Categories
мэдээ нийгэм

Хүүхэлдэйн баатрууд сурагчдыг зам гарахад туслав

Хүүхэлдэйн баатрууд сурагчдыг зам гарахад туслав

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн боловсролын газар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Албан журмын даатгагчдын холбоо, Хүүхэлдэйн театр хамтран сурагчдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан арга хэмжээ зохион байгууллаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, Баянзүрх дүүргийн 97-р сургууль, Хужирбулангийн 120-р сургуулийн сурагчдад Хүүхэлдэйн театрын хамт олон жүжигчилсэн тоглолт зохион байгуулж, үлгэрийн баатрууд сурагчдыг зам гарахад тусалсан байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байх, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын бүх шатны ажилчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Ийнхүү үлгэрийн баатрууд эцэг эхчүүд, багш, жолооч нарт хандан тээврийн хэрэгслээр хүүхдийг яаж аюулгүй тээвэрлэх, толгой гар гаргахгүй байх, явганаар гарахдаа чихэвчний хөгжим, гар утсаар оролдохгүй байх, сургуулийн орчинд хөөцөлдөн тоглохгүй байхыг уриалжээ.

Судалгаагаар дэлхий дээр жилд 186,300 хүүхэд, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас нас бардаг харамсалтай баримт байна. Харин манай улсад хүн амын нас баралтын гуравдугаарт, өвчлөлийн шалтгааны тавдугаарт осол гэмтэл орж байна. 2013 онд осол гэмтлийн тохиолдол 10,000 хүн амд 468.4 байсан бол 2014 онд 567.1 болж өссөн, зам тээврийн осол гэмтэл 2014 онд 13,567 тохиолдол бүртгэгдсэнээс 3637 нь хүүхэд байсан. 859 буюу 23,6 хувь нь 0-5 нас, 1889 буюу 51,9 хувь нь 6-14 нас, 889 тохиолдол буюу 24,5хувь нь 15-18 насны хүүхдүүд буюу сургуулийн насны хүүхдүүд осол гэмтэлд их өртжээ.

Замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл 65,7 хувь нь явган зорчигч, 31,8 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч 2,5 хувь нь дугуйгаар зорчиж явах үедээ бэртэж гэмтэж амь нас нь хохирчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *