Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамцтай ярилцлаа.
-Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэхээр бүх орон сууцнуудыг удирддаг газар гэж ойлгодог. Манай байрныхан гэхэд л хувийн орон сууцны контороор үйлчлүүлдэг. Хувийн орон сууцны конторуудтай танайх ямар харилцаатай байдаг вэ, ямар ялгаатай вэ?
-1990 оноос өмнө Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэдэг нэлээд том бүтэц байсан юм билээ. Орон сууцны засвар үйлчилгээ, одоогийн СӨХ-ны үйл ажиллагаа, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг авч явдаг газар байсан.
Улаанбаатарт одоо 3000 гаруй орон сууц байгаа. Улаанбаатар хотын орон сууцны 60-70 хувьд нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар үйлчилдэг. Үлдсэн 30-40 хувьд нь хувийн орон сууцны конторууд үйлчилгээ үзүүлдэг. Барилгын компаниуд том хороолол бариад, хувийн орон сууцны конторт үйлчилгээг нь өгчихөж байгаа юм.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж явдаг. Ажил сайтай, мэргэжлийн үйл ажиллагааг хэвийн авч явдаг хувийн орон сууцны конторууд бий. Гэтэл ажил муутай, үйлчилгээ, үйл ажиллагаа нь жигдрээгүй конторууд байгаа. Хувийн орон сууцны конторуудад нийтлэг ажиглагддаг зүйл шинэ хорооллыг хариуцаад 5-10 жил ажилладаг. Арван жилээс хойш тоног төхөөрөмж нь хуучирч, шугам сүлжээнд гэмтэл гараад эхлэнгүүт “Нийслэлийн иргэд амьдарч байгаа юм чинь та нар ав. Манайх авч явж чадахаа болилоо. Бид хүн хүчгүй болсон, санхүүгийн хувьд хүндрэлтэй байна” гээд нийслэлд өгчихдөг. Тоног төхөөрөмж, шугам сүлжээг нь засварлах хэрэгтэй болчихсон байна. Тэр ажил нь манайд ногдоно. Урсгал засвар хийгээд бараг шинэ болгоод авна гэсэн үг, зардал ихтэй.
Энэ жил бид гурван тэрбум төгрөгний засвар хийж байгаа. Шугам сүлжээгээ үе шаттайгаар шинэчилж солиод явдаг. Үүгээрээ ялгаатай.
-Шинэ байрнууд олноор баригдаж байна. Байр хуучрахаар яах вэ гэж хүмүүс төдийлөн анхаардаггүй?
-Арван жилийн дараа танай гадна шугам гэмтлээ, Ус дулаан дамжуулах төвд ялтсан бойлуур юм уу насос чинь шатчихлаа гэхэд хувийн орон сууцны контор “Энэ манай өмч биш. Иргэдийн өмч учраас иргэд дундаасаа хөрөнгөө гаргаж насосоо ав, шугам сүлжээгээ зас, тэгэхгүй бол бид хөрөнгө гаргах боломжгүй” гэх жишээтэй. Одоо Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан тарифаар ашиглалт үйлчилгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниудад өг гээд эхнээсээ шахагдаад байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь элэгдлээ үүсгээд явчихвал тав, арван жилийн дараа шугам хагарлаа гэхэд иргэн чи шугамаа соль гэхгүй, хуримталсан мөнгөөрөө бид өөрсдөө шугамаа сольё гэнэ.
Иргэдэд энэ төрлийн ойлголт байдаггүй. Хувийн орон сууцны конторт “СӨХ-ны мөнгө их байна, биднээс их мөнгө авч байна” гээд байдаг. Тэр мөнгө маань юунд зарцуулагдаж байгаа юм. Элэгдэлд хэдэн хувь нь байна, цалин, ашиг гээд бүгдийг нь авч явчихаад байгаа юм уу гэж анхаарах ёстой. Тэгэхгүй бол баахан цоорхой шугамтай, халдаггүй насостой үлдвэл хэцүү. Хаяад явчихсан жишээнүүд бий.
-Ийм байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Оршин суугч инженерийн шугам сүлжээний нарийн асуудлыг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас мэргэжлийн байгууллага эцсийн цэг хүртэл нь авч явья гэж байгаа юм. Зах зээлийн нийгэмд айлд орж үйлчилдэг ганцхан газар л байгаа. Орон сууцны удирдах газар, орон сууцны үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс. Манай үйлчилгээг гэртээ сууж байгаад дуудаж авдаг. Бид өмчийн дөрвөн хэлбэрийг дамжиж, хэрэглэгчид хүрч байгаа. Эхлээд төрийн өмч, орон нутгийн өмч, дундын өмч, хувийн өмчин дээр очдог. Бараг дөрөв, таван эзэнтэй байна шүү дээ. СӨХ-ныхон гэхэд л “Манай өмчлөл учраас оруулахгүй” гэнэ. Зарим иргэд “Миний хувийн өмчинд халдах эрх байхгүй” гэдэг. Гэтэл нийтийн зориулалттай байранд амьдарч байна гэдгээ ойлгодоггүй. Хананы цаадах шугам нь гэмтчихээд байхад “Манайх зүгээр байгаа юм чинь ” гэж бидний ажилд саад учруулдаг үе ч байдаг.
Барилга хот байгуулалтын яамныхан, Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эцсийн хэрэглэгч хүртлээ шугам сүлжээ орон нутгийн өмчинд байх ёстой гэсэн өөрчлөлт Сууц өмчлөгчдийн хуульд оруулах юм. СӨХ орцны цэвэрлэгээ, дээврийн засвар, лифть хариуцаж, шугам сүлжээг мэргэжлийн байгууллагад нь өг гэсэн шаадлага тавьж байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас хуулинд өөрчлөлт оруулахаар хоёр, гурван ч удаа хэлэлцүүлэг зохиосон. Энэ асуудал нэг талдаа шийдэгдэх байх.
-70 нас гэдэг хүнээр бол хөгшин төсөөлөгдөнө. Та харин байгууллагаа хэрхэн тодорхойлох вэ?
-Ид хөгжлийнхөө үед яваа. 2000 оноос өмнө Ус дулаан дамжуулах төвүүдэд хурдны бойлууртай байсан. Хурдны бойлуур тохируулга хийх боломжгүй. Хавар, намрын улиралд айлууд цонхоо онгойлгож сэрүүцдэг байсан. Өвөл нь хүйтэн. Энэ нь эх үүсвэрийн хувьд алдагдалтай, усны алдагдал ихтэй, овор хэмжээ ихтэй байсан бол одоо 17 жилийн дараа манай Ус дулаан дамжуулах төвүүд 411 байгаа. Бүгд иж бүрэн автоматчлагдсан тоног төхөөрөмжтэй болсон. Энэ нь гадна агаараас хамаараад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, халаалт, халуун усаар хангаж чадна гэсэн үг. Бид технологийн дэвшлээс хол хоцорчихгүйг хичээж байна.
-“Хөгширсөн” шугам сүлжээ хэр их байгаа вэ?
-Манайх 410 Ус дулаан дамжуулах төвтэй. Эндээс 147 нь том чадлын 264 нь бага чадлынх юм. Манайх нийтдээ 1647 орон сууцны байр хариуцдаг. Үүний гадна инженерийн шугам сүлжээ 830 км гэсэн үг. Инженерийн шугам сүлжээний дундаж наслалтыг 20 жил гэж үздэг.Ингээд үзэхээр манай нийт шугам сүлжээний 50 гаруй хувь нь насжилтын хугацаа дууссан. Гэмтэл гарах, цоорох магадлалтай болсон шугам гэсэн үг.
-Насжилтын хугацаа дууссан шугамаа ямар замаар шинэчилж байгаа вэ?
-Манайх Эрсдлийн сан бий болгоод өөрийнхөө хөрөнгөөр гурван тэрбум төгрөгийн засвар хийсэн. Жил бүр нийслэлээс 1-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, инженерийн шугам сүлжээг шийдэж өгдөг байсан боловч 2017 онд харамсалтай нь хөрөнгө оруулалт орж ирээгүй байна.
-Та түрүүн элэгдлээ байгуулна гээд байсан. Хэрэглэгчидтэйгээ тохиролцоод шимтгэл төлбөр аваад, Элэгдлийн сан байгуулах ёстой гэсэн үг үү?
-Тийм биш. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаа мөрдөөд, үүнийхээ дагуу шимтгэл нь үлдээд, засвараа хийх нөөц нь үлдээд явж байдаг. Олонхи байгууллага яаж байна гэхээр хуримтуулж байх нөөцүүдээ бүгдийг нь авч хэрэглээд, тав, арван жилийн дараа байрнуудаа шууд хаячихаад байгаа юм.
-Хувийн орон сууцны контороор үйлчлүүлдэг иргэд хяналт хийлгэе, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулая гэж танайд хандах боломжтой юу?
-Болно. Гэхдээ хүндрэлтэй. Яагаад гэвэл хувийн орон сууцны конторууд бүх юмаа нуудаг, үзүүлэхгүй шүү дээ. Манай дотоод асуудал гэдэг.
-Хөндлөнгийн хяналтгүй бол иргэд хохирох магадлалтай юм байна?
-Хувийн орон сууцны конторууд орон нутгийн юм уу нийслэлийн өмч биш болохоор бид удирдлагын хувьд шууд зангидаж болохгүй. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэхээр иргэд бүх орон сууцны конторуудыг удирддаг гэж ойлгодог. Тогтолцоо нь хоёр өөр. Хуулинд өөрчлөлт оруулж, хувийн орон сууцны конторуудад манайх хяналт тавьдаг болж болно. Тэгвэл бид хяналт тавиад “Чи муу ажиллаж байна, танай гэрээг цуцална” гэж шаардлага тавина. Одоо манайхаас очоод шаардлага тавьсан ч биелүүлэхгүй. Бидэнд хувийн орон сууцны конторт хариуцлага тооцох механизм байхгүй.
-СӨХ-дтой харилцахад ямар хүндрэл байдаг вэ?
-Дундын өмчлөлийн хүрээнд СӨХ хөрөнгө гаргах ёстой. Оршин суугчдадаа СӨХ нь танилцуулад ийм ийм юм муу байна, энийг солиход тэдэн төгрөг гарна, мэргэжлийн энэ байгууллагаар хийлгэе гээд явах ёстой. Гэтэл одоо тэгж ажилладаг СӨХ цөөн. СӨХ-дын үйл ажиллагаа хангалтгүй байна. Жишээ нь бид 400 гаруй СӨХ-нд 15 нэр төрлийн мянгаад ажил хийж өгөхөд 50 хувьдаа хүрэхгүй. “Мөнгө төгрөг байхгүй” гэдэг. Хор уршиг нь яаж илрэх вэ гэхээр өвлийн хүйтэнд есөн давхрын нэг орцны 36 айл байлаа гэхэд ташрын есөн айлын халаалтыг хаагаад шийдчих асуудлыг байраар нь хаахад хүргэдэг. Манайх зуны засварын хугацаанд “Энийгээ соль” гэдэг. СӨХ-ныхон явж явж хамгийн хямдыг нь аваад ирнэ. Нөгөөдөх нь удахгүй барихаа байчихна. Шинэ юм авч өгсөн танай улсууд эвдээд хаячихлаа гэдэг. Үнийн сонголт нь өөр өөр байдаг. Мэргэжлийн байгууллага эцсийн хэрэглэгч хүртлээ үйлчилгээгээ авчихвал арай л өөр болно.
-Ойгоо угтсан шинэлэг үйлчилгээ санал болгож байгаа юу?
-Байгаа. Манайх 2017 оныг хэрэглэгчийн жил болгож зарласан. Арван хоёр сарын турш сар бүр шинэлэг ажил хийж байгаа. Жишээ нь наймдугаар сарыг “Мэргэжилтэй ажилтнуудыг чадавхижуулах сар” болгосон. Есдүгээр сард байгууллагаа сурталчилан таниулах сар, гуравдугаар сар усны алдагдлыг бууруулах сар байх жишээтэй.
Манай хэрэглэгчдийн 67,8 хувь нь тоолууртай. Үлдсэн 33 хувьд нь ямар асуудал байдаг гэхээр тоолуургүй хэрэглэгч хорооны тодорхойлолтоор нэгээс хоёр ам бүлтэй. Гэтэл бүх өрөөгөө түрээсэлчихсэн, усны алдагдал ихтэй байдаг. Дусч байхад л ус алдагдаж байдаг. Усны алдагдлыг бууруулахын тулд бид төлбөрт үйлчилгээг 50 хувь хөнгөлж хэрэглэгчдэд үйлчилсэн. Зургадугаар сар “Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээг сайжруулах сар” байлаа. Дуудлага өгсөн хэрэглэгчидтэй эргэж холбогддог болсон. Ямар зан харьцаатай байсан, үйлчилгээ таалагдсан уу гэх мэтээр эргэж лавладаг.
-Шинэ технологи хэр нэвтрүүлэв?
-Шинэ техник технологийг нэвтрүүлэх сар долдугаар сард болсон. Энэ хүрээнд нэг Ус дулаан дамжуулах төвийг интернет орчин, алсын зайнаас удирдах боломжийг бүрдүүлсэн. Пост машин нэвтрүүлсэн. Мессеж үйлчилгээ нэвтрүүлж байна. Төлбөрийн мэдээлэл гар утсанд очно.
-Танайх нийт хэдэн ажилтантай вэ?
-Нийт 1476 ажилтантай. 215 инженер, мэргэжилтэй ажилчин, засварчид, 437, машинистууд 266 байдаг.
-Танай засварчид тусгай таних тэмдэгтэй байх аа?
-Манай үйлчилгээний стандартаар бол ажлын хувцсаа өмсөөд, айлд орохдоо эзэн нь зөвшөөрөөгүй үед орж болохгүй, “Орж болох уу, тэндээс ийм учиртай хүн явна” гээд нэрийн хуудас үзүүлнэ. Үйлчилгээгээ үзүүлээд гарахдаа төлбөрт үйлчилгээний хуудсаа танилцуулна. “Танайд ийм ийм засвар хийлээ. Тэдэн төгрөг болж байна. Та зөвшөөрвөл гарын үсгээ зураарай” гэнэ. Нэг хувь баримт үйлчлүүлэгчид, үлдсэн хувийг нягтланд авчирна. Та манай Дуудлагын төвийн 70005454-д хандсан бол нийт дуудлагын 30-40 хувьд эргэж холбогддог. “Манай үйлчилгээ сэтгэлд чинь хүрсэн үү” гээд давхар хянаад явчихдаг.