Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон гэсэн мэдээллийг өнөө өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна. Аймгийн төвөөс Алтай таван богд хүртэл 220 орчим км юм байна.
Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад “Израйл улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан бөгөөд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна” гэлээ.
Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.