Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Нийслэлийн Иргэний танхим, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ)-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах юм байна. Тус өдөрлөгөөр IT чиглэлээр ажлын байрны сонгон шалгаруулалт явагдах талаар Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг “КОЙКА”-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг. Төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоо бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгос руу явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг ажээ.
Энэхүү төслийн хүрээнд мөн энэ сарын 7-нд Өмнөд Солонгосын IT-ийн томоохон компаниудын төлөөлөл “WHOIS Holdings Co”, “Ипал” зэрэг компаниудын захирлууд манай улсын залуучуудад зориулан дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлага болон Солонгосын мэдээллийн технологийн салбарын компаниуд хэрхэн олон улсад амжилтад хүрсэн талаар илтгэл тавих юм байна.
Сонгон шалгаруулалтад хэн ч оролцож болох бөгөөд https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ хаягаар анкетаа бүртгүүлж, 70122999, 89017101 лавлаж болно. Харин сонгон шалгаруулалтад оролцох залуучууд дээрх хаягаар анкетаа өгөх юм байна. Үүний дараа цахим анкетаар шалгарсан залуучууд анхан шатны ярилцлга болон гүнзгий шатны ярилцлагад орох эрхтэй болох аж. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг гурван сарын хугацаатайгаар Солонгосын IT-ийн компанид дадлагажих ажилтнаар явуулж, өрсөлдөх чадвартай залуучууд болгож бэлтгэх юм байна.
Энэ талаар “Эм Кэй Ай Ти” /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна.
Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсэж байна” гэв.