Categories
мэдээ цаг-үе

Гурван үеийн гэрээт хилчид Сулинхээрт чуулж, эх орныхоо өмнөд хилийг эргэв

Сайн сүүжийн заставын гэрээт хилчид

Есдүгээр сарын эхэн намрын шар нар ээсэн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын үүднээс хоёр гурван автобус, цэргийн ачааны камаз машинууд, оросын фургон зэрэг тав зургаан техник хэрэгсэлтэй цуваа нийслэлээс зүүн өмнийг чиглэн хөдөлсөн сөн. Төв аймгийн Баян сумын нутаг уудам талд түр зогсох үед намар атлаа зунаараа нялхарсан цэцгүүд найгаж харих биш ирэх цагийг сэтгэлийн аглагт урин авчирна. Өглөө эртлэн гарсан манай цуваа Дорноговь аймгийн Сайншанд хотод үдээс хойш очиж, унаа тэргүүдээ шатахуунаар цэнэглэн, Сайншандын цаахна талд байрласан цэргийн хөдөлгөөнт хэсгийн хээрийн багахан анги дээр үдлэв. Өмнөд хилийг зорих болсны учир нь эх орныхоо хилийг нүд цавчилгүй хамгаалж яваа гурван үеийн гэрээт хилчдийн чуулга уулзалтыг Сулинхээрийн отрядад зохион байгуулах гэж байгаа талаар ХХЕГ-ын захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, бригадын генерал Жамсрангийн Бямбасүрэнгээс мэдэж авав.

Гэрээт хилчин гэсэн үг олон нийтийн чихнээ хоногшоод нэлээд хэдэн жил болсон. Анхандаа ч хилийн ойролцоох малчин ардуудтай л гэрээ байгуулж хилээ хамгаалах юм байна гэж ойлгогдож байсан. Тэгвэл өнөө энэ ойлголт их эерэг бөгөөд мэргэжлийн гэрээт цэрэг гэж хэлэгдэхээр түвшинд хүрчээ. “Гэрээт цэрэг гэрэлтэй алба” гэсэн шинэ цагийн хэлц үг ч бий болж. Монгол Улсад Хил хамгаалах байгууллага албан ёсоор байгуулагдаад ная гаруй жилийн түүхээ хэдийнэ бичсэн бол гэрээт цэргийн алба бий болоод даруй арван жилийн ойтойгоо энэ онд золгож буй аж. Өнгөрсөн арван жилийн хугацаанд гэрээт хилчний албанд хоёр мянга гаруй залуу сайн дураараа ирснээс Хилийн сургууль болон Оросын холбооны улсын Хилийн албаны институдэд 25 хүн элсэн суралцаж төгсөөд эдүгээ офицероор ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд Хууль сахиулахын их сургуульд 55, ОХУ-ын Курган хотын Хилийн институдэд 15 гэрээт хилчин ирээдүйн офицероор бэлтгэгдэж байна. Мөн 413 гэрээт хилчин гэрээгээ дуусгаад ахлагчийн албанд шилжин амжилттай ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд нэг гэрээт хилчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Хээрийн хоймор голлосон нэгэн асарт Дорноговь аймгийн музейнхэн үзмэрүүдээ дэлгэжээ. Музейн захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат “Манай музейд Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн жинхэнэ эх хувь хадгалагддаг. Арвай генералын эдэлж байсан гар буу зэрэг ховор үзмэрүүд бий” гэж байна. Улаан-Уулын отрядын хилчдийн бэлтгэсэн тоглолт сонирхоод Хатанбулаг сумыг зорилоо. Байгуулагдсан цагаасаа эхлэн Замын шандад зожигрон байсан Хилийн 0168 дугаар анги ноднин жил Хатанбулаг сумын зүүн урд хаяанд нүүж ирэн тохижоод байгаа аж. Шувуу ч нисэхгүй шахам эзгүй буйд газар зэрлэгших шахуу байсан Сулинхээрийн отрядынхан харьцангуй төв суурин газарт суурьшсанаар цэргийн албан хаагчдын үр хүүхдүүд хүртэл сургууль, цэцэрлэгтэйгээ золгоцгоосноо ярьж байсан. Сулинхээрийн отряд сум, аймгийн төвд бус зээрийн сүрэг нүүдэллэх зэлүүд талд байрлаж байсан болохоор улс орны хөгжлөөс хүссэн, хүсээгүй хоцорч байж. Сургууль, эмнэлэг, банк гээд нийгмийн үйлчилгээ авахын тулд 45 километрийн цаана орших Хатанбулаг сумын төв орно.

Гэрээт хилчид эргэлийн зоон дээр

Гурван үеийн гэрээт хилчдийн чуулга уулзалт 0168 дугаар ангийн жагсаалын талбайд цэргийн сүрлэг жагсаалаар эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд Хатанбулаг сумын ИТХ-ын дарга Энхцэцэг ирж оролцон хилчин дайчдад баяр хүргэсэн юм. Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албыг анх 2007 оноос туршилтын журмаар хэрэгжүүлэн, улмаар дараа жил нь өмнөд болоод хойд хилд нэг, нэг заставыг энэ албанд шилжүүлсэн байдаг. Гэрээт хилчний албаны Загалмайлсан эцгээр ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнг нэрлэхэд хилсдэхгүй. Хил хамгаалах байгууллагын удирдлагууд одоогоос арван жилийн өмнө туршилтын журмаар гэрээт хилчин элсүүлэн, улмаар энэ бүгдийгээ удирдах дээд байгууллага болоод УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд ойлгуулсан байдаг. Гэрээт хилчний албаны журам дүрмээ ч гарган батлуулав. Эхний үед “Энгийн ч юм шиг, цэргийн ч юм шиг эрлийз алба нэг их хол явахгүй” гэх хүн мэр сэр байж. Гэрээт цэргийн алба хаагч хоёр хоёроороо нэг өрөөнд төрсөн гэртээ байгаа юм шиг амьдарна гэхээр хэн хүний санаанд буудаггүй. Гэрээт хилчид цалин авна, дуртай хоолоо захиалж зооглож болно, амралтынхаа үеэр биеийн тамирын хувцастай байхыг зөвшөөрнө гэх зэрэг үнэхээр санаанд багтамгүй заалтууд уг журамд нь багтаж байв.

Гэхдээ гэрээт хилчний алба эрсдэлтэй, бас тодорхой хэмжээгээр хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, алба үүрэг нь цэргийн дүрэм журмын дагуу явагдана гэдгийг тусгасан байлаа. Хэдийгээр хугацаат цэргийн алба хаагчаас хамаагүй өөр нөхцөлтэй боловч амралтын газар шиг биш шүү гэдгийг илэрхийлсэн байв. Зөрчил гаргавал авах мөнгөтэй нь ярихаас гадна гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ч журамласан байлаа. Ажлын байр хомс хөдөөгийн аймаг сумдын иргэд залуус ажлын байртай болохоос гадна гэрээт хилчид маш олон нийгмийн халамж, хөнгөлөлт эдэлнэ. Хамгийн гол нь тогтмол цалинтай. Мөн цаашдаа гэрээгээ дууссаны дараа албаа үргэлжлүүлэн ахлагч, офицерийн бүрэлдэхүүнд шилжих боломжийг тусгасан байлаа.

Гэрээт хилчний алба ингэж Монгол Улсын хил хамгаалах байгууллагын түүхэнд бичигдэж эхэлсэн байна. Улсынхаа дархан хилийг хамгаалж яваа газар газрын гэрээт хилчид чуулж биенээсээ туршлага судалцгаасны дараа сагсан бөмбөгийн тэмцээн болов. Адуу шиг дэжигнэсэн залуусын золбоо хийморийг чухам эндээс харж болохоор аж. Үдэш нь туяа тоо хийж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан тоглолтоо толилуулав. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Март, дуучин Отгонжаргал, Дүүриймаа, Хаш нарын дуулахыг ахин дахин дахиулах эр цэргүүдэд урлагийн амьд тоглолт чухамдаа ангааг нь тайлах рашааны дусал гэлтэй.

Сулинхээрийн отрядаас Сайн сүүжийн застав руу явах замдаа дорнын говийн үзэсгэлэнт газруудын нэг Эргэлийн зоог зорин очиж сонирхоцгоолоо. Эргэлийн зоо сумын төвөөс баруун хойш 20 гаруй км зайтай бөгөөд энэ нутгаас олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байдаг. Байгалийн гайхамшигт сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй эл газраас гучин сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворууд их олддог төдийгүй хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг билээ. Эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор Эргэлийн зооны 609 км кв талбайг улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Анх 1920 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюсийн судалгаа шинжилгээний анги ирж судалж байсан аж. Эндрюс Эргэлийн зоо орчмоос гурван зуу орчим тэмээн ачаа авч явсан нь үнэлэхийн аргагүй гайхамшигт олдворууд байсныг өнөөдөр бид бэлхнээ мэдэх болжээ. Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедици түүнээс хойш ажиллаж судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт Эргэлийн зоог “Алтан уул” хэмээн нэрлэж алдаршуулсан байна. Эзэн богд Чингис хаан өмнө зүгийг дайлаар мордох үедээ Эргэлийн зоон дээр буудаллан мөнх хөх тэнгэртээ сүслэн мөргөөд явдаг байсан домог ч байдаг. Нутгийн ард түмэн энэ сайхан нутгийг эрт дээр үеэс тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилдуулан өргөн дэлгэр наадам хийдэг байжээ.

Сайн сүүжийн заставт очиход морьтой хилчид алсаас угтаж авав. Генерал Бямбасүрэнд уужим сайхан ташаатай том хонгор морь бэлджээ. Заставын дарга О.Ууганбаяр дөрөөн дээрээ өндийн хил тайван байгааг илтгэхэд дарга цэрэг гэлтгүй хэн хүний сэтгэл долгисон хөдөлж байв. Сэтгүүлчид хилийн харуулын цамхагт очиж зураг хөрөг авахуулахаар мориор явах үед заставын гэрээт хилчин Баянмөнхийн уруулаас жаахан угзарлаа. Баянмөнхийн аав ээж, ар гэр нь Увс аймгийн Улаангом хотынх аж. Тэр хоёр жилийн гэрээт хилчнээр Сайн сүүжийн заставт иржээ. Цалин мөнгөтэй, хангалт сайтай учир эх орныхоо хилийг хамгаалж, эрүүл саруул хөдөөгийн буйдад амьдрах нь түүнд их таалагддаг гэнэ. Энэ заставын гэрээт хилчин Чойжамцын өрөөнд тухалж нэг хоногийг үдлээ. Чойжамц бол биеэр шавилхан ч их сэргэлэн залуу юм. Тэрээр бодибилдингийн тэмцээний аваргаар хоёр ч удаа шалгарч байсан хүчтэн аж.

Заставын дарга генералд илтгэл өгөв

Харин хугацаат цэрэг Б.Адарсүрэнгийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аав, ээж, дүү нар нь мал маллан амьдардаг айлын ууган хүү юм. Түүний хувьд ирэх намар халагдаж нутагтаа очиж малаа маллах сонирхолтойгоо ярьж байсан. Хилийн туслах гишүүн Маамын Машбат хэмээх хижээл насны айлд очлоо. Хилийн туслах гишүүн гэдэг нь хил орчмын бүсэд амьдардаг малчин өрхүүд хилчин дайчдын хэрэгцээтэй үед унаа мал, хоол хүнсээр туслах үүрэг хүлээдэг айлыг хэлдэг аж.

Сайн сүүжийн заставын сургалт эрхэлсэн орлогч Баттөгөлдөр арваад жилийн өмнө хил зөрчигч илрүүлж ерөнхий командлагчаас “Онц хилчин” одон тэмдгээр шагнагдаж байсан хилчин юм. Заставын бас нэг орлогч Ганзул ч бас хил зөрчигч илрүүлж байж. Ийм л сэргэг хилчдийн соргог харц улс орноо, уулс даваагаа харуулдан хамгаалж байдаг нь бахархалтай санагдаж байлаа. Долоодугаар заставын ахлах дэслэгч Доржсүрэнгийн Чагнаадорж ахлагчтай морин цэргийн багийнхны үзүүлбэр монгол хүн бүрийн сэтгэлийг огшоох зүйл байлаа. Тэд уран сайхны кинон дээр л гардаг шиг жижиг дарцаг шүүрч, мориныхоо нэг тал руу нуугдан чирэгдэж, давхиан дунд нь бууж мордох гээд олон чадварлаг үзүүлбэрээр бидний харцыг мялаав. Дорнын говь, өмнийн хилд тэмээ гээч буянтай мал их нэмэр болдог нь илт. Өвлийн нүүр нүдгүй шамаргалах цасан шуургатай шөнө тэмээ хилчдийн дулаан нөмөр, ээлтэй нөхөр болсон тухай олон хилчний ярихыг сонсоход цаанаа л таатай. Сайн сүүжийн заставаас Замын-Үүдийн хилийн анги хүртэл явах зам элсэн манхан ихтэй учир унаа тэргээ бууж түрэх зэрэг бага сага адал явдалтай явсан.

Хилийн 0129 дүгээр ангийн онцлог бол эх орны зүүн өмнөд хаалга болсон Замын-Үүдээр орж гарах хөдөлгөөнийг хянадгаараа онцлог. Энэ хавархан гэхэд өмнөд хөршийн нэг иргэн машинтай хил зөрчиж орж ирснийг илрүүлэн буцааж байсан. Эдний ангийнхны нэг чухал үүрэг бол янз бүрийн үүлдрийн хилчин нохой бэлтгэх сургуулилт байдаг аж. Түвд банхар, герман овчарка зэрэг нэлээд олон үүлдрийн ноход бараг хүнээс дутуугүй сургуультай болж буйг энд харж болно. Хилийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Эрдэнэбат Улаанбаатар хотын унаган хүүхэд гэхэд хил дээр хорь гаруй жил алба хааж буйгаа бахархан ярьж байна. Ер нь хилчдийг анзаарч байхад ихэнх нь удам дамжсан хилчид байх жишээний. Бригадын генерал Бямбасүрэнгийн аав, авга хоёр нь гэхэд л хилийн цэргийн офицерууд юм билээ. Харин генерал өөрөө Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын мужаанаар анх ажилд орж, улмаар Хилийн сургууль дамжин суралцаж өнөөгийн өндөрлөгт хүрчээ. Монгол Улсынхаа өмнөд хилийг тойрсон сэтгүүлчдийн аялал Замын-Үүдийн хил дээр босгосон бага дэслэгч Жамбаа, байлдагч Данх, Дашдаваа, Чойсүрэн, Сундуй нарын бүрэлдэхүүнтэй манаа 1943 оны есдүгээр сарын 7-нд гадаадаас хил нэвтэрсэн зэвсэгт бүлгийг няцааж гавьяа байгуулсан Данх толгойн дурсгалын гэрэлт хөшөөнөө очсоноор үндсэндээ өндөрлөсөн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *