Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Эх сурвалж”

Айн Рэндийн “Эх сурвалж” номыг унших үүрэг өөртөө өгсөн ч барьж авахаас цэрвэж хэсэг явлаа. Зузаан боть шиг л харагдсан хэрэг. Бас философидоод эхлэх вий ч гэж битүүхэндээ эмээсэн. Уншиж эхлээд салж чадахгүй дуусгаж билээ. Адал явдалтай, хурц дүрслэлтэй, сэтгэгдэл төрүүлсэн зохиол. Гол баатар нь Роарк хэмээх золигийн архитектор.

Ховард Роарк Стантоны Технологийн дээд сургуулийн архитектурын факультетаас хөөгдсөнөөр зохиол эхэлдэг. Төгсөлтийн баярынхаа өмнөхөн сургуулиас хөөгдөх нь гамшиг гэлтэй. Гэхдээ л мань Роарк түүний авьяасыг харгалзан үзээд, сүүлчийн боломж олгохыг хичээсэн деканаасаа уучлал эрэхийн оронд “Би энэ сургуульд дахиж ирэхгүй. Энд надад сураад байх юм алга” гэж монцойсныг яана. Тэр тухайн үед мода болоод байсан сэргэн мандалтын үеийн уран барилгыг хуулбарлахын оронд шинэ маягийн барилга барихыг хүсч байлаа.
Харин түүнтэй нэг анги гялалзсан Питер Кийтинг Роаркаас огт өөр нэгэн. Гоёмсог төрхтэй энэ залуу олонход таалагддаг хэв маягийн хүн. Роаркаас ялгаатай нь бусад хүн юу гэж бодож байгаа нь түүнд хамгаас чухал байдаг. Тэр алдартай архитекторын товчоонд уригдаж, ажлын гараагаа эхэлнэ. Гялалзсан амжилттай яваа түүнд сургуулиасаа хөөгдсөн заяа муутай Роаркаас тусламж гуйх үе нэг бус тохиолдоно. Шимэгчид хуулбарлаж, амжилтанд хүрдэг нийтлэг жишиг.
“Энэ роман бол либертари маягийн амьдралын хэв маягийг харуулсан зохиол. Ийм маягаар амьдрах нэр төртэй ч хэцүү” гэж номын орчуулагч философич Б.Батчулуун оршил хэсэгт тодорхойлсон байна лээ. Өөрийнхөө амьдралын бүх л үүрэг хариуцлагыг өөрөө л үүрнэ, бусдад үүрүүлэхгүй гэдэг нь хувь хүнийг дээдлэх үзэлтэн Роарк мэтийн индивидуалистуудын зарчим. Ямар ч хүн өглөг өгсөн хүнээс аль эсвэл төрөөс хараат болдог учраас тэр л дээ.
Хэтэрхий гэхээр хэсгүүд ч таарна. Идэх хоолгүй шахам болчихоод байсан Роарк өөрт нь туслах гэсэн саятан найздаа “Нөхөрлөлөө хадгалъя гэж бодвол дахиж ийм зүйл битгий хэлээрэй” гэхийг нь яана.
Захиалагч гэдэг аль ч мэргэжлийн хүнд үг сөрөхөд хэцүүхэн этгээд. Харин Роарк “Мөнгөө төлөөд, хөгжмөө захиалах” гэсэн улсуудаас шууд л татгалзаж орхидог. Зураг төслөө өөрийнхөөрөө үлдээх боломжгүйгээ мэдээд Кортландын барилгаа дэлбэлж шүүхийн өмнө зогсов. Шүүх дээр хэлсэн үгэнд нь л Айн Рэндийн үзэл санаа нэвт ханхална.
“Бүтээгчийн үндсэн хэрэгцээ бол бусдаас хамааралгүй байх. Шалтгаант ухаан бодол ямар ч дарамт шахалтан дор ажиллаж чадахгүй. Бусдын төлөө амьдрах гэж оролддог хүмүүс бусдаас хамааралтай байдаг. Хамт олны, нийтийн сайн сайхан, үндэстний эрх ашиг гэдэг бол хүн ардыг дарлаж байсан харгислал бүрийн зөвтгөсөн нэр. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар болгоныг нигүүлсэнгүй, буян гэдэг нэрийн дор хийж ирсэн. Нийтийн сайн сайхны төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэх тухай асуудаггүй байсан. Хүнийг бусдын төлөө золиосолж болно гэж хүлээн зөвшөөрсөн…” гээд л хүний нийгмийн түүхийг хүүрнэн өгүүлэх нь тэр.
Ийм этгээд тартагтаа тулахгүй хаачих билээ. Манай баатар бүр ил уурхайд очиж хар ажил хийдэг. Энд тэр алдартай архитекторийн товчооны эзний охин Доминиктой танилцана. Өөрийн бодолтой, ухаалаг, бие даасан эмэгтэйн бие сэтгэлийг өнөө муу хар ажилчин эзэмдэнэ. Роарк азгүй амьтан биш байлаа. Ямар ч байсан түүнд захиалга өгч, өөрийнхөөрөө бүтээн босгох боломж олгосон захиалагчид гарч ирдэг. Эцэст нь тэр мөрөөдлийнхөө тэнгэр баганадсан барилгыг барьж чадна.
Тэнд зөвхөн тэнгис, тэнгэр, Роарк гурав л байна…
“Эх сурвалж”-ийг уншиж дуусгаад, энэ роман яагаад амжилтанд хүрснийг ойлгосон. Хүн амьдралын шуурганд элэгдэж, мохдог. Талхны мөнгөний төлөө өөрөөсөө урвах ч энүүхэнд. Харин Роарк хүмүүст өөрийнхөөрөө амьдрах урам зориг өгдөг. Хэцүү ч гэсэн өөртөө үнэнч үлдэх зам байдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *