Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” форум өнгөрсөн зургаадугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болсон юм. Энэхүү форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай улсын байр суурийн тухай танилцуулан илтгэл тавьжээ. Түүний тавьсан илтгэл 28 илтгэлээс Сингапурын Ерөнхий сайд асан Го Чак Тон, Малайзын Ерөнхий сайд асан М.Махатир нарын дараа III байрт шалгарсан байна. “Азийн ирээдүй” форумд оролцогчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг улс төрчийнх нь хувьд сонирхолтой гэж 28 илтгэгчээс хоёрдугаарт нэрлэжээ.
Тус форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр төвшний төлөөлөгчид оролцсон байна.