Хойд Солонгосын худалдааны томоохон түнш Хятад тус улсад нийлүүлдэг газрын тосны экспортоо хязгаарлаж, бөс барааны экспортыг бүрэн зогсоосноос Пхеньянд шатахууны үнэ сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа гэнэ.
Хятад улс бол Хойд Солонгосын худалдааны хамгийн чухал түнш төдийгүй валютын гол нөөц болж байсан юм. Бөс барааны худалдааг бүрэн зогсоосон нь Пхеньяны олон жилийн хориг арга хэмжээний уршгаар элгээрээр хэвтсэн эдийн засагт асар хүнд цохилт болж байгаа бол газрын тосны бүтээгдэхүүний гол чухал эх үүсвэр нь байсан Хятад экспортын хязгаарлалт тавьж эхэлсэн нь “пуужинтай эр”-ийг тун эвгүй байдалд оруулж байгаа юм.
АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд ОХУ, Хятадыг Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийн эсрэг эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэд хойрго хандаж байгааг шүүмжлэх болсон. Мөн Хойд Солонгос энэ сард дахин цөмийн пуужин туршсан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болсон билээ.
Хятадын худалдааны сайдын мэдэгдэлд дурьдсанаар тус улс Хойд Солонгост байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон бөгөөд газрын тос, шатахууны нийлүүлэлтийг ирэх аравдугаар сарын 1-нээс зогсоох юм байна.
Харин газрын тосны бүтээгдэхүүнийг НҮБ-ын зөвшөөрлийн дагуу хязгаарлагдсан хэмжээгээр нийлүүлсэн хэвээр байгаа юм.
Гэвч Хятад, Хойд Солонгосын худалдааны хэмжээ хэдэн хувиар буурсныг тодорхой хэлэх боломжгүй гэнэ. Пхеньяны хоёр дахь том экспорт болох бөс барааны худалдаанд хориг тавьснаар Хятад нэг жилд бөс барааны худалдаанаас олдог байсан 700 сая ам.доллараа алдах болоод байгаа ажээ.
ОХУ болон Хятад улс НҮБ-аас Хойд Солонгост газрын тосны бүтээгдэхүүн экспортлохыг бүрэн хориглохыг эсэргүүцэж байсан ч яваандаа бүрэн биш, тодорхой хязгаартай хориг тавихаар зөвшөөрсөн билээ. Хойд Солонгосын дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл тун бага боловч импортын түүхий нефтиэс боловсруулсан шатахуун гаргаж хэрэглээнийхээ зарим хэсгийг хангадаг.
Хойд Солонгосын түүхий нефтийн импортод одоогоор хориг тавиагүй байгаа юм.
Пхеньянд шатахууны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 20 хувиар өссөн тухай мэдээ бий.
Пхеньяны нэгэн шатахуун түгээгүүрийн ажилтны яриагаар ‘нэг литр шатахуун өчигдөр 1.90 ам.доллар байсан. Өнөөдөр хоёр ам.доллар болсон байх жишээтэй. Шатахууны үнэ цаашид улам л өсөх байх”.
Мөн нүүрсний асар их нөөцтэй Хойд Солонгос 2016 онд Хятадад 1.2 тэрбум тонн нүүрс нийлүүлсэн байна. Гэвч Хятад улс энэ он гарснаас хойш Хойд Солонгосын импортын нүүрсэнд тодорхой хэмжээтэй хориг тавьсан юм.