Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр валютын ханш огцом өсч нэлээд савласан тул өчигдөр “Найман шарга” валют арилжааны төв болон зарим арилжааны банкуудаар орж ханшийн талаарх сурвалжлага бэлтгэлээ. 17:30 цагийн үед биднийг очиход “Найман шарга”-д долларыг 2477 төгрөгөөр авч, 2482 төгрөгөөр худалдаалж байв. Тус захад өглөөний 12:00 цагийн үед ам.долларыг 2480 төгрөгөөр авч, 2486 төгрөгөөр арилжаалж байсан бол үдээс хойш 2481, 2482 болж нэг буураад, эргэж нэг өсөөд, дахин буугаад байгаа нь энэ гэнэ. Ченжүүд ярихдаа “Таван минутын дараа эргээд ороод ирэхэд чинь ханш хэд байхыг таашгүй. Огцом өсч, их савлагаатай байна. Энэ үед бид яаж алдагдалд орохгүй тав, арван төгрөг олох вэ гэж сандарч байна. Дэлхийн зах зээл дээрх ханш болон Монголбанк, арилжааны банкуудын ханшийг маш гярхай ажиглаж байхгүй бол болдоггүй юм” гэцгээж байв. Уржигдар оройны “Найман шарга”-ын хаалтын ханшаар ам.долларыг 2476-гаар авч, 2483 төгрөгөөр худалдаалж байсан билээ.
Харин энэ сарын 14-16-ны өдрүүдээс эхлэн долларын ханш 20-30 төгрөгөөр огцом нэмэгдчихсэн нь энэ. Өчигдөр арилжааны банкуудад нэг ам.долларыг 2460 төгрөгөөр худалдан авч 2471-2486 төгрөгөөр арилжаалж байлаа.
Валют огцом өссөн энэ өдрүүдэд “Монгол банк гадаад худалдааны тэнцэл болоод төлбөрийн тэнцэл хэвийн хэмжээнд байна. Түүнчлэн Монголбанкны зүгээс ам.долларын ханшийн савлагаа үүсгэхгүйн тулд долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаанд оролцож байгаа. Энэ сарын 12-нд 23 сая ам.доллар, 14-нд 26 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн нь ханшийн огцом савалгаа үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн ажил” хэмээх мэдээллийг гаргажээ.
Долларын ханш яагаад өсөх болсон талаар валютын ченж О.Мөнхбатаас тодрууллаа.
-Валютын ханш яагаад огцом өсч, буурч савлах болов. Үүнийг ченжүүдтэй холбоотой гэх хүмүүс ч байх юм?
-Заримдаа ханш өсч, заримдаа буурч байдаг. Валютын үнийн савлагаанд эзэн бие, нэг гар гэж байдаггүй. Хий, хоосон зүйл гэж ойлгож болно. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй л холбоотой. Зогсонги байсан эдийн засаг хөдөлгөөнд орсон гэсэн үг байх. Мөн үнэ ханш маш олон зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн нь долларын ханш өсөх шалтгаан болсон гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Ер нь валютын ханшийг ченжүүд өсгөдөг гэсэн ойлголт байхгүй. Бид Монгол банк, арилжааны банкуудын ханшийг харж хэлбэлзүүлдэг. Хамгийн эхлээд л арилжааны банкууд л ханш нэмдэг шүү дээ.
-Ханш өслөө бэлэн мөнгөө валют болгоод, хадгалчихъя гэх хүмүүс байна. Ханш цаашид хэр байх вэ. Уг нь өнгөрсөн саруудад үнэ тогтвортой байсан?
-Нэг хэсэгтээ ханш өсөх байх. Гэхдээ барьцгүй шүү дээ. Ингэж их эргэлдүүлдэг бид л ашиг олох гэж хэцүүдэж байхад. Жирийн иргэд мөнгөө валют болгох нь оновчгүй. Түүний оронд хэзээд үнээ алдахгүй үл хөдлөх зэрэг хөрөнгө болгосон нь илүү ашигтай байдаг юм. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ ханш, нефтийн үнэ өсөхөд валют өснө. Улстөрийн байдал тогтворгүй байх тусам ханш савлана. Энэ сарын 25-нд Ерөнхий сайд болох хүмүүсийн нэрс тодорно гэсэн. Тэгэхээр ханш тогтворжуулах байх. Дараагийн Ерөнхий сайд гараад ирэхэд байдал өөр болно байх гэсэн юм.
Зарим ченжүүд “Долларын ханш өссөн, улстөрийн тогтворгүй байдал ханшийн савлагаанд нөлөөлсөн гэдгийг мэдээлэхгүй байвал сайн байна, зун эдийн засгийн эргэлт багатай байсан болохоор үнэ тогтвортой байлаа. Хэвлэлээр мэдээлэл гараад эхлэхээр, ханшид зохицуулалт хийгээд, бидний тооцоолсон үнэ өөрчлөгдөнө, ер нь дэмий. Өвлийн бэлтгэл ажил, наймаачид өвлийн хувцсаа татах, иргэд машин техникээ авах, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зэрэг байдлаар нэлээд мөнгө гаргаж байгаа учраас ханш өсч байгаа юм” гэж байв.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн У.Отгонцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Наймдугаар сард ханш тогтвортой байхад Эрээнээс баахан бараа татчихсан. Бараагаа борлуулчихаад, дахин хавар намрын гутландаа явах гэтэл юань өсчихлөө. Юань өссөн учраас бэлэн хувцсаа хямдруулж болдоггүй, хямдрахгүй болохоор иргэд худалдан авалт хийж чадахгүй юм. Ер нь бэлэн хувцасны ихэнх лангуу ийм л зовлонтой байгаа. Тиймээс шинэ загварын хавар намрын шинэ хувцас дэлгүүрүүдэд тун ховор, өнгөрсөн жилийн үлдэгдэл бараагаа худалдаалж байгаа” гэлээ.
Мөн иргэн Г.Цэцэг “Долларын ханш өсчихөөр, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсчих юм. Үнийг огцом савлуулах нь хэдэн банкууд, ченж нарт л ашигтай юм шиг байна. Чоно борооноор гэгчээр, үүнд хяналт тавих, хянах засаг байхгүйг далимдуулж байгаа байх. Нэг талаараа энэ ханшийг улстөржүүлэх ч сонирхол байдаг юм болов уу” гэв.
Засгийн газаргүй байгаа хоёрхон долоо хоногийг далимдуулж, арилжааны банкууд ингэж ашиг хийж, жирийн иргэдийн санхүүгээр наадаж буй увайгүй үйлдэл гэж ойлгож болно. Мөн хамгийн их ашиг хийхээр, хулгана барих гэж буй муур мэт царайлж буй нөхөд бол цаад ОУВС-гийнхан. Засгийн газар огцронгуут дараагийн засаг гартал манайд өгөх санхүүжилтээ түр хойшлуулсан. Хавар манай зах зээлд ОУВС-гаас 38.6 сая ам.доллар орж ирсэн тул ханшийн хөөсрөлт зогсонги тогтвортой байлаа. Дараагийн засаг гарч ирээд, ОУВС-гаас 38.6 сая ам.доллараа төлөвлөсөн ёсоор авна. Тэр үед долларын ханш өсчихсөн байвал ОУВС-нд ашигтай, манайхаас авах мөнгө нь нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг долларыг 2450 төгрөгийн үнэтэй байхад манайд энэ санхүүжилтээ өгвөл 94 тэрбум 570 сая орчим төгрөг болно. Харин долларын ханшийг зохиомлоор өсгөөд, өссөн үнээр нь буюу нэг доллар 2482 төгрөг байхад, санхүүжилтээ оруулж ирвэл 95 тэрбум 805 сая орчим төгрөг болно. Үүний зөрүүнээс ОУВС нэг тэрбум 235 сая гаруй төгрөг завших нь. Бид ийм мөнгө илүү төлөх болно. Уг нь өндөр хөгжилтэй оронд гадаад валютын ханш нь хэдэн жил болсон ч тогтвортой байдаг бодлоготой тул ингэж бусдын хоол болдоггүй онцлогтой юм билээ.
Нэг талаар валютын сан ингэж ашиг олдог гэнэ билээ.
Үүнээс гадна долларын ханшийг өмнө нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж нэмсэн байдаг. Үүний учрыг тайлбарлахдаа Б.Чойжилсүрэн сайд “Анхааралтай ажиглаж байна” гэж хэлж, олны шүүмжлэлд өртөж байсан билээ. Үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тохиолдолд тухайн байгууллагын нэг жилийн орлогынх нь зургаан хувиар торгоно гэх хуулийн заалт байдаг ч үйлчилдэггүй нь харамсалтай.
Ашиг харж байгаа арилжааны банк, хэдэн ченжүүдийг буруутгах аргагүй. Ерөөсөө л Монголчууд бидний байгаа байдал, тогтсон чанар нь энэ. Монголын төр засаг, аж байдал, амьдралын байгаа царай. Угаас Монголын төр засаг болоод банк санхүүгийн системд хувь хүний зан чанар, хувь улстөрчийн шударга байдалд найдаж, горьдох хэрэггүйг харуулж буй нэгэн том жишээ шүү. Дахин хэлэхэд Монгол хувь хүний үндсэн натурт найдалтгүй гэсэн үг.
Тиймээс аливаа нөхцөл байдлыг урьдчилан харах зөв бодлого явуулах хууль эрхзүйн орчинд л итгэж найдах хэрэгтэй байгаа юм. Хуулиа зөв гаргаж байж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж валютын ханш болон банк санхүүгийн эрүүл орчныг бүрдүүлнэ. Арилжааны нөхөд нэг сиймхий гарангуут ханш өсгөж, эсвэл иргэдээс илүү татвар суутгаж ашиг олдог, иргэд хохироод үлддэг. Хохироогчид ямар ч хариуцлага үүрдэггүй. Энэ нь эх орны хөгжлийг бүх цаг үед хойш нь чангааж байдаг улстөрийн тогтворгүй байдалтай холбоотой болж таарч байгаа юм. Ханшийн өсөлтөд огцом нөлөөлсөн Засаг огцруулах жүжиг Монголчуудыг үнэхээр туйлдуулж, тэвчээрийг нь барж байна.