Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар НЭМГ-аас дараах зөвлөмжийг гаргажээ.
Иймээс хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулах, хянах нь чухал нөлөөтэй юм. Тухайлбал, тогтсон дэглэмийн дагуу өдөрт гурван удаа хооллох нь шүд цоорох өвчнөөс хоолоор сэргийлэх алхам болдог байна.
Үүнд:
- Шүд цоорох өвчинд өртөх эрсдэл үүсгэх байдлаараа тэнцвэржсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх /жимс, ногоо, буудай г.м/
- Шүд цоорох өвчинд өртөх эрсдлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг цоорол үүсгэдэггүй бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх
- Сахар агуулсан амттаныг үндсэн хоолноос гадна хоол хоорондын зайд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын зайд амттан хэрэглэх давтамжийг бууруулах
- Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх
- Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх
- Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах
- Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,
- Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог.
Монголчууд бид цагаан идээгээ хэрэглэснээр шүд танан цагаан өнгөтэй, элдэв өвчлөлгүй, хатуу бат бэх байдаг гэдгийг мэддэг боловч хангалттай хэмжээнд хэрэглэдэггүй. Иймээс ээж нартаа зориулан цагаан идээгээр хүүхэддээ хэрхэн хоол бэлтгэж өгөх талаар зөвлөж байна.
Бяслагтай хуурга
Мах- 180 гр
Бяслаг- 25 гр
Төмс- 200 гр
Шар лууван- 15 гр
Бөөрөнхий сонгино- 20 гр
Ногоон сонгино- 6 гр
Гурил- 5 гр
Тос- 15 гр
Шөл- 50 гр
Хоолны гарц- 250 гр
Бэлдэх заавар:
Төмсийг хавтгай дөрвөлжин хэрчиж шарна. Лууван, сонгиныг хярж тосонд хуурч дээр нь чанаад нимгэн хавтгай хэрчсэн мах нэмж хуурна. Дараа нь шөлөөр зутагнасан гурил, амт оруулагч /давс/ зэргийг нэмж 3-4 минут битүү жигнэж болгоно. Бяслагийг хавтгай дөрвөлжин хэрчээд бэлэн болсон хуурганд хийж болгоно.