Categories
мэдээ цаг-үе

Г.Доржзодов: Нотлох баримтыг хүлээлгэн өгөхөд байцаагч надаас “Энэ яг эх файл нь мөн биз” гэж олон удаа асуусан

Жаран тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовтой ярилцлаа.


-Жаран тэрбумтай холбоотой асуудал яг юу болж байна. одоогийн нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нд жаран тэрбумын асуудлаар улстөрийн намуудаас ирүүлсэн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газар дээр хавтаст хэрэг үүсгэн шалгаж байсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Нийслэлийн Прокурорын газарт гаргасан байдаг. Нийслэлийн прокурорын газрын хавтаст хэргийг шалгаад өнгөрсөн оны наймдугаар сарын 2-ны өдрийн 208 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэхдээ уг асуудлаар хавтаст хэрэгт авагдсан Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын өгсөн анхны мэдүүлгүүд өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй гэж боддог. Харин өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан гомдлыг үндэслэн бараг жилийн дараа буюу энэ оны долдугаар сарын 25-нд Улсын Ерөнхий прокурорын газар дээрх хэргийг татан авч хянаж үзсэн. Эрүү үүсгэхээс татгалзсан Нийслэлийн прокурорын газрын 208 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Тэр даруй Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4.5-д зааснаар хэрэг бүртгэлт нээж шалгахаар шийдвэрлэсэн.

-Өнгөрсөн сард гэрчийн мэдүүлэг өгсөн үү?

Нийслэлийн прокурорын газраас гэрчийн мэдүүлэг өгөх зарлан дуудах бичиг ирсэн даруйд энэ ажлын хэсэгт гэрчийн мэдүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 8, 17, 24-нд тус тус өгсөн байгаа. Эхний мэдүүлгээр жаран тэрбумын уулзалтын нотлох баримт болох 162 минутын болон 40 минутын .m4a өргөтгөлтэй аудио эх бичлэг, 160 гаруй слайд бүхий презентшн, уулзалтын долоон фото зураг, төрийн албыг үнэлсэн тооцоолуур бүхий эксель файл зэргийг хүлээлгэж өгсөн. Харин өнгөрсөн наймдугаар сарын 17-ны гэрчийн мэдүүлэг өгөхөөр очихдоо 162 болон 40 минутын бичлэгийг үйлдсэн iPhone 5 смарт утас болон iPad mini 2 таблет, эдгээр аудио бичлэгийг текст болгон шивж хэвлэсэн 30 хуудас материалуудыг нотлох баримтаар хүлээлгэж өгсөн юм.

-Гэрчийн мэдүүлэгтэй зэрэгцээд А.ганбаатар хэвлэлийн бага хурал хийж байсан санагдана.

-Гэтэл яг гэрчийн мэдүүлэг өгч байхтай зэрэгцээд А.Ганбаатар Хэвлэлийн бага хурал хийж гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг нийгэмд ичгүүргүйгээр цацсан. МАН-ын Удирдах зөвлөлийн дотроо хагаралтай хуралдаан болсон өдрийн маргааш хийсэн А.Ганбаатарын хэвлэлийн бага хурал нь мэдээж сонирхолтой байсан л даа.

Магадгүй А.Ганбаатар Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу хэвлэлийн хурлыг хийсэн ч байж болно. Нэгдүгээрт, А.Ганбаатар ямар ч логикгүй худал ярьж эхэлсэн. Хоёрдугаарт, харьцуулах дуу хоолойны бичлэгтэй болсон. Гуравдугаарт, 162 болон 40 минутын бичлэгт хоолойгоо засдаг ханиалгадаг зуршлаа олон нийтэд ил харуулсан. Дөрөвдүгээрт, хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг буюу УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг уулзалтад байсан гэж гүтгэсэн. Тавд, М.Энхболд, Ц.Сандуй нарыг уулзалтад огт байгаагүй гэж мэдэгдсэн. Ийнхүү шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 24-нд дахин гэрчийн нэмэлт мэдүүлэг өгсөн л дөө. А.Ганбаатар худал мэдээлэл тарааж байгааг ч Д.Амарбаясгалан хүртэл үгүйсгэсэн шүү дээ.

Нотлох баримтыг хүлээлгэн өгөх үед байцаагч надаас энэ яг эх файл нь мөн биз гэж олон удаа нягталж асууж байсан. Би хууль хяналтын байгууллагад шинжлүүлж байгаа гэж ойлгож итгэж байгаа учраас 162 болон 40 минутын бичлэгийн эх хувийг өгсөн. Мэдээж цахим хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэй байрлуулж дурын хүн сонсох, өөр хоорондоо хуваалцах, текстийг нь унших, хэвлэж авах бүх л боломжийг би www.dorjzodov.org гээд өөрийн сайт дээрээ байрлуулсан. Цахим файл учраас хувилж, олшруулж тараахад анхны шинж чанараа огт алддаггүй онцлогтой шүү дээ.

-Сүүлийн үед жаран тэрбумын бичлэг хэдэн минут байсан бэ гэдэг нь тодорхой бус болсон юм шиг. Үүнийг та тайлбарлахгүй юу?

-Хүмүүс асуух байх. Эхлээд хоёр минутын бичлэг байснаа одоо 90 минут, 162 минут, 40 минут гээд учрыг нь олох гэж гайхаж байгаа болов уу. 2014 оны есдүгээр сарын 8-нд болсон уулзалт 90 минут үргэлжилсэн. Энэ уулзалтын өмнөх хоосон 72 минут байсан юм. Өөрөөр хэлбэл, 72+90=162 минут гэж ойлговол хялбар болно. Харин 90 минутын хэсгээс нь салгаж авсан хоёр минут нь 2016 оны зургадугаар сарын 17-19-нд олон нийтэд түгээгдсэн. Харин хэн тэр хоёр минутыг дүрсжүүлж цацсаныг та бүхэн мэдэх байх. Сүүлд гарч ирсэн гэх 40 минутын бичлэг нь 2014 оны наймдугаар сарын 28-ны шөнө А.Ганбаатар, Ц.Сандуйтай хамт хэрхэн төрийн албыг үнэлэх, яаж мөнгийг татан төвлөрүүлэх арга, аргачлалыг боловсруулж байх үеийн бичлэг юм.

Бүр анх Шинэ Монгол хаад групп ХХК-д Стратеги хариуцсан захирлаар ажиллаач гэж А.Ганбаатар намайг урьсан. Захирлуудын зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 1-ний өдрийн хурлын шийдвэрээр 2014 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж үүрэгт ажлаа хүлээн авах байсан юм. Гэтэл ажлаа автлаа МАН-ын стратегийн ажилд туслахаар дайчлагдсан юм. Харин дараа нь А.Ганбаатар 2017 оны зургадугаар сарын 9-нд интернетэд хуурамч нотлох баримт тарааж намайг улстөрийн намуудад бичлэгээ санал болгон өндөр үнээр үнэлж явсан мэтээр худал мэдээлэл цацаад яваад байна лээ (инээв). Түүний ийм будлиантай үйлдлийн ард өнөө л М.Энхболд, Ц.Сандуй нар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ямар сайндаа Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж М.Энхболд даргынхаа нэр төрийг цэвэрлэхгүй бол миний МАН-д карьер хийсэн хайран цаг хугацаа гээд л байдаг байсан. Олон янзаар намайг заналхийлж, дарамталж үзсэн дээ. Намайг 2016 оны есдүгээр сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст баривчлуулж эрүү үүсгэж шалгуулж байсан. Сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газраар баривчлуулж зохиомол эрүүгийн хэрэг тулгаж шалгуулж байв.

Энэ хүний гаргасан гомдол, мэдүүлэг, хэвлэлийн бага хурал эхнээсээ аваад бүгд худал шүү дээ. Би бүгдийг олон нийтэд эмх цэгцтэй, баримттай, логиктой тайлбарлаж хүргэж байгаа болохоор хүмүүс надад итгэдэг. Ц.Сандуй, А.Ганбаатар нар намайг 60 тэрбумын төлөвлөгөөг өөрсдөд нь зарсан мэтээр сүүлийн үед их ярих болсон. Энэ нь хол явахгүй арга л даа. Бүхэл бүтэн 40 минут санхүүжилтийн схем боловсруулан инээж хөхөрч байгаа яриаг яаж үгүйсгэх юм бэ. Дээр нь тухайн үед 2014 онд над руу ирүүлж байсан олон мэйлүүд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэлж ярьж байгааг үгүйсгэх хангалттай нотлох баримт бий.

Бүхэл бүтэн улстөрийн нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр миний эсрэг юу эсийг хийв ээ. Маш их мөнгийг гол мэт урсгаж, миний тухай худал мэдээллийг ой гуттал тарааж, хамгийн чадварлаг пиарчдыг хөлсөлж, хамгийн чадварлаг хакерчдаар миний интернэт сүлжээ рүү дайрч, хамгийн мундаг жүжигчдээр элдэв хорон нэвтрүүлэг, жүжиглэлийг цацаж, гурван ч удаа намайг худалдаж авах гэж оролдсон. Намайг олон хоног мөрдөж мөшгөсөн цагдаа, хууль сахиулах байгууллагууд МАН-ын Сонгуулийн төв штабаас энэ оны зургадугаар сарын 14-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу миний байсан газрыг шөнө дөлөөр ямар ч тушаал, тогтоол, шийдвэргүйгээр бүсэлж, “С1” телевиз, “Өдрийн сонин”-оос бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг миний эсрэг худалдан авахыг бүгд үзсэн, харсан шүү дээ. Энэ бүхний цаана МАН-ын өнөөгийн удирдлагуудад төрийн эрхийг хууль бусаар авах атгаг санаархал байгааг манай хуулийн байгууллагууд, тэр дундаа Тагнуулын ерөнхий газар нэн даруй шалгах ёстой гэж боддог.

-Жаран тэрбумтай холбоотой хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудалтай холбогдож НИТХ-ын дарга Сандуй ажлаасаа огцрох өргөдлөө өгсөн. Үүн дээр таны байр суурь?

-Саяхан арга буюу Ц.Сандуй ажлаа өгөх тухай өргөдлөө МАН УЗ-д өгсөн гэж сонссон. Аргагүй шүү дээ. Ямар нүүрээрээ цааш нь ажлаа үргэлжлүүлж хийх юм. 2016 оны долдугаар сарын 6-нд Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандаж яаж ичихгүй худлаа ярихыг бүгд харсан. Улстөрийн ёс зүй гэдэг зүйл энэ хүнээс ханхлах ч үгүй байгааг одоо ч харж болно. Ц.Сандуй “Би хариуцлагаа хүлээгээд ажлаа өгч жаран тэрбумын асуудлыг шалгуулна. Үнэн мөнийг тогтоолгоно” гэсэн байна лээ. Түүнд ямар юмных нь үнэн мөн байх вэ дээ. Мэдээж хууль хяналтын байгууллагуудад шигтгэсэн савраараа дахин дахин намайг зохиомлоор эрүүдүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байгаа хүн шиг л ярьж байна билээ. Хэргийн нотлох баримтыг үнэгүйдүүлж, хуулийн цоорхой болсон хэдхэн үгэн дээр тоглож нотлох баримтыг үгүйсгэснийгээ цагаадсан гэх гээгүй юм байгаа биз дээ. Аягүй бол Ц.Сандуй би цагаадчихлаа гээд ахин хор найруулж НИТХ-ын даргын ажлаа эргүүлж авна гэж мэдэх л хэмжээний сэтгэхүйтэй харагддаг. МАН Удирдах зөвлөлийн хурал дээрээ болсон явдлыг хүлээн зөвшөөрсөн атлаа Ц.Нямдоржийн хэлснийг өлгөж аваад л “Би ажлаа өгье гэж эртнээс хэлсэн” гэж нэг хэсэг пиардлаа шүү дээ. Эрх мэдлийн төлөө Ц.Сандуй ичиж үхдэггүй, нүүрний арьс нь улайж хорсдоггүй ширэн болчихжээ.

-Прокурорын байгууллагын албан ёсны сайт дээр жаран тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг гэсэн байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа Улсын Ерөнхий прокурорын газрын албан вэб сайтад ярилцлага тавьсан байна лээ. Өнгөц харахад хэвлэлд өгсөн юм шиг. Гэхдээ албан сайтад анхдагч эх сурвалж болгосныг харахаар их сонин. Ж.Ариунаа албан сайт дээр хэлэхдээ: “…2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон…” гэсэн байна лээ. Хэн ч уншсан уг уулзалт болсон нь үнэн юм байна, уулзалтад Ц.Сандуй, А.Ганбаатар, (М.Энхболд) нар байсан нь үнэн юм байна. 2016 оны хоёр шатны сонгуулийн төлөвлөлт хийсэн нь үнэн юм байна гэдгийг шууд л ойлгоно. Тэр ч бүү хэл 160 слайд дээр дурайтал харагддаг сонгуулийн штаб, түүний бүтэц дэх төрийн байгууллагууд, албан тушаал үнэлэх, мөнгө угаах маягаар босгох төлөвлөгөө, бохир технологи, хууль бус ажиллагааны хэлбэрүүд нь үнэн байжээ гэдгийг ойлгоно. Бичлэгийг сонсвол М.Энхболд өмнөх сонгуулиудад намын байрны гадна хүмүүс ирж цүнхтэй мөнгө өгч оруулдаг байсан гэж ярьдаг. Ц.Сандуй ч үүнийг нотолдог.

-162 болон 40 минутын бичлэгүүдийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн “шаардлага хангаагүй” гэж үзсэн байна лээ?

-162 болон 40 минутын бичлэгүүдийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн “шаардлага хангаагүй” гэж үзсэн гэсэн. 2016 онд АН интернэтээс хуулж DVD диск дээр бичсэн нотлох баримт, МАХН интернэтээс татаж хооронд нь залгаж нийлүүлэн нэг файл болгоод DVD диск дээр бичсэн нотлох баримтуудыг Шүүх шинжилгээний хүрээлэн гурван удаа шинжлээд гурван янзын дүгнэлт гаргасан. Нотлох баримтад тооцсон. Гэтэл өнөөдөр интернэтээс биш харин шууд iPhone смарт утас, iPad таблэтээс шууд кабелиар дамжуулж компьютерт шилжүүлж нотлох баримт өгдөг журмын дагуу DVD диск дээр бичиж өгсөн. Аудио бичлэгийг бичсэн төхөөрөмжүүдтэй нь хамт өгч байхад нотлох баримтад тооцсонгүй. Шаардлага хангаагүй гэж байна. Энэ бол хожим маш ноцтой асуудал болно гэдгийг бүгд гадарлана байх аа. Интернэтээс татаж өгвөл шаардлага хангах юм болов уу даа (инээв). Тэгээд ч өнгөрсөн жилийн хоёр минут бичлэг 162 минутын эх файлаасаа дорд үзэгдэх юу болчихсон юм бол гэж боддог. Яахав энэ нотлох баримт хэзээ ч устахгүйгээр олон нийтэд хүрч байгаа болохоор 60 тэрбумын асуудал хэзээ ч сэдэрч болно. Асуудал гол нь энэ нэрэндээ байгаа юм биш. Төрийн эрхийг хууль бусаар авахаар бэлдэж байсан, уулзсан нь тогтоогдсон гэж прокурор Ж.Ариунаа албан ёсоор үзсэн.

Миний олж мэдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын Сонгуулийн төв штабын зүгээс Улаанбаатарт байгаа дуу бичлэгийн томоохон студиудыг 90 минутын бичлэгийг эвлүүлэг гэж хуурамчаар нотлохыг “хүссэн” байсан. Олон студи бичлэгийг сонсож үзээд худал дүгнэлт гаргаж нэр төрөө гутаагаад яах вэ гээд тийм “хүсэлт”-ээс нь татгалзсан байна лээ. Харин н.Ариунболд гэх нөхөр аргагүй байдалд орсон уу, яасан 90 минутын турш үг бүрээр нь залгаж, нийлүүлсэн бичлэг байна гэж дүгнэснийг нь мэргэжил нэгт нөхдүүд нь ихэд хилэгнэсэн л дээ. Прокурорын ярилцлага дээр дурдагдсан хөндлөнгийн шинжээч гэдэг нь явж явж тэр н.Ариунболд байх л гэж бодож байна.

-Хууль хяналтын байгууллага зарим нотлох баримтыг устгасан гэх мэдээлэл байна. Хэрэг яг ямар шатанд хэрхэн явагдаж байна вэ?

-Энэ асуудал арай өөр хэрэгтэй холбоотой. А.Ганбаатарын худал гомдолд үндэслэн энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд намайг “Cafe Bene”-гээс баривчилж Эрүүгийн хуулийн 133.1 буюу гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий байгууллагын ажилтнууд гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих үед хүлээлгэдэг зүйл ангиар надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би уг нь гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий ямар ч байгууллагад ажиллаж байгаагүй хүн л дээ. Тагнуулын Ерөнхий газраас гаргаж өгсөн лавлагаа ч бий. Гэтэл А.Ганбаатар намайг дээрэмдэж авсан миний fm радиотой mp3 хөгжмийг худал өргөдөлдөө хавсаргаад Тагнуулын Ерөнхий газарт өгсөн байна лээ. Тэр хөгжим ахуйн өргөн хэрэглээний хүүхдүүдийн сонсдог хөгжим. Түүнийг зориуд тагнуулын төхөөрөмж гэж шинжилгээний дүгнэлт гаргаад хавтаст хэрэгт авчихсан. Нийслэлийн прокурорын газар энэ оны өнгөрсөн долдугаар сарын 26-нд уг хавтаст хэргийг хаахдаа уг хөгжмийг эзэнд нь буцааж өг гэсэн байдаг. Гэтэл Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч Нийслэлийн прокурорын газрын тогтоолыг зөрчиж эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй хэмээн гомдол гаргасан сурагтай. Тэр хөгжим дээр энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр А.Ганбаатар намайг өөрийнхөө өрөөнд дуудан авчирч хэрхэн миний амь насанд заналхийлж, миний хувь нууцтай холбоотой мэдээллийг хууль тогтоомж зөрчин цуглуулж, яаж тагнаж мөшгөсөн тухайгаа надад ярьж байгаа бичлэг байдаг юм. Бараг 50 гаруй минутын нотлох баримт.Тэгэхлээр энэ нотлох баримт эсвэл устсан, эсвэл хасаж засварлан өөрчилсөн эсэхийг би одоо болтол сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан мөрдөн байцаагч тэр нотлох баримт агуулж байгаа хөгжмийг прокурорын тогтоолоор надад эргүүлэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч өгөхгүй гэж гомдол гаргасан байгааг л мэдэж байна. Энэ тухай шалгуулахаар би Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж хүсэлт гаргасан байгаа.

Уг нь тэр хэргийг шалгах явцад худал өргөдөл гаргасан А.Ганбаатарыг шалгаж өгөөч гэсэн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн миний гомдлын дагуу арга хэмжээ аваагүй. А.Ганбаатарыг манай гэрийн гадна намайг отож байгаад уулзаж дарамталж байгааг бичсэн зургаан камерын байршлуудыг би дөрөвдүгээр сарын 20-нд мөрдөн байцаагчид өгсөн боловч ямар ч арга хэмжээ аваагүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл миний гаргасан гомдлын хариуг ч өгөөгүй. Энэ тухай миний өмгөөлөгч хаагдсан хавтаст хэрэгтэй танилцаж мэдсэн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *