Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор хамрагдсан. Тэр үед УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газрын зүгээс ОУВС-тай зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст уг хөтөлбөрт хамрагдахаар болж байсныг иргэд санаж буй биз ээ.

Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд Төсвийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, ОУВС-гаас тавьсан урьдач нөхцөлүүдийг биелүүлсэн байдаг. Хөтөлбөр батлагдсаны маргааш эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирсэн билээ. Улмаар өнгөрсөн сард ОУВС-гийн шинжээчдийн баг хөтөлбөрийн эхний улирлын хэрэгжилт, бодлогын арга хэмжээний үр дүн, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийгээд буцсан билээ.

Манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх асуудал энэ сарын 25-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэхээр товлогдоод байсан аж. Гэвч энэ сарын 7-ны өдөр Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. ОУВС-гийн зүгээс хэлэлцээр явуулсан Засгийн газар нь огцорсон тул хөтөлбөрийн хэрэгжилтэд шинэ танхим ямар байр сууринаас хандах нь тодорхойгүй нөхцөлд санхүүжилтийг шууд хийхээс болгоомжилсон бололтой. Өөрөөр хэлбэл, огцорсон Засгийн газар шууд байдлаар санхүүжилт хийгдэх 3.5 тэрбум ам.доллараас ердөө 138.6 сая ам.доллар оруулж ирснээр ажлаа өгөхөөр болж байгаа нь энэ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *