МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах санаачилга гарахтай зэрэгцээд дараагийн Ерөнхий сайдад МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэрс дуулдаад эхэлсэн билээ. Тодруулбал, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын нэг нь л Бага хурлаас гарч ирнэ. Ямартай ч Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад хүч үзнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Н.Энхболд гишүүний хувьд нэрээ татсан гэх цуу яриаг үгүйсгэж, намын нөхөд рүүгээ ярьсан сурагтай. Тэрбээр өчигдөр Бага хурлын гишүүдтэйгээ утсаар холбогдож “Би Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэ ээ. Намайг нэрээ татсан гэдэг худал мэдээлэл шүү. Дэмжээрэй” гэсэн агуулгатай яриа өрнүүлснийг хэлэх хүмүүс байлаа. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлынхаа өмнө тохиролцоонд хүрэхээр өчигдөр хуралдсан юм. Удирдах зөвлөл өчигдөр орой 18.00 цаг өнгөрч байхад эхлээд 22.00 цагт дуусаагүй байлаа. Тэд Бага хурлаар хэлэлцэх сэдвүүдээ тогтох нэрийн дор ийн цуглаж, хэнийгээ Ерөнхий сайдад дэвшүүлэх асуудлыг голдуу ярьцгаасан бололтой. Удирдах зөвлөл шөнө дөл болтол сунжирсан нь МАН-ын фракци бүлэглэлүүд тохиролцоонд хүрч чадахгүй байсантай холбоотой болохыг дотроосоо мэдээлж байв. Эх сурвалжуудын хэлснээр Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой болжээ. Харин Н.Энхболд гишүүний хувьд заалнаас нэр дэвших тухай мэдээлэл байна.
Зунжин дуншиж байгаад зарлагдсан МАН-ын Бага хурлаар юун түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Дараагаар нь МАН-ын Их хурлынхаа товыг зарлаж, зохион байгуулах комиссын гишүүдийг батлах юм. Энэ өдрийн хамгийн гол хүлээлт болох Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тодруулах ёстой. Эндээс Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорхой болох юм. Харин МАН-ын даргыг намын Их хурлаар сонгоно.
М.МӨНХ