“Мария” хар салхи дайрсны улмаас 3.5 сая хүн амтай Пуэрто-Рико арал бүхэлдээ гэрэл цахилгаангүй болоод байна гэж тус арлын Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ албаны хүмүүс мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.
“Мария” хар салхинаас үүдэлтэй үерт Пуэрто-Рико арлын бараг тэн хагас нь автаад байна гэж АНУ-ын Хар салхинаас анхааруулах үндэсний төв мэдэгдсэн байна.
АНУ-ын удирдлага дор байдаг тус арлын захирагч Рикардо Роселло орон нутгийн цагаар лхагва гарагаас бямба гараг хүртэлх хугацаанд 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ.
“Мария” нь сүүлийн бараг 100 жилийн хугацаанд тус арлыг дайрч өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи аж.
Өнгөрсөн даваа гарагт энэ хар салхи Доминика улсыг дайрсны улмаас 7 хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол учирсан юм.
Засгийн газрын өр нь 73 тэрбум доллар даваад буй Пуэрто-Рикогийн санхүүгийн хямралыг энэ хар салхинаас учирсан хохирол улам гүнзгийрүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Тус арал гамшиг зарласан тохиолдолд АНУ-ын Засгийн газраас сэргээн босгох ажлын санхүүжилтийг гаргуулах боломжтой гэнэ.