Categories
мэдээ цаг-үе

Б.Сийлэгмаа: Магтах тусам даруухан байх ёстой гэдгийг миний өвөө, эмээ багад минь хэлж сургасан

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сийлэгмаатай ярилцлаа.


-Таны дуунуудыг анзаараад байхад “Хүн хүндээ хайртай явъя”, “Цэрэг чамдаа хайртай”, “Сүслэн хайрлаж яваарай” гээд олонх нь хайрын сэдэвтэй байх?

-Харин тийм шүү. Ер нь миний дуулдаг сэдэв тэр л дээ (инээв).

-Одоогийн нийгэмд хүн хүнээ хайрлахгүй байна, хэтэрхий араатанлаг шинжтэй болоод байна гэцгээх боллоо?

-Нийгэм өөрчлөгдөхөөр хүний араншин өөрчлөгддөг шүү дээ. Эдийн засгийн талаас нь харахад зарим хүний амьдрал их хэцүү байна, зарим нь их баян. Насаараа л дундаж хэмжээнд амьдарч, улсдаа үнэнчээр зүтгэж яваа хүмүүс ч олон байна. Энэ бүхнээс болоод зааг завсар гарчихдаг. Үүнээс болоод харин ч хайрлах тухай хаа хаанаа ярьдаг болчихсон юм уу даа гэж боддог юм. Уран бүтээлчдийн маань хувьд хайр дуулж байна, хайр түгээж байна. Бүр ч илүү хайрын тухай ярих ёстой. Дахиад сайн ярих хэрэгтэй. Янз бүрийн хүрээлэлд амьдарч байгаа болохоор нийгмээ хүлээж авах үзэл, амьдралын түвшин нь өөр өөр учраас хайрыг маш сайн ярих ёстой.

-“Цэрэг чамдаа хайртай”, “Сэтгэлийн уянга” зэрэг цэрэг эх орны сэдэвтэй дуунууд тань сэтгэлд их хоногшсон. Хүмүүсийн сэтгэлд тухайн дуунуудыг хоногшуулахын тулд дуучин сэтгэлээсээ дуулах ёстой биз?

-Нэгдүгээрт, эцэг эхээс заяасан авьяас байх ёстой. Хоёрдугаарт, зүрх сэтгэл. Бид чинь төмрөөр хийчихсэн зүйл биш шүү дээ. Хүмүүс “Ёстой дуулсан шиг дууллаа даа” гэх мэтээр тухайн дууг сэтгэлд нь хүрснийг янз янзаар илэрхийлдэг. Би тэр дуугаа дуулахын тулд дуунаасаа өөрийн гэсэн хайр, гоё эрч хүчийг олж авч байдаг. Дуучин хүн гэдэг эцэг эхээс заяасан авьяасаас гадна зүрх сэтгэлдээ бүхий л сайхан зүйлтэй байж дуулдаг гэдгийг дуулсан цаг хугацаандаа мэдэрч ирлээ. Тэгэхээр миний дуулсан дуу хүнд хүрэх нь илүү ойр байдаг юм болов уу гэж боддог юм.

-Таныг залуудаа жигтэйхэн сайхан бүсгүй байсан талаар хүмүүс ярилцаж байхыг сонссон. Одоо ч та залуу насаа хадгалж яваа. Энэ бүхний нууц нь урлагтай холбоотой ч мөн таны өөрийн сэтгэлзүйтэй ч уялдаатай байх аа?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс “Урлагийнхан сайхан байдаг, гоё байдаг” гэдэг. Би тайзан дээр гарах болгондоо миний өмнө хэдэн хүн байх нь сонин биш. Уран бүтээлээ сайхан хүргэж байхад тэр хүмүүсийн өгсөн сайхан энерги л намайг сайхан болгодог. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэвэл цэцгийг услаад арчлаад байх тусам дэлгэрдэг шиг эмэгтэй хүн өөртөө анхаарч, сэтгэл санаагаа сайхан байлгаж, бүх зүйлийг гоёор бодох хэрэгтэй. Би бүх зүйлийг өөдрөгөөр боддог байхгүй юу. “За за болохгүй юм байна, бүтэхгүй юм байна. Больчихъё” гэдэг унамтгай хүмүүс байдаг. Би ямар ч зүйлд тэгж унадаггүй. Амьдрал л юм чинь хүний урд бэрхшээл саад, янз бүрийн л юм тохиолдоно. Надад энэ хорвоо ийм л саад бэрхшээлийг тавьж байгаа бол тэрийг нь би давах л ёстой гэж ойлгодог. Би чинь эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд байхгүй юу. Багаас минь өвөө, эмээ минь юм болгоныг тайлбарлаж “Ингэвэл ингэдэг, тэгдэг” гэж олон өнцгөөс ойлгуулдаг байсан учраас урлагийн хүн болвол олны дунд биеэ сайхан авч явж, магтах тусам даруухан байх ёстой гэдгийг мэдрүүлж сургасан даа.

-Та өвөө эмээ дээрээ гэхээр Баянхонгорт өссөн гэсэн үг үү?

-Үгүй ээ. Манай нагац өвөө, эмээ чинь Ховдын хүмүүс байхгүй юу. Манай аавын тал Баянхонгорынх. Ээжийн маань аав, ээж нь Ховдын хүмүүс байсан. Их сайхан хүмүүс байсан юм. Хоёр хөгшин дээрээ өссөн. Манай өвөө зүйр үгээр ярьдаг. “Сайныг дагавал” юу гэдэг билээ гэж надаас асууна. Тэгэхээр нь би “Сарны гэрэл” гэж гүйцээж хэлж өгнө. “Мууг дагавал яадаг билээ, миний хүү” гэхээр нь “Могойн хорлол” гэж хариулна. Хүүхэд байхын л тийм сайхан хүмүүжил дунд өссөн. Хүн болгонд сайхан дурсамж байдаг. Одоо ингээд нас тогтоод ирэхээр эмээ, өвөөгийн хэлж байсан үгс маш үнэн бөгөөд минийх гэсэн ертөнцийг бий болгож өгч байжээ. Би хоёрдугаар ангидаа хүртэл тэгж өвөөтэйгээ зүйр цэцэн үгээр ярилцдаг байсан. Өвөө надтай тэгж зүйр үгээр харилцан ярьж байгаа ч надаар л хэлүүлж, цээжлүүлж, ухааруулдаг байж. Намайг дуучин болоход өвөө эмээ маань их нөлөөлсөн. Ялангуяа манай өвөө урлагийн их мэдрэмжтэй. Дуучин Х.Төмөрбаатар тэр үед гарч ирж байхад өвөө маань дууг нь дагаж дуулдаг байлаа.

“Сайн байна уу, Улаанбаатар минь” гээд л дагаж дуулаад “Энэ их гоё дуу байгаа биз” гэж асууна. Би жаахан хүүхэд байсан юм чинь юугаа ч мэдэх вэ дээ (инээв). Өвөөгөө л дагаад явж байдаг хүүхэд байлаа. Өвөө минь ажилсаг, нямбай. Хүнийг загнахгүйгээр сургадаг хүн байсан юм. Өвөөгийнхөө тэр их сайхан мэдрэмжүүдийг хүүхэд байхдаа мэдэрсэн. Манай ээж бас урлагийн өндөр мэдрэмжтэй. Ер нь ээжийн минь талынхан урлагийн мэдрэмжтэй хүмүүс байдаг л даа. Тэр нь надад өвлөгдөж өнөөдөр ийм сайхан явж байгаа байх. Хүн сэтгэл сайхантай, өөдөө, үргэлж нар руу харж явбал сайхан санагддаг юм. Энэ бүгд л надад нөлөөлдөг байх. Хүмүүс зөв хоололт, тэгж, ингэж болохгүй гэдэг. Би энэ тал дээр юм хэлэхгүй. Хүн өөрөө юунд дуртай юм, юуг идэж болох, болохгүйгээ мэддэг.

-Н.Амгалан, Б.Сийлэгмаа гэх нэрийн хоршлыг мэдэхгүй, дуулаагүй хүн гэж байхгүй. Ихэвчлэн эрэгтэй, эмэгтэй гэсэн хослол байдаг бол эрэгтэй, эрэгтэй гэсэн хоршил байгаа нь Н.Чулуунхүү гавьяат, дуучин М.Бямбажав хоёр. Харин эмэгтэй, хоршил дуучин нь та хоёр болж байна уу даа?

-(Инээв).

-Та хоёр ямар учралаар “Ханан сүлжээ нэхээс”-ийг хамтран дуулсан юм бэ. Найз болохоороо хамтраад дуулчихсан хэрэг үү?

-Урлагийн байгууллагын удирдагч, дарга байна гэдэг маш их авьяас мэдрэмжтэй хүний хийх ажил юм байна гэдгийг бүр эртнээс мэдэрсэн л дээ. Аль дуучин, бүжигчин, хөгжимчин ирээдүйтэй, хэрхэн дэмжиж гаргаж ирэх вэ гэдгээ мэддэг. Тийм хүн бол Цэргийн ансамблийн уран сайхны удирдаач Д.Бадарч багш байсан. Д.Бадарч багш маань “Хаврын шөнийн бодол”, “Амрагийн дуу” гээд ямар гоё гоё дуу зохиосон юм бэ. Тэр хүний гавьяа маш их. Яагаад би ингэж хэлэв гэхээр, бид чинь залуу байхдаа яаж дуулах учраа олохгүй хөдөлмөрлөж зүтгэж явахад Д.Бадарч багш маань Н.Амгалан бид хоёрыг өрөөндөө дуудаж оруулаад “Энэ хоёр хүүхдэд л нэг дуу зохиосон юм байгаа юм” гэнэ. Бид хоёр ч ямар дуу зохиосныг нь мэдэж байгаа юм байхгүй. Бид ансамбльд шинээр орж ирсэн жаахан хүүхдүүд.

Бид хоёрыг дагуулж Улсын их дэлгүүр рүү орлоо. 1988 он юм байна. Би их л хуучны юм ярих нь (Инээв). Их дэлгүүрт орлоо. Их тод санадаг юм, хоёрдугаар давхарт нь байдаг бүрх малгайны тасагт ороод бид хоёрт сийрсэн малгай авч өгч билээ. Тэр хүн чинь дуугаа өөрөө зохиосон учраас дуучид нь яаж дуулж тайзнаа гарч ирэх донжийг нь хүртэл төсөөлсөн байх нь байна шүү дээ. Зүүх ээмгийг минь хүртэл бидэнд заадаг байсан. Мундаг хүн байхгүй юу. Энэ л мундаг хүмүүс бидний цаашдын амьдралыг гэрэлтэй болоход их хувь нэмэр оруулсан. Замыг минь гэрэлтүүлж өгсөн хүмүүс гэж би хувьдаа боддог. Тэр сайхан хүмүүстээ одоо болтол баярлаж, дуулах болгондоо тэднээр бахархдаг. Тэгж байж тэр бүтээл сайн явах ёстой, тэр бүтээлийг сайхан авч явах ёстой.

“Ханан сүлжээ нэхээс” дуу маань 100 шилдэг дуунд нэрлэгдээд л явж байгаа. Барнангийн Доржпалам гэж аугаа яруу найрагч байлаа. “Цэрэг чамдаа хайртай”-г минь бичсэн хүн. Би энэ хүний хоёр сайхан дууг дуулсан их азтай хүн шүү. Энэ сайхан хүмүүсийг дурсахгүй байхын аргагүй. Өнөөдөр тэр хүмүүсийн үр хүүхдүүд нь амьдралыг нь үргэлжлүүлэн яваа учир танай сониноор дамжуулан “Маш их баярлаж явдаг. Энэ сайхан хүмүүсийн бүтээлийг одоо ч дуулах бүртээ бахархаж явдаг шүү” гэдгээ хэлье. Ер нь уран бүтээл урт настай байна гэдэг хамгийн чухал. Өнөөдрийг хүртэл бид хоёрыг даган дуурайж эмэгтэй хоёрол гэдэг утгаар дуулдаг хүмүүс бий.

Бөхийн өргөөнд болсон нэгэн уралдаанд шүүгчээр суулаа. Тэгсэн чинь яасан гээч. “Ханан сүлжээ нэхээс”-ийг дуулахаар ижилссэн 10 дуучин тайзнаа гарч ирсэн. Арвуулаа цагаан малгай тавиад, цагаан алчуур шидчихсэн. Би гайхсан. Одоогоос долоо найман жилийн өмнө шүү дээ. Тэр тэмцээнд Д.Ухнаа гуай, Ц.Үенч гавьяат бид гурав шүүгч хийсэн юм. Д.Ухнаа гуай “Сийлэгмаа хар даа. Уран бүтээл гэж ийм л байх ёстой. Мөнхөд байх ёстой. Бүтээл гэж үүнийг хэлдэг юм” гэхээр нь би үг хэлж чадахгүй болтлоо баярлаж билээ. Би үнэхээр их баярласан.

Би цэвэр 30 жил урлагийн байгууллага, улсдаа хөдөлмөрлөсөн. Биднийг ингэж үнэнч байлгадаг зүйл нь уран бүтээл байдаг юм. Уран бүтээлдээ дурласан, хайрласан, хийсэн шиг хийж чадаж байж л өнөөдөр од гэдэг зүйлийг ярина шүү дээ. Гэхдээ би од гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй, энэ бол миний хувийн л бодол.

-Та ойрын үед тоглолт хийх үү. Шинэ уран бүтээл гаргах гэж байна уу?

-2018 онд нэлээд том тоглолт хийх гэж байгаа. Юмыг эртнээс бэлдэх ёстой. Олон сайхан шинэ дуунууд хийж байна. Соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзийтэй хамтраад хүмүүст хүрсэн хуучны дуунуудаас шинэчилж дуулж байна. Залуучуудтайгаа хамтран ажилладаг. Их л олон юм хийж байна даа, хийж байна. Ирэх жил нэлээд том тоглолт хийнэ ээ. Хуучны дуунуудаа сэргээж, шинээр бас хайрын сайхан дуунууд дуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *