Categories
мэдээ цаг-үе

Самбуугийн Болд: Халхын голын баатрууд хийгээд Бөмбөгөр ногооны алтан үеийнхнийг Монголын телевизийн түүхэнд мөнхлөн үлдээжээ

Монголын телевизийн урлагийн нэгэн цагийн түүхийг бичилцсэн найруулагч Самбуугийн Болдтой ярилцлаа. Эл эрхэм Халхын голын домогт баатрууд, тэдний цэрэг эгэл дайчид болоод “Бөмбөгөр ногоон”-ы гэгдэх Монголын урлагийн алтан үеийнхнийг дэлгэцэнд мөнхөлсөн. Нийслэлийн түүхийг баринтаглаж үлдээсэн, Хэнтийн Дарханд Чойномын гэрэлт хөшөөг босгосон гээд олон зүйлээр түүний үнэ цэн хэмжигдэнэ. Бидний яриа ч энэ тухай өрнөлөө.


-Таныг чинь хуучнаар Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн эхний төгсөгчдийн нэгэн гэдэг юм. Хэдэн оны төгсөгч билээ. Та хэдийн багш нар гэхээр Монголын театр урлагийн алтан үеийнхэн байж таарна?

-Тэртээх тавин жилийн өмнө буюу жаран долоон онд кино драмын ангид элсэн орж найруулагчийн мэргэжилд суралцсан. Найруулгын багш алдарт Малый театрын найруулагч, Оросын ардын жүжигчин В.М.Бейлис гэж хүн байлаа. Харин тэнхмийн эрхлэгч маань “хар” Раднаа гэж ЗХУ-ын Театрын урлагийн дээд сургууль төгссөн лут хүн байсан. Миний бие оюутны ширээнд тохой залгаж суусан нөхдийнхөө тухай “Раднаагийн ангийнхан” гэж ном хүртэл бичсэн. Ангийн багш Рэндоо генералын охин МУГБ Уртнасан байлаа. Ангийн хүүхдүүд гэвэл гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг, Ховдын театрын найруулагч, ардын жүжигчин Дагвын Гомбосүрэн байна. Яагаав Мөнхбаярын аав. За тэгээд сүүлд гавьяат болдог Шатарын Цэцгээ байна. “Тунгалаг Тамир”-ын Дулмаа буюу гавьяат Шаравын Дэлгэржаргал байна. Мөн соёлын гавьяат нэвтрүүлэгч Жамъянгийн Батбаяр байна. Үнэхээр тайз дэлгэцийн шилдэг авьяастнууд төгссөн. Монголын театр урлагийн өрлөг ижий Оюун багшаар хичээл заалгаж байлаа. Мөн театр судлаач Хо.Нацагдорж, С.Дашдондог нарын аваргууд, мөн ардын зураач Л.Намхайцэрэн багш хичээл орно. Гоо зүйг Содовын Баясгалан багш зааж байсан. Би ажлын гараагаа Дарханы Шарын голын соёлын ордноос эхэлж байсан түүхтэй. Дээд мэргэжлийн найруулагч анх удаа хөдөө орон нутагт очлоо гэгдэж байсан. Тэнд дөрвөн жил ажиллахдаа В.Титов, К.Миленко нарын “Үхлийг сөрсөн нь” гэдэг алдарт жүжгийг тавьсан. Оросын Ворошилов хотын драмын театрт тавигдаж байсан бүтээл. Хоёр гаргүй болсон уурхайчны тухай, бодит амьдралаас сэдэвлэсэн жүжиг юм.

Мөн Э.Оюун багш, Б.Бааст гуай нарын зохиол “Хадатын фермийн таван хүүхэн” гэх инээдмийн жүжгийг тавьж байлаа. Мөн Трифоновын “Гүүр шөнө салсан нь” гээд дөрөв, таван жүжиг тавьсан.

-Дараа нь та чинь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч болсон байдаг. Тухайн үеийн ардын армийн дуу бүжгийн ансамбль юм. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Армийн ансамбль гэдэг чинь 140-өөд хүнтэй мэргэжлийн концертын байгууллага. “Хаврын шөнийн бодол”-оос аваад олон дууны эзэн төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Дэндэвийн Бадарч, ардын жүжигчин Дашийн Мяасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн “Манай цэргийн жавхаа” алдарт Гун-Аажав багш. Ийм л аваргуудын гар дээр хорин есөн настай залуу очиж байгаа юм. Зүгээр нэг концерт найруулаад суусангүй. Жүжиг ч тавилаа. Жамсрангийн Лодой зохиолчийн “Бүрхэг шөнө”,“Минжийн хангай”-н зохиогч Дашдоржийн Наваансүрэн гуайн “Бид дөрөв” зэрэг бүтээлүүдийг цэргийн чуулгын тухайн үеийн жүжигчдийг тоглуулж тайзнаа тавьсан. Ингээд сүрхий амьтан байж байтал Намын төв хорооны тогтоол гарсан гээд Монгол телевизэд шууд хуваарилдаг юм. “Эх орны төлөө” нэвтрүүлэг хийх үүрэг өглөө. Цэргийн хүн тушаал биелүүлэх үүрэгтэй. Залуучууд спортын редакцид томилогдон очсон. Хариуцлагатай редактор Ю.Эрдэнэтуяа гэж бүсгүй. Хичээнгүй сайд Балингийн Цэрэндоржийн ач охин. Ломоносовын их сургууль төгсч ирсэн өндөр боловсролтой хүн. Бадрах найруулагч, Дорж сэтгүүлч, шог зураач Цогтбаярын Жандал, яруу найрагч Гүрбазар, спортын нэвтрүүлэг ганцаараа хийдэг Хүрэлбаатар, сэтгүүлч Ц.Пунсаа, найруулагч А.Янжмаа нарын нэрийн хуудас болсон хүмүүс угтсан. Наяад он бол Монгол телевиз өнгөт технологид шилжиж байсан. Редактор Чүлтэмийн Болд, Явуухулан найрагчийн уран бүтээлийг голлож судалсан өнөөгийн нэртэй судлаач, зохиолч Ядамбатын Баатар бид хэд хамт радио, телевизийн босгыг гурвуулаа дэслэгч цолтой алхаж байсан түүхтэй. Тухайн цагт цэрэг улс төрийн байдал ээдрээтэй байсан үе. Цэргийн анги руу энгийн сурвалжлагчийг нэвтрүүлэхгүй байсан нь цэргийн нууцтай холбоотой байсан. Очоод удаагүй байхдаа монгол хүн сансарт ниссэн нэвтрүүлэг бэлдэх үүрэг өглөө. Гүррагчааг нисч байх үед гавьяат нисгэгч Лхагважав гуайн эскадрильд очлоо. Тэнд нисэхийн дунд сургууль төгссөн нөхөд цугларсан. Нэвтрүүлгийн анхны зургаа авч эхэлсэн. Нэвтрүүлгийн зургаа авсаар Гүрээ баатрыг сансраас эх дэлхийдээ газардахын өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 28-нд “Эх орны хүү” нэртэй нэвтрүүлгээ эфирт гаргаж байсан түүхтэй.

1984 онд Халхын голын 45 жилийн ой тохиосон. Уг ойд зориулсан ахмад дайчдын цуврал нэвтрүүлгийг бэлдсэн. Эхнийхийг нь Чогдон баатрын эгэл дайчид болох Сүмбэрийн отрядын хилчдээр хийсэн юм. Сэлэнгээс Шагдар, Хөвсгөлийн Түнэлээс Гомбо, Өмнөговиос Намжилдорж гээд ахмад дайчид 45 жилийн дараа нулимстай инээдтэй эфирт уулзалдаж байв. Үнэхээр амьд халуун уулзалт гэдэг чинь тэр болсон. Мөн 45 жилийн ойгоор домогт Дандар, Нянтайсүрэн баатруудтай хамт явлаа. Халхын голын эрэг Гөлөгт манханд очоод Мазимын Экэй баатар гэдсэндээ шархдаад цус садарчихсан урагшаа давшиж байсныг Дандар баатар ярьж нулимсаа арчиж байсан. Монголын домогт баатар эрийг уйлж байхыг нь би тэгж харсан. Дандар гуайг хүмүүс хатуу хүн л гэдэг. Дайчин нөхрийнхөө төлөө уйлж байсан юм шүү. Д.Нянтайсүрэн баатрыг Баянцагааны нуруунд байдаг маршал Г.К.Жуковын командын байранд ярилцлага авч байлаа. Эндээс Халхын гол алган дээр юм шиг харагддаг.

Бидний сурвалжилсан нэвтрүүлгүүдэд эх орныхоо төлөө амь хайрлалгүй зүтгэж явсан баатруудыг Монголын телевизийн түүхэнд мөнхлөн үлдээжээ. “Энэ бол том бахархал юм” гэж хүмүүс магтдаг. Миний хувьд бол ажлаа л хийж явсан хэрэг. Би гэдэг хүн телевизийн салбарт 25 жил ажиллахдаа өөрийнхөө тухай нэг чиг нэвтрүүлэг, бусдаар магтуулсан зүйл хийлгэж байсангүй. Бидний үед өөрийгөө сурталчлах гэдэг ойлголт байгаагүй

-“UBS” телевизэд хорин жил ажилласан гэдэг билүү. “Болдын олон нэвтрүүлэг энэ телевизийг босголцсон юм” гэж учир мэдэх хүмүүс хэлэх нь бий. Тэр тухай асуух гэсэн юм?

-1992 онд Улаанбаатар телевизийг байгуулагдахад анхны найруулагчаар нь ажилласан. Лхамсүрэнгийн Энэбиш гуай “Улаанбаатар хот өөрийн телевизтэй байх ёстой” гээд теле кино үйлдвэрийн суурин дээр уг телевиз боссон. Уран сайхны удирдагч нь Л.Балхжав, ерөнхий редактор нь СГЗ До.Чулуунбаатар байлаа. Энэ гал тогоонд байхдаа нийслэлийн түүх соёлын нэвтрүүлэг голчилж хийсэн. “Гал голомт” нэртэй дөчөөд цуврал бий. Хүн чулууны хонхор буюу хатан Туулын хөвөөнд чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөгийн Улаанбаатар хүртэлх бүх түүхийг бичиглэсэн. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Сандуйн Идшинноров, Д.Сүхбаатар судлаач шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Отгоны Пүрэв доктор нар баруун, зүүн хоёр гар минь байлаа. Тухайн үеийн нийслэлийн түүхийг тийм баримттай, өргөн далайцтай үзүүлсэн нэвтрүүлэг Монголын телевизийн урлагт байгаагүй дээ. Мөн Ж.Саруулбуянгийн зохиолоор “Хүрээ нүүдэл” баримтат кино бүтээгдсэн. Хөх сүмийн гол, Амарбаясгалант хийд, Хүй мандлын дэнж, Сарьдагийн хийдэд Монголын нийслэл 27 удаа бууриа сэлгэсэн байдаг.

Өндөр гэгээний байгуулсан хүрээ хийд, тэр бүх түүхэн газруудад профессор Сүхбаатар, гавьяат Х.Шагдар, түүхч С.Ичинноров нартай хамтарч баримтат кино хийсэн. Ингэж Улаанбаатар хотынхоо түүхийг миний бие нэрт эрдэмтдийн хамт баринтаглаж үлдээсэн нь бий. “Уянгын гурван холбоо” гэж яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучдыг оролцуулсан нэвтрүүлэг хийж байлаа. Алдарт Дагвын Лувсаншарав, Гончигийн Бирваа гээд бүгд орж байлаа. “Үйлсийн сайхан Улаанбаатар” агуу их Лууяа, дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж гээд аваргууд яриад сууж байлаа. Миний нэвтрүүлгийн редактор нь дорны нэрт найрагч Бэгзийн Явуухулангийн хүү Энхээ байсан. Оператор гэхэд л соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дэлгэр, Б.Донров, Л.Ихбаяр гээд лут хүмүүс. Манай Дэлгэр чинь “герман” Гомбын хүү шүү дээ. 1997 онд бид Герман, Францаар явж 1926-1930 онд Германд болоод Францад сурч байсан хүүхдүүдээр баримтат кино хийж байсан удаатай. Тэнд чинь алдарт ардын зураач Л.Намхайцэрэн, төрийн хошой шагналт Донровын Намдаг, ардын багш Батсүх, Наваан-Юндэн гуай гуай гээд аваргууд сурч байсныг хүмүүс мэднэ. Дашдоржийн Нацагдорж, Пагмадулам хоёр Лейпцигт сурч байсан. Францад гэхэд Дүгэрсүрэн гуай, цэргийн театрын найруулагч байгаад дөчин нэгэн онд буудуулсан Нагнайдоржийн Намсрай, Уртнасан гэсэн хүмүүс. Мөн нөгөө эрдэмтэн мэргэн Гомбожав сурч байсан гээд бодохгүй юу. Өнгөрөгч жил тэдгээр хүүхдүүдийн Герман, Францад сурч байсны түүхт 90 жилийн ой тохиолоо. Гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болох үеэр миний баримтат кино гарсан. Энэ түүхийг доктор Идшинноров гуай бид хоёр гаргаж ирсэн дээ. Тэдний хувь заяаны тухай үзүүлсэн. Ингээд бодохоор миний бие түүхийн сонирхолтой, хамгийн эгзэгтэй, ээдрээтэй юмыг барьж авахыг боддог.

-Эрдэнэбат хаан гэснээс Э.Оюун гуайтай холбоотой энгийн дурсамж зөндөө бий дээ. Гэр орноор нь та очиж байсан нь мэдээж?

-Армийн театр байгуулах үед Э.Оюун багш, Доржийн Гармаа хоёрын “Хэзээ ч мартахгүй” жүжгийг нь тавьсан. Энэ бүтээл наян зургаан оны бүх ард түмний урлагийн наадамд тэргүүн байр эзэлсэн. Сүүлд Бөмбөгөр ногоон театрын тухай кино концерт хийхээр Оюун багштай уулзсан юм. Түүнээс өмнө “Хүрээ дуу” кино концертыг Жамцын Бадраа гуайн байгуулсан “Эртний сайхан” чуулгынхнаар хийсэн юм. Цогзолмаа гуай, Хайдав гуай, Мядагбадам, Дашдулам, Базаррагчаа гээд лут хүмүүсээр хийсэн.Тэр маань тун гайгүй болсон учир Бөмбөгөр ногооны тухай хийхээр зориг шулуудсан хэрэг. Оюун багшийнд очлоо. Тэр чинь ерэн найман он. Багш төрсөн охин Гүндэгмаагийнхаа гэрт байсан. Жижигхээн өрөөний хананд ховор түүхэн зургуудаа скочоор наачихсан. “Танаас яриа авмаар байна” гэхэд “Хүүхдүүд шоолоод байх юм” гээд угтаж билээ. “Бид Бөмбөгөр ногооныхон” гэж хуучин бичгээр бичиж өгснийг нь кино концертынхоо толгой болгож оруулсан. Нямын Цэгмид гуай “Шинэ замд” жүжгийнхээ хэсгээс тоглож үзүүлээд л. Өгөр толгой Гүрсэд буюу Дугарсанжаа гуай, Лха.Долгор гуай гээд бүгд байсан. Алтан үеийнхний ихэнх нь сэрүүн тунгалаг байжээ.

-Чойномын гэрэлт хөшөөг Хэнтийн Дарханд босгосныг тань сонсоод баяр төрж байлаа. Та чимээгүй хэрнээ мөн ч “чимээтэй” амьдарч иржээ?

-Уран бүтээлчийн хувьд надад аз тохиосон хэрэг. Ерэн онд цэргээс халагдаад Хэнтийн Дархан суманд очлоо. Би чинь намын гишүүн энээ тэрээ байгаагүй. Соёлын төвийн захирал албатай. Шаравын Сүрэнжав “Сүмтэй будрын чулуу”-г нь хэвлээд гаргачихсан, төрийн шагналаар нэхэн шагнагдчихсан, Чойном гэдэг хүний нэр ус, шүлэг найраг ид мандаж байсан үе л дээ. Жигжидийн Бямбаа, Намсрайн Банзрагч, Пүрэвжавын Пүрэвсүрэн, ардын зураач Ядамсүрэнгийн хүү Үржнээ, нэрт эрдэмтэн О.Намнандоржийн хүү, зураач Арвис, кино зураглаач Ч.Баяраа гээд дотны хүмүүс нь очиж уран бүтээлийн үдэшлэг хийж, сан байгуулж сангийнх нь даамлаар намайг тавьсан. 1991 оны арваннэгдүгээр сард Чойномын анхны гэрэлт хөшөөг Дархан суманд нь босгосон. Хэнтийн зураач Ж.Нанзаддоржийн төсөл, санаачилгаар босгож байв. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, ардчилсан хувьсгалын түүчээлэгч жирийн иргэний нэг нь би юм. Монголын үндэсний дэвшлийн нам, “Шинэ дэвшилт” холбооны анхны үүрийн даргаар Дархан суманд сонгогдсон. Одоогийн төрийн соёрхолт Д.Сосорбарамын Чойномын ганц хүний театрыг Дархан суманд анх нээж тоглуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *