Categories
мэдээ нийгэм

Автобусны зогсоолуудын тохижилтын байдалд хяналт тавив

Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.

Уг гэрээний хүрээнд Жэй Си Дэко Монголиа ХХК нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зураг, төсвийн дагуу өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, мэдээллийн байгууламж, сандал, хогийн сав бүхий 143 автобусны буудлыг олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд тохижуулж, ашиглалтад оруулсан байдаг.

Нийтийн тээврийн үйлчилгээнд хийгдэж буй ажлууд, нийслэлийн Тээврийн газраас гаргасан санал хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу гэрээнд зарим өөрчлөлт оруулах асуудлыг судалж байгаатай холбогдуулан Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс Инженерийн байгууламжийн хэлтэс, Хотын Замын цагдаагийн алба нэгжтэй хамтран дээрх автобусны буудлын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, байгууламжийн бүрэн бүтэн байдал, иргэдэд хүргэж буй тээврийн үйлчилгээний мэдээ мэдээллийн чанар хүртээмжийн байдалд 2017 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд үзлэг шалгалт явууллаа.

Гэрээний хүрээнд автобусны буудлууд дахь сүүдрэвч, мэдээллийн байгууламжуудад нийтийн тээврийн автобусны маршрутууд, чиглэлүүдийг байршуулсан нь иргэдийг зохих мэдээ мэдээллээр хангаж байна.
Ажлын хэсэг үзлэг шалгалтын хүрээнд мөрөөр дүн шинжилгээ хийж, улмаар гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөд тодорхой санал тусгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *