Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Хашчулуун: Сайн нийтлэл, ярилцлага, сурвалжлага бүхэн сайн борлуулалттай байдаг

“Өдөр тутмын сонины анхдугаар форум” Blue Sky цамхагт өчигдөр боллоо. Тус форум “Одоо ба ирээдүй”, Ирээдүй ба сорилт” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй явагдсан юм. Тухайлбал, “Одоо ба ирээдүй сэдвийн хүрээнд гурван илтгэл, панел хэлэлцүүлэг өрнүүлж байв. Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион “Өдөр тутмын сонинууд бол үндэсний дархлааг бэхжүүлэгч нийгмийн хамгийн гол медиа ” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр цөөнгүй хүн, магадгүй манай сонины салбарынхан энэ форумд ирэхдээ өдөр тутмын сонины салбарын өнөөгийн байдалд сэтгэл дундуур байж магадгүй.

Энэ нь нэг талаар бодитой. Учир нь сүүлийн жилүүдэд цахим орчны хөгжил, дижитал технологийн хурдтай тархацын үед сонины салбар хамгийн болхи бөгөөд удаан байсан. Бүх л цаг үед тэргүүлэгчид байсаар ирсэн, нийгмийг манлайлж байсан салбарын хувьд энэ нь хатуу цохилт байсан болов уу. Гэхдээ хэдэн удаа унасанд бус, унах болгондоо босдог байх нь хамгийн чухал гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Иймээс бид сонины салбарын одоо биш ирээдүйн талаар ярилцах гэж, санал бодлоо солилцох гэж, хамгийн гол нь хамтдаа нэг чиглэлд, нэг зорилготой болохын тулд энд цугласан. Олон хүн “Өдөр тутмын сонины эрин үе дуусчихсан юм биш үү, сонины захиалга явахаа байлаа. Хөгшин хүмүүс л уншдаг болжээ.

Би бараг бүх мэдээллээ фэйсбүүкээс авдаг” гэх зэргээр ярьдаг. Магадгүй зарим хүмүүст ингэж санагддаг байж болно. Гэхдээ яг бодит байдал нь харагдаж буйгаасаа өөр гэдгийг онцолмоор байна. Тодруулбал, өдөр тутмын сониныхон уншигч бол хогийн сав биш гэдгийг маш сайн мэддэг. Сонинд багтаагүй мэдээлэл бол тийм ч чухал биш гэдэг нь ойлгомжтой. Цаг хугацаа улам хязгаарлагдмал, эргэлдэж буй мэдээллийн хэмжээ улам бүр их болж байна. Иймээс сонгомол чухал мэдээлэл хамгийн үнэ цэнтэй хэвээр байна. Уншигчдын 90 хувь нь мэдээллийг өөрийн итгэдэг эх сурвалжаасаа авахыг хүсдэг. Фэйсбүүк, цахим орчны хуурамч мэдээ, дутуу шуурхай эрээвэр, хураавар бүрэн бус мэдээллээр дүүрсэн энэ цаг үед уншигчдын сонинд итгэх итгэл улам бүр нэмэгдэж байна. Учир нь долоо хэмжиж нэг огтол гэдэг үг байдаг. Энэ үг эдүгээ зөвхөн сонины редакцид хэрэгждэг юм. Сүүлийн үед гаргасан судалгааны талаар яръя. Дэлхийн хүн амын тал хувь нь өдөр бүр сонин уншдаг. Нэг өдөрт 2.5 тэрбум сонинг хэвлэмэл хэвлэлээр, 600 сая сонинг цахим хэлбэрээр уншдаг байна. Нийлүүлээд тооцвол өдөрт 3.1 тэрбум гэсэн үг. Энэ бол интернэт хэрэглэгчдийн тоотой тэнцүү юм. Олон улсын аудит баталгаажуулалт товчооны дүн мэдээ юм. Гол өсөлт Азийн зах зээлд буй. Харин эсрэгээрээ барууны орнуудад энэ хугацаанд уншигчдын тоо тогтмол буурч байгаа. Гэхдээ сүүлийн таван жилд сонин унших хүмүүсийн тоо өссөн юм. Сонинууд нийгэмд давамгай нөлөөтэй байдаг” гэж байлаа.

Форумд өдөр тутмын сонинуудын удирдлагууд, сэтгүүлчид болон мэдээлэл технологийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн, багш нар оролцож, технологид суурилсан цахим мэдээллийн хэрэгсэл хүчээ авч буй энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай байгаа болон тулгамдсан асуудлуудыг шийдэрлэх арга замын талаар санал солилцов. Дэлхийн жишгээр тогтмол хэвлэл нь мэдээллийн гинжин холбооны тэргүүнд байдаг нь манай улсад ч ижил. Үүнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалах нь форумын гол зорилго гэдгийг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион онцолсон юм.

Харин нийтлэлч Баабар хэлэхдээ “Сонин бол монголын хэвлэлийн түүчээ нь болж яваа. Сонины бодлогоор гарсан материалууд хэвлэлийн салбарт томоохон байр суурь эзэлж, зөв шийдвэр нь болж байдаг” гэдгийг онцоллоо.

Панел хэлэлцүүлэгт Монголын өдөр тутмын сонинуудын холбооны гүйцэтгэх захирал С.Гантогоо, нийтлэлч Баабар, “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун, “Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр нар оролцож байсан юм. Энэ үеэр “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун: “Ер нь тухайн сонины редакциас гарч буй сэтгүүлчийн контент сайн нийтлэл, ярилцлага, сурвалжлага бүхэн сайн борлуулалттай байдаг. Товчилж хэлбэл, сайн нийтлэл, сайн борлуулалт хоёр нэг юмны хоёр тал. Ер нь бол сайн редакци байж, сайн бодлоготой байж, сайн сэтгүүлч төрдөг. Энэ гурван сайн юмнаас бий болсон сайн контент нь нийгэмд хүчтэй нөлөөлж үр дүн авчирдаг. Тэрнээс биш хувь сайн сэтгүүлч байгаад нийгэмд тийм хүчтэй нөлөө үзүүлдэггүй юм. “Өдрийн сонин” амжилттай байдаг нь дээрх тогтолцоо, зарчмаар явж ирсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ форум дээр сонин хэвлэлийн ирээдүйн талаар ярьж буй. Сошиал, цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн сайтуудад сонинууд зайгаа тавьж өгч байна гэдэг нь худал. Бид саяхан ээлжит тандалт, судалгаатай танилцсан. Тэгэхэд сонин уншигчдын тоо өмнөх оныхоос даруй 14 хувиар нэмэгдсэн байна лээ. Судалгаа бол ийм. Олон улсын чиг хандлагыг харвал Хонконг улсаас жишээ авч болж байна. Дэлхийн 200 гаруй улс орон дотор хамгийн их цахимжсан улсуудын нэг бол Хонконг. Гэтэл Хонконгд өдөр тутмын дөрвөн сонин үйл ажиллагаа явуулж байна. Тав дахь өдөр тутмын сонин өнгөрсөн хавар шинээр нэмэгдэж байх жишээтэй. Тэгэхээр хөгжсөн, хөгжиж буй орнуудад сонин хэвлэлийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Олон улс дахь энэ хандлага бодитой байгааг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгионы танилцуулсан Олон улсын аудитын баталгаажуулалт товчооноос гаргасан судалгааны дүнгээс харж болох нь” гэв.

Харин “Ирээдүй ба сорилт” хэсгийн хүрээнд “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээлэл, Эрэн сурвалжлах албаны дарга Д.Мөнгөндалай “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол сонины манлайлал” гэсэн сэдвээр илтгэл тавьж байв. Ингэхдээ өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ярихдаа шинэ төрөл зүйл Монголд орж ирчихсэн мэт шинэ соргогоор хүлээж авах хэрэггүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж өнөөдөр л ингэж сүр бадруулан ярьж байгаа болохоос Монголын сэтгүүлчид үеийн үедээ эрэн сурвалжилсаар ирсэн. Өчигдөр өнөөдрийн ялгаа нь гэвэл нийгэм нь өөр, нөхцөл боломж арай өөр байсан төдий л юм. Нэг намын тогтолцоотой хаалттай гэгдэх нийгмийн үед ч сэтгүүлчид эрэн сурвалжилж, зоригтой хурц нийтлэл, сурвалжлагуудыг хүргэсээр байсныг энд дурдах хэрэгтэй. Зохиолч, сэтгүүлч Барамсайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” нэртэй 1990-ээд оны эхээр гарч байсан прокурор Отгонбаярын хэрэг буюу олон хүн хэлмэгдүүлж, цаазын ял оноосон байсныг илчилснээр хэлмэгдсэн хүмүүсийн хэрэг задарч, шоронгоос суллагдаж байлаа. Барамсай гуайн энэ эрэн сурвалжилсан нийтлэл тухайн үеийн нийгмийг цочроосон дуулиант хэрэг юм. Мөн л 1990-ээд онд агаарын орон зайг гадныханд нууцаар түрээсэлчихсэн байсан хэрэг “Ил товчоо” сонинд нийтлэгдэж, дуулиан тарьж байв.

Ганц нам дангаар эрх барьдаг байсан хатуу үеийн Улс төрийн товчоог хуралдуулахад хүргэж байсан О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” эрэн сурвалжилсан цуврал нийтлэл, “Номон дээр гишгэсэн алдас” бүтээлүүд тухайн үеийн “Үнэн” сонинд нийтлэгдэж нийгмийг цочроож байсан. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэнд дээрх бүтээлүүд томоохон байр эзэлдэг. Одоогоос арав гаруй жилийн өмнө арван мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял авсан нялх хүүхэдтэй бүсгүйн талаар “Өдрийн сонин” нийтэлж байсан. Ингээд олон нийтэд хүргэсний үр дүнд хүний эрхийн хуульчид анзааран хуулийнхан цаашлаад Ерөнхийлөгчид асуудлыг тавьж эцэст нь суллагдаж байсан. С.Зоригийн хэргийн сэжигтэн болгож Д.Энхбатыг Францаас Европын холбооны улсуудаар дамжуулан олон улсын гэрээ контракт, хүний эрхийг ноцтой зөрчин, нууцаар авчирч хорьсон хэргийг манай сонин олон нийтэд эрэн сурвалжилж хүргэснээр энэ адармаатай хэргийг хааж, хэрэгт Д.Энхбат холбогдолгүй болохыг нь тогтоож шоронгоос суллагдсан. Удалгүй нас барсан байдаг. Тэрээр шоронгоос гарч ирээд “Өдрийн сонин”-д сүүлийнхээ ярилцлагыг өгсөн юм. Эрэн сурвалжилсан нийтлэлүүдийг захаас эхлээд дурдахад ийм байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй өнөөдөр ч ажлаа хийсээр байгаа. Гэвч хуучин хаалттай нийгмээсээ дутахгүй хэвлэл мэдээллийн амыг хаах заалтуудыг үе үеийн эрх баригчид ил далдаар хуулинд оруулсаар ирсэн. Сүүлийн үед эрх баригчид хэвлэлд улам хаалттай болж, мэдээллийг нууцлах боллоо гэдгийг онцлов.

“Сонин форум 2017” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хэлэлцүүлгийн үеэр хамгийн чухал нь “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих” тунхаг бичгийг батламжлахаар өдөр тутмын сонинуудын төлөөлөгч, дарга нар гарын үсэг зурсан юм. Тус тунхаг нь эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэх шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх зорилготой ажээ.

Форумын үеэр Монголын өдөр тутмын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажуулж байгаа нь онцлох үйл явдал боллоо. Тунхагт аливаа мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаар нотлогдсон мэдээллийг нийтлэх шаардлагыг тодотгон тусгажээ. Энэхүү хоёр тунхгийг баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүлзүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулж байгаа хэрэг юм байна. Түүнчлэн цэвэр нийгэм, улс төрийн эрүүл орчин, нийгмийн цэвэр сэтгэлгээний суурийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тунхагт нэгдэж байгаа гэдгээ Монголын өдөр тутмын сонинуудын удирдлагууд энэ үеэр мэдэгдсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *