Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Зөвхөн улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгасанд гомдож байна

Өндөр настан Э.Найдан

“Улстөрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Мөн Чойбалсангийн 1937-1939 оны аймшигт хядлага эхэлсний 80 жил тохиож байна.Коммунизмын хар машинд тээрэмдүүлсэн улстөрийн хэлмэгдэгсдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэднийхээ алтан амь, зовлонг гашуудан дурсах, ийм хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхын тулд, энэ өдрийг бид жил бүр тэмдэглэдэг билээ. Энэ чухал өдрийг зөвхөн нийслэлд л хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх төдийхнөөр чимээгүйхэн оромдож байна. Гэтэл хэлмэгдэгчдийн асуудлыг удирдан зохион байгуулах Улсын комисс гэгч ланжгар газар огт чимээгүй. Энэ комисс ажил хиймээр юм. Цагаатгал, хохирол барагдуулалт хоёрыг нэг зоосны хоёр тал гэдэг. Дэлхий дээр ганцхан Монгол Улс л улстөрийн хэлмэгдэгчдийг цагаатгасанд гомдож байна. Цагаатгаад хохирлыг нь барагдуулахгүй орхих нь бүрэн цагаатгал огт биш. Энэ бол хууралт, оромдолт л юм. Гэтэл нөгөө Цагаатгалын улсын комисс мөн л таг чиг. Эцгийг нь цаазалж, бэлэвсрэн үлдсэн эхнэр, өнчрөн хоцорсон хүүхдийнх нь бүх хөрөнгийг цөлмөн хурааж, тэднийг юу ч үгүй хоосон гуйлгачид болгосны улмаас, хэлмэгдэгчдийн ар гэрийнхний 87 хувь нь хамгийн ядуу зүдүү амьдарч өдийг хүрэв. Тэдний зарим нь айлаар, байшингийн хонгилоор, нойлын өрөөгөөр амьдарч байхад, тэднийг ийм болгосон Монголын төр дэлхий дээр ганцаархнаа хохирлыг нь одоо хэр барагдуулж өгөхгүй байна. 1930-аад онд төрд эцгээ буудуулсан манай 30000-аад хүний хүүхдээс одоо 80, 90 гаруй настай 300-гаадхан хүн л амьд байгаа аж. Тэд үхэхээсээ өмнө хохирлоо барагдуулуулж, байртай болж, 1-2 жил ч гэсэн хүн шиг амьдрахыг хүсч байгаа юм. Энэ бол хорвоогоос явахын өмнө төр засагтаа тэдний тавьж байгаа сүүлчийнх нь хүсэлт аж. Орос , Хятад, Герман улсууд бол бүр 1990-ээд онд улстөрийн хэлмэгдэгчдийнхээ хохирлыг барагдуулжээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *