БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Хойд Солонгос бол Монголтой дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. 1946 онд Хятад, Зөвлөлт хоёр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн боловч Гоминданы Засгийн газар дипломат харилцаа тогтоолгүй явсаар 1950 онд БНХАУ Улаанбаатарт элчин сайдын яамаа байгуулсан. Монгол Улс ч Хойд Солонгосын хувьд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс нь юм.
Солонгосын дайны үеэр Монгол нь коммунист орны хувьд умардынхны талд баттай зогсон эд материал болон сэтгэл санааны хувьд ихэд дэмжиж байлаа. Дайны үед мал махаар тусалснаас гадна адуу амьдаар нь гаргаж байсан. Дайнд өнчирсөн олон хүүхдийг Монголд авч ирэн өсгөж өндийлгөсөн юм.
Монгол Улс НҮБ-д элсэх гэж олон жил зүтгэсэн боловч Тайваний зүгээс байнгын хоригт орж байлаа. Тайваньчуудын байнга тавьдаг хоригийн шалтгаан нь Монгол Улс Солонгосын дайны үеэр тийш цэрэг оруулж НҮБ-ын нэгдсэн хүчинтэй байлдсан гэх. Үнэндээ энэ нь эсвэл зориудын гүтгэлэг, эсвэл Солонгосын дайнд олноор татагдан орсон өвөр монгол цэргүүдийг эндүүрч буй хэрэг байх.
1990 он хүртэл хоёр орны харилцаа хэвийн, заримдаа халуун дотно байсан. Төрийн болон коммунист намуудын харилцааны хүрээнд нам төрийн дээд, дунд айлчлал байнга зохиогдож байсан. Ким Ир Сэн Монголд хоёр удаа айлчилсны сүүлчийнх нь 1988 онд тохиож байв. Монголын удирдагч Батмөнхийн 1987 онд Хойд Солонгост хийсэн айлчлал нэлээд дуулиан тарьж байв. Учир нь яг айлчлалын өмнө Ким Ир Сэн алагдсан гэх шуугиан дэлхий нийтээр тарж Батмөнхийн айлчлалыг нийтээр сонирхон харж байсан.
Хоёр орны худалдааны эргэлт төдий их биш боловч тасралтгүй үргэлжилж байсан. Цөөн тооны боловч оюутны солилцоо ч олон жил үргэлжилсэн. Соёл урлагийн солилцоо ч байнга. Тэр байтугай Үйлдвэрчний эвлэлийн шугамаар жуулчин биендээ явуулдаг байлаа. 1988 оны Ким Ир Сэний айлчлалын үеэр Монголын тал түүнд Таван толгойн коксжих нүүрсний уурхайг хамтран ашиглах санал тавьж хоёр тал ойлголцлын төвшинд хүрчээ.
1990 оны эхээр Монгол Улс Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй дипломат харилцаа тогтоох шийдвэрийг тэр үеийн Улс төрийн товчоо гаргалаа. Бүхий л коммунист орнуудаас энэ гэнэтийн шийдвэр гаргасан орон нь Унгарын дараа Монгол байсан билээ. Үүний дараа Польш ийм шийдвэр гаргасан. Унгар, Польшийг Хойд солонгосчууд улс орон даяараа урвагчаар нь дуудах суртал нэвтрүүлгийн кампанит ажил зохиосон боловч Монголыг ингэж шившиглээгүй. Мэдээж Пхеньян дахь элчин сайдын Гадаад яаман дээрээ дуудан зүсэн зүйлээр буруутган шүүмжилсэн боловч үүнийгээ гадагш нь гаргаж сонин хэвлэлдээ мэдээлсэнгүй. Монгол, солонгосчууд нэн эртний харилцаатай, биенээ сайн мэддэг, хоёр ард түмэн тул сургаар ч болов биендээ симпаттай юм. Иймээс монголчуудыг гэнэт урвагчаар нь дуудах нь төдий л таатай сонсогдохгүйг бодолцсон байх магадлалтай.
1990 оноос Монгол Хойд Солонгосын идэвхтэй харилцаа үнэндээ бараг зогссон юм. Энэ нь Өмнөд Солонгостой маш өргөн идэвхтэй харилцаатай болсноос ч болсон байж магадгүй. Өмнөд Солонгосын виз, хилийн тамгатай иргэдийг Хойд Солонгос хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон. Өмнөд Солонгос ч мөн ийм арга хэмжээ авдаг байв. 1990 онд тасалдсан худалдааны өр гэгдэх 600 мянга орчим шилжих рублийн тооцоо үлдсэн юм. Улаанбаатар, Пхеньянд хоёр орны элчин сайдын яамд идэвхгүй боловч ажиллагаа явуулсаар байлаа. Монгол нь мэдээллийн эрх чөлөөтэй болсон учир Хойд Солонгосыг шүүмжилсэн шоолсон материал хэвлэл мэдээллийн хэрэгслэлд цөөнгүй үзэгдэх болж, тэр тоолонд нь Хойд Солонгосын элчин сайдын яам эсэргүүцлээ илэрхийлж байв. Ким Чэн Ир төрийн эрх мэдэл авсны дараа түүний төрсөн эхийн тухай номыг монгол хэлээр орчуулж тарааж байсан. Солонгосуудын санаачилга хөрөнгөөр Улаанбаатарт Дорно дахины гүн ухаан дээд сургууль гэдгийг байгуулж Чүчхэгийн анги нээн ажиллуулж байв.
1990 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Гунгаадоржийг БНАСАУ-д элчин сайдаар томилсон нь хоёр орны харилцааг цаашид өндөр хэмжээнд хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэрэг юм.
1996 онд Монголын Ардчилсан хүчин анх удаа засгийн эрхэнд гарлаа. Монгол-Солонгосын парламентын бүлэг байгуулагдав. 1997 онд Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн дарга туслах Баасанхүүгийн хамтаар Монголын Элчин сайдын Яамны урилгаар Пхеньянд очлоо. Үүний өмнө тэрээр Японд очиж зах зээлд хэт овоорсон тайланд будааг гуйсан юм. Японы албаны хүмүүс 4 сая тонн будаа амлаад хариуд нь Солоносын дайнаас өмнө солонгос хүнтэй суусан 1800 япон бэрийг нутагт нь айлчлуулах асуудлыг шийдүүлэхийг хүслээ. Мөн япончууд энэ асуудлаар америкчуудтай зөвлөөд Хойд Солонгост үнэхээр аймшигтай өлсгөлөн болж буйг батлахын тулд Ассосэйшэд Прэсс агентлагийн сэтгүүлчдэд сурвалжлага хийх эрх олгохыг хүсэв. Хойд Солонгосын ГЯЯ-ны орлогч сайд төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч дээрх хоёр болзлыг зөвшөөрсөн юм. Ингэж 1800 эхнэрийн эхний ээлж болгон нэг хувь буюу 18 эхнэрийг Японд айлчлуулсан. Мөн “Ассосэйшэд прэсс” агентлагийн сэтгүүлчид анх удаа Солонгос орж өлсгөлөнд сөхөрч буй ялангуяа хүүхдүүд өлсгөлөнд хэлмэгдэж буй зураг бичлэг хийн дэлхий даяар үзүүлсэн билээ. Харин Японд Засгийн газар солигдож өнөөх амалсан будаагаа өгөхөөс татгалзсан. Эхний болзлоо чангатгаж хулгайлагдсан иргэдээ буцааж өгвөл будаа өгч болно гэсэн.
Энэ үед Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (IAEA) захирлын сонгууль болж Египетийн иргэн нэр дэвшсэн байсан юм. Монголын Засгийн газар Өмнөд Солонгосын төлөөлөгчийг захиралд дэвшүүлсэн ба энэ асуудлаар хойд солонгосуудтай ярьж тэд өмнөдийн хүнийг дэмжихээр болсон билээ.
1998 онд Монголын парламентын гишүүдийн айлчлал болоход 21 гишүүн ба Монголын ГЯЯ-ны сайд оролцсон нь парламентын нийт гишүүдийн бараг гуравны нэг болж байсан нь ховор үзэгдэл билээ. Энэ үеэс Монголын Засгийн газраас Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлж эхэлсэн юм. 1999 онд МИАТ-ийн онгоцоор 10 тонн мах болон консерв ачин Пхеньянд хүргэж өгсөн ба МИАТ-Айр Кореа хоёрын хооронд шууд нислэг хийх агаарын шугамын гэрээ хийв. Жил болгон 10 тонноос багагүй мах Солонгост хүнсний тусламжаар нийлүүлж байхаар боллоо. Мөн онд 20 тонн цэвэр спиртийг бэлгийн журмаар өгсөн болно.
2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дай Жун Монголд айлчилсантай холбогдуулан Хойд Солонгос Улаанбаатараас Элчин сайдын яамаа татав. Монголын ГЯЯ-ны төрийн нарийн бичгийн дарга даруй Пхеньянд очин хэлэлцээр хийж Элчин сайдын яамыг дахин нээхээр болов. Үүний тулд Яамны шинэ байр гаргаж өгөх, Монголын зардлаар байрыг тохижуулах, автомашинд нь зориулж Монголын тал шатахууныг нь даах зэрэг хөнгөлөлтийг амалсан юм. Мөн Монголд ажиллах хүчин оруулахад нь туслах, тэднийг гадаадын ажиллах хүчний татвараас чөлөөлөх болов. 2000 онд УИХ-аас Хойд Солонгосоос ирж ажиллах хүчнийг татвараас чөлөөлөх тогтоол батлав. Энэ нь Монголд ажиллах гадны ажиллах хүчнийг чөлөөлөх цорын ганц тогтоол ба одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эдгээр гэрээг тус улсад айлчилсан Ерөнхий сайд Амаржаргалын айлчлалын үед үзэглэсэн. Амаржаргал Хойд Солонгост айлчлаад тэндээсээ шууд Өмнөд Солонгост айлчилсан билээ.
Үүнээс хойш Монголын гурван Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, гурван ГЯЯ-ны сайд Хойд Солонгост айлчлал хийсэн. Энэ хооронд Солонгосын талаас Ардын хурлын дарга Ким Ён Нам зочилсон нь хамгийн дээд хэмжээний айлчлал байлаа. Сайд нарын төвшинд Солонгосын зүгээс нэлээд хэдэн айлчлал болсон. Монголд Засгийн газар амархан солигддог болохоор гарч ирсэн болгон нь хоёр Солонгосыг нэгтгэх үйлсэд хүчин зүтгэж нэрээ гаргах горьдлогоор тийш морддог боловч Ким Чин Ир, Ким Чин Ун нартай биеэр уулзахыг оролдсон ч нэг ч тохиолдолд бүтээгүй. Солонгост өгөх ёстой өр гэдэг нэрээр бэлнээр 700 мянган доллар аваачиж өгөөд хууртагдан уулзаж чадаагүй ч тохиолдол гарч байлаа.
Хамгийн амжилттай айлчлалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн. Түүний санаачилга зүтгэлээр Хойд Солонгос-Японы хаалттай уулзалтыг Улаанбаатарт хоёр удаа зохион байгуулсан. Мөн хулгайлагдсан охины хүүхдийг Улаанбаатарт авч ирж өвөө эмээтэй нь уулзуулсан. Элбэгдорж мөн Солонгост айлчлахдаа Монголын ардчилсан сонголтын тухай лекц уншсан юм.
Өнгөрсөн 20 жилд Монголд зохиогдсон олон улсын болон бүс нутгийн хурал зөвлөлгөөнд Хойд Солонгосын төлөөлөгчид олон удаа ирж оролцсон. Бүс нутгийн уулзалт хуралд Монголоос өөр газарт солонгосууд ирэх нь нэлээд хойрго, бараг оролцдоггүй юм. Улаанбаатар хотын мэрийн санаачилсан Хойд Азийн цас ордог хотуудын мэрийн уулзалтад Пхеньян хотын дарга ирж оролцсон.
Хоёр орны худалдааны харилцаа нэн ядмаг хэвээр. Монголын талаас Солонгосоос худалдан авах юм олддоггүй. Хөрөнгө оруулалтын хувьд тэдний хууль эргэлзээтэй, үнэмшил муутай учир Монголын бизнесчид болгоомжилдог. Пхеньянд дэлгүүр байгуулсан хүмүүс худалдааныхаа ашгийг солонгос воноор авах болсноор дахиж ийм зориг хэн ч гаргаагүй. Ражинсамбоны боомтод усан онгоцны зогсоол түрээслэх, эсвэл худалдан авах саналыг тэдний зүгээс удаа дараа тавьсан боловч хөрөнгө оруулалт, хуулийн орчин нь төдий л ойлгомжтой бус учир Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид нэлээд ярилцаж байгаад татгалзсан болно. Харин Солонгосын зүгээс ердийн ганзагын наймаа хийж, эмнэлэг, ресторан Улаанбаатарт ажиллуулж ашигтай ажилласаар буй.
Монголын зүгээс Солонгосоос сонирхож буй зүйл нь ажиллах хүчин юм. Хоёр орны хооронд хийсэн гэрээгээр Солонгосоос 10 мянга хүртэл ажиллах хүчин авахаар тохирсон. Гэвч энэ тоо хэзээ ч 5 мянга хүрч байгаагүй. Гол шалтгаан нь ажиллах хүчин Монголын хөдөлмөрийн зах зээлд гологдоод байв. Тэндээс гол төлөв барилга, зам барих ажилчид авдаг. Гэвч авлига арын хаалгаас болдог байж магадгүй барилгатай ямар ч холбоогүй багш болон цэргийн дарга мэргэжлийн бус хүмүүсийг их явуулдаг. Мөн сүрьеэ зэрэг архаг өвчтэй хүн явуулсан нь ирээд удалгүй нас барсан тохиолдол хэд хэд гарсан. Уг нь мэргэжил нь таарвал, эсвэл ирээд дадлагажвал сайн ажилладаг, сахилга баттай зэрэг нь Монголын ажил олгогчдын талархлыг хүлээдэг.
Монгол–Хойд Солонгосын төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь Өмнөд Солонгос болон АНУ-ын зүгээс эсэргүүцэл, тааламжгүй хандлага олон удаа гарч байлаа. Өмнөд Солонгос, АНУ аль алинд нь Засгийн газар солигдох хэрээр Хойд Солонгост хандах хандлага нь эрс өөрчлөгдөн зарим Засгийн газар манай харилцааг сайшаахад, зарим нь үл таалж байгаагаа илэрхийлж эсэргүүцэл үзүүлсээр ирлээ. Жишээ нь 2002 онд Өмнөд Солонгост болсон хөл бөмбөгийн дэлхийн аваргын үеэр Хойд Солонгос нь “Ариранг” хэмээх үндэсний наадам зохиосон юм. Энэ наадамд Өмнөд Солонгосыг оролцуулаад гадаадын жуулчлагчдыг Улаанбаатараар дайруулан Пхеньянд айлчлуулах саналыг хойд солонгосчууд тавьсан. Энэ саналыг Сөүлийн эрх баригчид тааламжтай хүлээн авсан боловч яг цагаа тулахаар гэнэт татгалзсан билээ.
Зүүн Хойд Хятадад Хойд Солонгосын 300 мянга орчим дүрвэгсэд амьдардаг гэсэн тоо бий. 1990-ээд оны дундаас эдгээр дүрвэгчид Монгол руу зугтан орж ирэх нь элбэг болсон. Монголын эзгүй говьд үхэж үрэгдэх явдал ч нэлээд тохиолдсон юм. Иймээс Монголын Засгийн газраас арга хэмжээ авч нэгэнт ороод ирсэн дүрвэгсдийг хамгаалалтдаа авах болсон. Дараа нь тэднийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу Өмнөд Солонгос, АНУ-д хүлээлгэж өгөх болсон юм. 2008 оны байдлаар Өмнөд Солонгост нийтдээ 20 мянган дүрвэгч очсоны 7-8 мянга нь Монголоор дамжиж очсон билээ. 2008 оны Бээжингийн олимпоос эхлэн хятадууд хилийн асуудлаа чангатгаснаар Монгол руу дүрвэгчид эрс цөөрсөн.
Солонгосын талаас Монголын сайн харилцааг буруугаар ашиглах явдал нэг бус удаа гардаг. 2000 онд хойд солонгос иргэн Монголд 100 мянган хуурамч америк доллар зарж байгаад баригдсан. Улаанбаатарт Солонгосын хөөргөх пуужинг хянах төхөөрөмж ажиллуулж байсан. Монголын армийн зарим хариуцлагатныг хахуульдах замаар байлдааны онгоцны мотор худалдан авч нууцаар хил гаргах гэж байсан тохиолдол бий. Өөрсдийн иргэдэд очих ёстой цалинг тусгай хүмүүс бөөнөөр нь авч Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг зөрчдөг явдал ч нэг бус удаа илэрсэн. Өөр олон асуудал байдаг ч Монголын тал тэр болгонд аль болох өршөөнгүй хандан сануулаад өнгөрдөг.
Өнөөдөртөө худалдаа эдийн засгийн ямар ч ашиг байхгүй Хойд Солонгос нь Монголын хувьд ямар хэрэгтэй вэ? Монгол нь ердөө хоёр аварга хөрштэй, 1990 он хүртэл эдийн засгийн хувьд ганцхан ЗХУ-тай харилцаатай байсан далайд гарцгүй боогдмол орон байлаа. 1990 онд ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн. Гадаад бодлогодоо үндсэн өөрчлөлт оруулж хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байхын зэрэгцээ “гурав дахь хөршийн бодлого” тунхагласан. Энэ нь дэлхийн бүхий л улс оронтой сайн харилцаатай, өөрөөр хэлбэл Монгол Улс ямар ч оронтой дайсагналцахгүй, үзэл суртал, цэрэг дайны хувьд төвийг сахина гэсэн үг. Хэдийгээр Монгол нь газар зүйн хувьд Төв Азид хамаарах боловч интегралчлал, эдийн засгийн бүсчлэлийн хувьд Зүүн Хойд Ази руу илүүтэй хандах сонирхолтой. Ирээдүйд энэ бүс нутаг нь (Алс Дорнод, Солонгосын хойг, Зүүн хойд Хятад, Япон) дэлхийн эдийн засгийн хөгжлийн нэгээхэн том төв болох төлөвтэй. Иймээс Монгол нь энэ бүс нутагт болж буй нийтлэг эрх ашиг, энх тайван, худалдаа эдийн засгийн хэрэгт аль болох идэвхтэй оролцон бүсийн интеграцид нэгдэхийг чармайдаг. Олон жилийн нөхөрсөг харилцаатай Хойд Солонгостой харилцаагаа улам хөгжүүлж чаддаггүй юм гэхэд энэ хэлхээ холбоогоо ямар ч байсан тасалж болохгүй гэсэн итгэл үнэмшил нь Монголын Хойд Солонгос руу хандсан гадаад бодлого юм.
2017.9.6