. Хэрэв амьтан хамгаалах олон улсын байгууллага малтай харьцаж буй энэ арга ухааныг шалгаад дүн тавьдаг бол лав муу авах нь дамжиггүй. Муугаар дүгнүүлээд зогсохгүй соёлт хүн төрөлхтний жигшил зэвүүцлийг төрүүлэхээр байна. Яагаад гэвэл монгол хүн мал хэмээх амьтныг тамлан зовоохуйц зэрлэг балмад аашилдаг ажээ.

Наад захын жишээ нь монголчууд мал болгонд таарсан хараал зүхэлтэй хүмүүс. Дургүй нь хүрсэн үедээ үхрийг муу мялзангууд гэж хараана. Мялзан гэдэг нь үхрийн цочмог гоц халдварт өвчин. Хонийг хохироо, ямааг годрон, тэмээг үдээр, адууг адсага гэж доромжилно. “Яадаг муу адсага вэ, муу годронг алаад идэхээ мэдье ээ” хэмээн мал зүхэж байхыг сонсоогүй монгол хүн байна уу.

Тэмдэг тавих нэрээр мал тамлах нь бүр ч аймшигтай. Тэглээ гээд үүнийг нь буруушаасан хэн нэгнийг монголчууд “юм мэддэггүй тэнэг” гэж адална. Тиймээс энэ нь малд бурхнаас оноосон хувь заяа, бүр эцсийн эцэст мал бол мал нэрэндээ таарсан өвдөлт мэдэрдэггүй амьтан гэдэг мулгуу ойлголтыг монголчуудын тархинд суулгажээ. Мал хөнгөлөх, унага тамгалах зэргийг ёс заншил мэтээр дөвийлгөж, нийтээрээ баяр наадам болгон санаа амар тэмдэглэн маазардаг нь ийм учиртай. Монголын ганц брэнд үйл явдал юм шиг гайхуулан савсганаж, гоёж гоодон байж соёлт хүн төрөлхтөнд үзүүлэмгүй харгислалыг бид үйлддэг.

Унага тамгалж байна гээд төмөр улайсгаж арьсыг нь түлнэ. Адууг хөнгөлж байгаа нь энэ гээд халуун төмрөөр төмсгийг нь тасдаж авна. Мал тамлах зан үйл үүгээр дуусахгүй. Хавар эхээс төрөөд хоёр сар ч болоогүй нялх ишиг, хургаа хөнгөлнө. Хурганы засаа идэхийн мөрөөсөлд автаж, бөөн хөл хөөрцөг болж байж нялх амьтны чивийг суга татаж авна. Тусгайлан засаачин “цолтой” нөхдүүдийг дөвийлгөж, хөнгөн гартай нь олноо өргөмжлөгдөн алдарших нь холгүй “тэнэгтэх” нь энүүхэнд. Малд им тавина гээд жишим ч үгүй чихийг нь тас огтлоод шүлснээс өөр эмгүй хэмээн нулимж мунхаглана. Үхэр, тэмээг дөрлөж эрхшээлдээ оруулна. Адуу сургаж, номхруулах үйлдэл ч үнэндээ өрөвдмөөр тарчлаан. Морь уяхын гайхамшгийг уяачид бишрэн сурталчилж баярхдаг. Гэвч морь уяна гэдэг нь өөрөө морийг хоол, усгүй сойж, өлсгөж биеийг нь хөнгөрүүлж байгаад хол зайд давхиулдаг харгислал. Энэ бүхнийг хүн дээр туршиж байна гээд бие махбодоороо төсөөлөөд нэг үз, аймшиг.

Малаа хайрлах, өрөвдөх сэтгэлгүйн өөр нэгэн жишээ нь мал тээвэрлэлтийн стандарт. Дөнгөж нар, салхи хаасан төдий, тал нь онгорхой намхан тэвшинд малаа ачаад нааш цааш зөөж давхилдана. Найр наадам хэсч өөрсдийгөө зугаацуулна. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд өнөө мал л тамаа цайна. Тэглээ гээд төрөөс тоож байгаа юм байхгүй. Тоолоо гэхэд малаа хамгаалах бус малчдын тэтгэврийн насыг наашлуулна гэж нялцганахаас цааш хэтрэхгүй.

Балар эртний үеийн, хуучирсан ийм бүдүүлэг аргуудаас монголчууд л салаагүй өнөө хүртэл чирч ирсний баталгаанууд энэ. Дэлхий нийт бол үүнийг соёлоосоо хэдийнэ таягдаад хаячихсан. Барууны орныхон хөнгөлөх гэж байгаа малаа тариа хийж унтуулаад тусгай бодисоор ариутгасны дараа ажилдаа орж байна. Мөн тэмдэг тавихын тулд мал тамлаж, халуун төмрөөр шалзлах ч хэрэггүй. Малдаа бар код бүхий чип суулгаад л болчихно. Чипээ уншуулаад тухайн малын удмын сангийн мэдээллийг гаргаад ирдэг болтлоо мал маллах арга ухаан хөгжжээ. Дэлхийн хөгжил энэ дайнд хүрчихээд байхад бид хүннү сүннүгийнхээ үеэс салаагүй гэлдэрч явна. Энэ бол бидний мэдлэг боловсролгүй, өнөөдрийг хүртэл явж ирсний гай.

Монголчууд түүхэндээ өлсгөлөн байж үзээгүй ард түмэн. Үүнийгээ малын буян гэж сайрхдаг. Гэвч мал маллагааны арга технологио шинэчлээгүйгээс Монгол Улс хөгжиж чадсангүй. Мал нь манай хөгжлийн чөдөр тушаа болсоор ирж. Энэ бүхэнд арван цагаан буян шингээсэн мал маань буруугүй. Өлсдөггүй хэрнээ хөгждөггүйн учир ердөө бэлчээрийн мал аж ахуйгаа ухаалгаар ашиглаж чадахгүй байгаа монгол хүний буруу. Цатгалан хүн сэтгэдэггүй гэдэг л тэр. Монголчууд оршин тогтнож ирсэн түүхэндээ малаа дагаж, махыг нь идэхээс илүү гарч, санаж сэдээгүйн лай. Гэтэл соёлт хүн төрөлхтөн малыг найз, нөхөр лугаа үзэж өсгөн үржүүлж байна. Бараг худлаа хэлсэн хүнд хөгжилтэй улсын мал муухан шиг орны ядуу иргэдээс дээр орчинд өсч байгаа. Гэтэл манайд хахир хүйтэнд малаа дааруулж, өлсгөлгүй 100 хувь онд оруулдаг үе бий юу гэдэг нь эргэлзээтэй. Нар, салхи хаадаг юм уу гэлтэй сарсайсан саравчинд хэвтэр хайсан малууд эзэнтэйгээ юутай хээтэйгээ зовсон тамын амьдрал л Монголд байна.

Мал маллах нь борви бохисхийх зав өгдөггүй нөр их ажил, хүнд хөдөлмөр мөн. Тиймдээ ч хүүхдээ дэлхийтэй хөл нийлүүлэх зиндааны боловсролтой хүн болгохоос илүү малаа дагавал ам тосдоно гэдэг төөрөгдлөөсөө болоод дэлхийн хөгжлөөс хоцорчихоод байна. Үр хүүхдээ ч өсгөх завгүй малаа малласны ач гавьяа өнөөдрийн Монголын хөгжлийн түвшин. Улсыг хүн удирдана, мал удирдахгүй гэдэг ийм энгийн зүйлийг ухаарч чадалгүй өдий хүрснийг одоогоор Монголоос нэг ч Нобелийн шагналтан төрөөгүй явдал баталж байна.

Уг нь хөдөлмөрийн амт гэдэг нь амрах цагтай, ашиг орлоготой, баяр баясгалантай байхыг хэлдэг. Тиймээс хөдөлмөрөө хөнгөвчилж, мал, хүнтэйгээ баяр баясгалантай байхын тулд малчид малчин хөлсөлж ажиллуулахдаа “хорголоо” тоолдоггүй, орчин үеийн шинэ аргачлалуудаас сурах хэрэгтэй байна. Үгүй бол бэлчээрийн мал аж ахуй хүнд амрах зав, ашиг орлого ч өгөхгүй. Мал аж ахуйгаа аз жаргалтайгаар хөгжүүлж, ашиг олдог хөдөлмөр болгохын тулд дэлхий нийтэд шалгарсан шинэ арга ухаанд суралцаж, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлмээр байна. Энэ тал дээр эрдэмтэн судлаачид түлхүү ажиллаж, малчдадаа номын дуу сонсгооч, орчин үежүүлээч гэж хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Малчин Монголчууд малын хараал хүрсэн мэт тамын амьдралаар амьдардаг” нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы 2017 оны есдүгээр сарын 19-ний мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигч таны гар дээр очиж байна. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэе.

Нэгдүгээр нүүрэнд “Ханшийн өсөлтөд огцом нөлөөлсөн Засаг огцруулах жүжиг монголчуудыг туйлдуулж байна” гэсэн Өдрийн сурвалжлагыг онцолжээ. Мөн Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.Уламбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг унших боломжтой.

Хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн С.Жавхлан “Би Монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна” гэсэн ярилцлага, “Ирэх өдрүүдэд улс төр хэрхэн өрнөх вэ” гэсэн нийтлэлийг тус тус хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг гуравдугаар нүүрт “Малчин Монголчууд малын хараал хүрсэн мэт тамын амьдралаар амьдардаг” нийтлэл хэвлэгдсэн байна.

Харин зургаадугаар нүүрнээс өдрийн сурвалжлагын үргэлжлэлийг уншаарай.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс “Дээрмийн хэрэгт шалгагдаж байсан Н.Гэлэгбаатар бусдыг хутгалжээ”, “НӨАТ-ын баримт бүртгүүлэх системд ямар нэг эвдрэл, гэмтэл гараагүй” гэдгийг хүлээн авч уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрэнд “С.Лавров, Р.Тиллерсон нар уулзсан байна” болон бусад гадаад мэдээлэл нийтлэгдсэн байна.

Эмч нүүрнээс Монголын радиологийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Интервенционал радиологийн эмч, доктор Б.Эрдэнэбулгантай хийсэн ярилцлагыг уншаарай.

Уран бүтээлч нүүрнээс “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Батсуурийн Баясгалантай хийсэн “Манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй” хэмээх сонирхолтой ярилцлагыг шимтэн уншаарай.

Танин мэдэхүй нүүрнээс “Биотехнологичид бактер, мөөгөнцрөөс түлш гаргах боломжийг хайж байна” хэмээснийг хүлээн авч унших боломжтой.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/ Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *