Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр дов”-ын хяналтын цэг ажиллаж эхэллээ. Тус байнгын ажиллагаатай хяналтын цэгийн нээлт 2017.09.21-нд болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ЗЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг нар оролцлоо.
Энэхүү хяналтын цэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж буй нь онцлогтой юм.
Энэ чиглэлийн хатуу хучилттай авто замаар хоногт 4-6 мянган тээврийн хэрэгсэл зорчдог, тэдгээрийн олонх нь ачааны автомашин байдаг аж. Улаанбаатар-Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгаас Улаанбаатар, нийслэлээс тус аймгуудыг зорьсон тээврийн хэрэгслүүд дайран өнгөрдөг.
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.
Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.